Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Сүхбаатарын талбайд төрийн ордны Чингис хааны хөшөөний өмнө өнөөдөр болсон Завханы өдрүүдийн нээлтэд оролцон “Очирваанийн эгшиглэн” чуулгын 999 морин хуурчид баяр хүргэлээ.
Ерөнхийлөгч хэлэхдээ “Эрхэм хүндэт ард иргэд ээ, Энд хүрэлцэн ирсэн морин хуурч хүүхдүүд ээ. Монгол Улсынхаа нийслэлийн төв талбайд 999 –үүлээ ирж, монгол урлагийн гайхамшгийг үзүүлж, морин хуур хөгжмийн аялгуу эгшиглүүлсэн та бүхэнд нийт иргэдийнхээ нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье. Монголчууд гайхамшигтай авьяастай, зоригтой, хийморьтой ард түмэн. Түүнийгээ морин хуурынхаа эгшгээр илэрхийлж, дэлхий нийтэд алдаршуулдаг билээ. Завхан аймгаас санаачилж, 999 морин хуур тоглуулсан энэ үйл явдал бол манай урлагийн түүхэнд орох бас нэгэн гайхамшигтай хуудас гэж бодож байна. Завхан аймагт алдарт Очирваань хайрханы тахилгын үеэр анхны тоглолтыг үзсэндээ туйлын баярлаж явдаг. Ингээд баяр наадмын үеэр төв цэнгэлдэх хүрээлэнд, өнөөдөр улсын энэ төв талбайд тоглолтоо сонирхуулахыг хүссэн юм. Урилгыг минь хүлээн авч хүрэлцэн ирсэн та бүхэнд туйлын талархаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарч, нийт цэцэрлэг, дунд сургуульд ардын урлагийн хамтлаг байгуулах, бүх хүүхэд бий биелгээ, морин хуур, уртын сайхан дуу гээд ардынхаа бий болгосон урлагийн гайхамшгийг багаасаа сурах боломжийг бүрдүүлсэн юм. Энэ зарлигийг Завхан аймаг дэмжиж, ийм санаачилга гаргасанд баярлаж байна. Бусад аймаг, нийслэлийн дүүргүүд ч дэмжиж байгаа. Цаашид монгол хүүхэд бүр морин хуур тоглож, монгол хүн байгаа газар бүр морин хуур эгшиглэж байхын ерөөл дэвшүүлье. Та бүхэнд баярлалаа” гэв.
Хорвоогийн хамаг явдлыг хоёрхон чавхадсанд багтаадаг молор эрдэнийн толгойтой үндэсний хөгжмөөрөө хурсан олныг гайхуулсан Завханы өдрүүдийн нээлт ийн өндөрлөлөө. Завхан аймгийн Засаг дарга үйл ажиллагааны хөтөлбөртөө ардын уламжлалт зан заншил, урлаг соёлын өвийг хойч үедээ өвлүүлэх, бүх хүүхдийг шатар тоглож сургах, бас компьютер эзэмшүүлэх зорилго дэвшүүлж амжилттай хэрэгжүүлж байгаагийн нэг гэрч нь энэ тоглолт юм. Энэ 999 хуурч бол аймгийн Засаг даргын дэргэдэх морин хуурын “Очирваанийн эгшиглэн” чуулгын 1250 хөгжимчнөөс шалгаран иржээ.