УИХ Авлигатай тэмцэх газар/АТГ/-ын даргад нэр дэвшигчийг хуульд заасан хугацаанд нь багтаан хэлэлцэхгүй хойшлуулсаар хаврын чуулганыг завсарлууллаа. Хуульд зааснаар АТГ-ын даргад томилох хүний нэрийг УИХ-д өргөн мэдүүлсэн бол холбогдох байнгын хороогоор долоо хоногт багтаан хэлэлцэх ёстой байсан юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч АТГ-ын даргад хурандаа Х.Энхжаргалыг томилуулах саналаа тавдугаар сарын 4-нд УИХ-д хүргүүлсэн байдаг. Эл асуудал юунаас болж хойшилсон талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат нарын байр суурийг онцоллоо.
Б.Гарамгайбаатар:
Ардчилсан намын бүлгээс хамааралтай зүйл энд огт байхгүй. Өргөн баригдсан хуулийн төслийг УИХ-ын дарга харьяалагдах байнгын хороо руу шилжүүлдэг. Харьяалагдах байнгын хороо нь тухайн шилжиж ирсэн асуудлыг аль долоо хоногт, хэдийд, ямар дарааллаар УИХ-ын даргын зөвлөл рүү оруулах вэ гэдгийг шийдэж саналаа өгдөг. Тэр нь УИХ-ын Тамгын газраар дамжиж даргын зөвлөлд орж ирдэг. Гэтэл Хууль зүйн байнгын хорооноос ямар ч тийм шийдвэр гаргаагүй, тийм ажиллагаа явагдаагүй. Ингэж байтал Хууль зүйн байнгын хороон дахь МАН-ын гишүүд шахаж шаардаад, олонхи дэмжээд хэлэлцэхээр шийдсэн. Тэгэхээр нь бүлэг завсарлага авсан. Бүлэг завсарлага авсан үндэслэл нь юу вэ гэхээр нэгэнт Хууль зүйн байнгын хорооноос Даргын зөвлөлд оруулах саналаа өгөөгүй асуудлыг хэлэлцэх гэсэн учраас завсарлага авсан. Тэгээд үүнийг бүлгээр оруулах шаардлагатай юу, үгүй юү гэдгийг үзэхэд хүчний байгууллагуудын удирдлагын томилгоо, өөрчлөлтийн асуудлаар улс төрийн нэг намын бүлэг шийдвэр гаргах нь зохимжгүй байна. Энэ нь Үндсэн хуулийн тодорхой зарим заалтыг зөрчиж байж магадгүй гэсэн үндэслэл гаргасан. Тийм учраас Ардчилсан намын бүлэг энэ асуудлыг огт хэлэлцэхээ больё гээд орхисон. Одоо бол энэ асуудал Хууль зүйн байнгын хороон дээр хэлэлцэх эрх нь нээлттэй байгаа. Нэгэнт хэлэлцээд эхэлсэн байхад нь бүлэг завсарлага авсан. Хууль зүйн байнгын хороо асуудлаа үргэлжлүүлээд шийдвэрээ гаргах нь бүрэн нээлттэй. Тэгэхээр АТГ-ын газрын даргын томилгоо нь Хууль зүйн байнгын хорооны л шийдэх асуудал юм. Тэрнээс биш бүлэг рүү чихээд, бүлэг шийдвэр гаргана. Бүлгийн шийдвэрийг харна гээд байж болохгүй. Бүлэг шийдвэр гаргаж ч болно. Гаргахгүй ч байж болно.
Д.Ганбат:
УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор АТГ-ын даргын томилгоог хэлэлцэхгүй байгаа нь хоёр шалтгаантай. Нэгдүгээрт, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Авлигатай тэмцэх газрын даргын томилгоог хэлэлцье гэж шийдвэр гарсан ч Ардчилсан намын бүлэг завсарлага авсан. Завсарлагын хугацаа дууссан ч Ардчилсан намын бүлэг хуралдаагүй байна. Хоёрт, УИХ-ын даргын зөвлөлөөр шинэ долоо хоногт хэлэлцэх асуудлаа багцалж, дэс дараалалд оруулаад, тэрний дагуу Байнгын хороо бэлтгэл хангадаг. Энэ ажил хийгдээгүй байна.
Авлигатай тэмцэх газрын даргад нэр дэвшигчийг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргад өргөн мэдүүлдэггүй, УИХ-ын даргад өргөн барьдаг. УИХ-ын Тамгын газар нь УИХ-ын даргын зөвлөлд оруулж ирдэг. Тэр дагуу дэс дараа гаргаж эрэмбэлдэг.
Бүлэг завсарлага авсан байгаа учраас “Завсарлагын хугацаа дууссан шүү, асуудлыг шийдээд явах ёстой, хуулийн хугацаатай” гэдгийг хэлсэн байгаа. Ерөнхийлөгч АТГ-ын даргад нэр дэвшигчийн нэрийг УИХ-д мэдүүлсэн бол холбогдох Байнгын хороогоор долоо хоногт багтаагаад хэлэлцэх ёстой.
Ардчилсан намын бүлэг хуралдаж, шийдвэрээ гаргаад, УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл, УИХ-ын даргаас чиг ирэх байлгүй дээ. Тэр цагт УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хуралдах боломжтой.