Уулын спортын ууган мастер Ядамын Жанцангийн нэрэмжит Спорт авиралтын улсын аварга шалгаруулах тэмцээн Олон улсын хүүхдийн Найрамдал төвд 2016 оны тавдугаар сарын 21-22 өдрүүдэд хурд, техник, боулдеринг төрлүүдээр амжилттай болж өнгөрлөө.
Тэмцээнд 15 багийн 114 тамирчид оролцсон юм. Тэмцээний хамтран зохион байгуулагчаар Эрүүл мэнд, спортын яамны харъяа Биеийн тамир, спортын хөгжлийн төв, Олон улсын хүүхдийн Найрамдал төв, ерөнхий ивээн тэтгэгч: Сутайн Бор уулын спортын клуб тус тус ажиллаа.
Спорт авиралт буюу хиймэл хананд авирах төрөл нь уулын спортын нэг төрөл болон хөгжөөд 30-аад жил болжээ. Орчин үеийн спорт авиралтын төрөл 1985 онд Италийн Торино хот орчимд үүссэн гэж үздэг бөгөөд өнөөдрийн байдлаар хурд, техник, боулдеринг гэсэн гурван төрлөөр салбарлан хөгжөөд байна.
Спорт авиралтын төрлийг Монгол улсад 2000 оны эхээс эхлэн хөгжүүлж хот, улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах болсон нь АНУ-ын уулчин Алекс Лав-ын сангаас тусламжаар одоогийн МУБИС-ын Биеийн тамир, урлагийн сургуулийн 107-р спорт заланд байрлах ханыг барьж өгсөнтэй шууд холбоотой юм.
Спорт авиралтын улсын аварга шалгаруулах тэмцээнийг уулын спортын ууган мастер Ядамын Жанцангийн нэрэмжит болгон Сутайн бор уулын спортын клубээс ивээн тэтгэж зохион байгуулдаг болсноор эдүгээ 5 дахь жилтэйгээ золгоод байна. Жил бүр оролцогчдын тоо өсч, энэхүү спортыг сонирхон хичээллэгчид өсвөр үеийнхний тоо өсөж байгаа нь тэмцээний ач холбогдол, цар хүрээг илтгэнэ. Энэ жилийн тэмцээнийг мөн адид уулын спортын ууган мастер Я.Жанцангийн нэрэмжит болгон зохион байгуулж байгаа бөгөөд Монголын Уулчдын Үндэсний Холбооны шинэчилсэн бүтэц ерөнхий зохион байгуулагчаар ажиллаа.
Энэ жилийн тэмцээн олон улсын тэмцээнд ашиглагддаг Олон улсын спорт авиралтын холбооноос баталгаажсан хурдны 2 замтай цагаар хэмжих болсон нь тус тэмцээний чанар сайжирч олон улсын түвшинд ойртсон юм. Цаашид Монголын Уулчдын Үндэсний Холбоо болон бусад дэмжигч, хамтрагч байгууллагуудын дэмжлэгээр Дэлхийн цомын тэмцээн зохион байгуулах хэмжээний хурд, техник, боулдерингийн хана барихаар зорин ажиллаж илүү материаллаг баазыг сайжруулснаар хичээллэгчдийн тоог нэмэгдүүлэх, тамирчдын урд чадварыг олон улсад өрсөлдөхүйц хэмцээнд хүргэх зорилго тавин ажиллаж эхлээд байна.
ТЭМЦЭЭНИЙ ДҮН
Хурд – Speed