Туркийг Шенгений бүсэд элсүүлэхгүй бол Европын холбоотой байгуулсан дүрвэгсдийг буцаан авах гэрээнд хориг тавихаа Анкара мэдэгдлээ. Истамбул хотноо болж буй НҮБ-ын хүмүүнлэгийн анхдугаар чуулганы үеэр Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган энэ тухай мэдэгдсэн байна.
Туркийн иргэдийг визгүй зорчуулах нь Европын холбоотой өнгөрсөн гуравдугаар сард дүрвэгсдийн асуудлаар байгуулсан гэрээний Анкарагийн гол шаардлага байсан аж. Харин Европын холбооноос визгүй зорчих эрхийг олгохын өмнө Туркийг терроризмын эсрэг хуулиа өөрчлөхийг шаарджээ. Турк нь терроризмын эсрэг хуулиа ашиглан сэтгүүлчдийг заналхийлж, тэрс үзэлтнүүдийг дарангуйлж байна хэмээн Европын холбоо, хүний эрхийн байгууллагууд шүүмжилдэг аж.
Турк нь ирэх зургадугаар сарын эцэс гэхэд Шенгений бүсэд элсэхийн тулд Европын холбооноос тавьсан 72 болзлыг хангах ёстой болжээ. Гэвч Германы канцлер Ангела Меркель Даваа гаригт /2016.05.24/ Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдогантай уулзах үеэр Европын холбооноос тавьсан болзлыг хангахад хангалттай хугацаа үлдээгүй гэдгийг хэлжээ.
Дүрвэгсдийг буцаан авах гэрээний хүрээнд Европын холбоо нь Турк улсад зургаан тэрбум еврогийн санхүүжилт олгох санал тавьсан юм. Энэ гэрээний дагуу өнгөрсөн гуравдугаар сарын 20-оос хойш орогнол авч чадаагүй иргэдийг Грекээс Турк руу буцааж эхэлжээ.
Эх сурвалж: ВВС
Б.АНХТУЯА