УИХ-ын чуулган завсарлалаа

Хуучирсан мэдээ: 2016.05.25-нд нийтлэгдсэн

УИХ-ын чуулган завсарлалаа

  • Улсын Их Хурлын чуулганыг ирэх зургаадугаарсарын 23-ны өдрийг хүртэл түр завсарлуулах захирамжийг Улсын Их Хурлын дарга З.Энхболд өчигдөр гаргалаа.


  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан шат шатны шүүхүүд болон Хууль зүйн яамнаас шинэ гишүүдийн нэрсийг МУ-ын Ерөнхийлөгчид өргөн барьжээ. Хууль зүйн яамнаас Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилуулахаар өргөн мэдүүлсэн П.Батсайхан нь Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч бөгөөд шүүхэд нийт 37 жил ажилласнаас шүүгчээр 22 жил ажиллаж байгаа туршлагтай нэгэн байна.


  • УИХ дахь Ардчилсан намын бүлэг өчигдөр хаалттай горимоор хуралдаж, Засгийн газрын зарим гишүүнийг чөлөөлөх тухай Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн хүсэлтийг хэлэлцэн 100 хувийн саналаар дэмжжээ. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэхүү саналдаа Шадар сайд Ц.Оюунбаатар, Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон нарыг чөлөөлөх хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн юм.


  • Сонгуулийн хуульд зааснаар УИХ-ын сонгуульд оролцох нам, эвсэл нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 37 хоногийн өмнө эхлүүлж, тав хоногийн дотор дуусгахаар тусгасан. Үүний дагуу намууд нэр дэвшигчээ тодруулах үйл ажиллагаа энэ сарын 23-наас эхэлж, тав хоногт багтаах юм. Энэ удаагийн УИХ-ын сонгуульд 11 нам, гурван эвсэл оролцохоор СЕХ-ноос батламжаа гардан авч, 700 гаруй нэр дэвшигч намынхаа нэр дээр дэвших мэдээлэл байна. Одоо намууд тав хоногийн хугацаанд нэр дэвшигчдээ тодруулах учиртай.


  • “Монгол агуулгыг дэлхийд экспортлох” уриан дор өчигдөр Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд /БСШУЯ/ комик, анимэйшны салбарт хүч үзэж буй залуус чууллаа. Монголд энэ салбар дөнгөж эхлэлээ тавьж байгаа. Комик ном хийдэг 4-5 байгууллага байдаг бол анимэйшн хүүхэлдэйг залуус ганц, хоёроороо нэгдэж сонирхлоороо хийхээс хэтэрдэггүй юм байна. Тиймээс энэ залуусыг нэгтгэж, төрийн бодлогоор дэмжих шаардлагатай гэдгийг энэ үеэр албаныхан онцоллоо. Улмаар комик, анимэйшнээр дамжуулан монгол агуулгыг дэлхийд экспортлох ажлын эхлэл тавигдсаныг салбарын яамнаас нь тодотгосон байна.


  • Нийслэлийн Сонгуулийн хороо уржигдар /05.22/ дахин хуралдаж, 19 бие даагчаас тавыг нь, хоёр эвслээс нэр дэвшсэн 37 иргэнээс 31-ийг нь бүртгэх шийдвэр гаргажээ. Эх орончдын нэгдсэн эвслээс С.Рэнчинпагма гэх иргэнийг нэр дэвшүүлсэн тогтоолд нэр нь байгаагүй Тусгаар тогтнол эв нэгдлийн эвсэлээс Т.Нямбатыг нас нь хүрээгүй, Ш.Цэцгээ, Б.Санжаажав нарыг баримт бичгийн бүрдэл дутуу, М.Төрбаяр, О.Базарвааны нарыг баримт бичиг ирээгүй шалтгаанаар нийслэлийн Сонгуулийн хороо нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах болсноо өчигдөр мэдэгдлээ.


  • “Бөөрөлжүүтийн цахилгаан станц, уурхайн нэгдмэл төсөл”-ийн хөрөнгө оруулагчидтай хийх хөрөнгө оруулалтын гэрээний төслийг дэмжиж, Эрчим хүчний сайд Д.Зоригтод гэрээнд гарын үсэг зурахыг Засгийн газраас зөвшөөрсөн байна.


  • “Монгол цэргийн жавхаа-2016” уралдааны эцсийн шалгаруулалт, шагнал гардуулах ёслолын ажиллагаа, шалгарсан ангиуд оролцсон үзүүлэх тоглолт, үлээвэр хөгжмийн уралдаан, нийтийн цэнгээнт бүжгийн тэмцээн, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын тоглолт, “Хурд” хамтлагийн “Монгол Улсынхаа төлөө зүтгэе” тоглолт, ёслолын буудлага,  “Иргэн цэргийн бахархалын өдөр”-ийг 05 сарын 28-ны өдөр Чингисийн талбайд болохыг өчигдөр НЗДТГ-аас мэдэгджээ. Эхний 3 байранд шалгарсан ангийн захирагчийг уралдааны болзлын дагуу орон сууцаар шагнаж, ангид эмнэлгийн хэрэгсэл олгох юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж