ЭЗТХ: Монголын эдийн засагт гэрэл гэгээ авчирна

Хуучирсан мэдээ: 2016.05.25-нд нийтлэгдсэн

ЭЗТХ: Монголын эдийн засагт гэрэл гэгээ авчирна

-Энэхүү хэлэлцээр ирэх зургадугаар сарын 7-нд хүчин төгөлдөр болон хэрэгжих гэж байна-

Монгол улс түүхэндээ анх удаа гадаадын оронтой чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулж байгаа нь Япон юм. Хоёр талын гурван жилийн нөр их ажлын үр дүнд бий болж буй Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр /ЭЗТХ/ Монголын эдийн засагт шинэ гэрэл гэгээ авчирна гэсэн их найдварыг төрүүлж байна.

2014 оны долдугаар сард Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Япон улсад хийсэн айлчлалын үеэр энэ тухай анх албажуулан зарласан юм. Тэрхүү айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ нар хоёр улсын хооронд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг байгуулахаар харилцан тохиролцсонд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлж байсан билээ.

Хэлэлцээрийг байгуулах бэлтгэл ажлын хүрээнд 2010 онд хоёр талын хамтарсан судалгааны баг байгуулагдан, хоёр талын сонирхол, харьцангуй давуу тал болон хэлэлцээрийн хамрах хүрээ, салбаруудыг тодорхойлсон. Энэхүү хамтарсан судалгааны үр дүнд үндэслэн Монгол Улсын Ерөнхий сайдын 2012 оны 67 дугаар захирамжаар "Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээр" байгуулах асуудлаар хэлэлцээ хийх үүрэг бүхий Ажлын хэсэг, шинжээчдийн багийг томилогдсон. Энэхүү Ажлын хэсэг, шинжээчдийн багт холбогдох яам, агентлагийн нийт 100 гаруй албан тушаалтан, мэргэжилтэн 2012 оноос эхлэн гурван жил орчим хугацаанд долоон үе шатны хэлэлцээг Японы талтай хийсэн.

Энэхүү хэлэлцээр ирэх зургадугаар сарын 7-нд хүчин төгөлдөр болон хэрэгжих гэж байна. Маш өргөн хүрээг хамарсан энэхүү хэлэлцээрийн явцад хоёр талаас тавьсан гол асуудал болох Монголоос Япон рууэкспортлох  махны татвар, мөн Японоос Монгол руу орж ирэх машины татвар байсан. Японы талаас тавьсан тус улсаас Монгол руу экспортлох ашигласан хуучин машины татварын таван хувийг тэглэх, Монголын талаас тавьсан Монголоос Япон руу гаргах махны одоогийн байгаа 98.5 хувийн татварыг үлэмж бууруулах, эсвэл бүр тэглэх асуудал дээр хоёр тал харилцан тохиролцсоны дараа энэхүү хэлэлцээр шуударсан. Монголын хувьд энэ нь чөлөөт худалдааны анхны хэлэлцээр болж байгаа бол Японы хувьд ийм хэлэлцээр байгуулж байгаа 15 дахь улс нь манайх болж байгаа юм.

Япон улс Монголд үзүүлсэн хандив тусламжийн хэмжээгээрээ тэргүүлдэг. Тодруулбал, Монгол улсад гадаадын улс орнуудаас олгосон нийт зээл тусламжийн 50 хувийг Япон, олон улсын байгууллагуудыг эс тооцвол 70 хувийг дангаараа олгож иржээ. 1991-2012 оны хооронд Япон улс нийтдээ 93.5 тэрбум иенийн буцалтгүй тусламж, 75.8 тэрбум иенийн хөнгөлттэй зээл, 37,5 тэрбум иенийн техникийн хамтын ажиллагааны тусламж үзүүлсэн тоо баримт байна.

Энэ хэлэлцээр хоёр талын зах зээлд ямар давуу талыг авчрах вэ гэдэг асуултын хариу өнөөдөр бизнес эрхлэгч хэн бүхэнд сонин байна. Монголчуудад Японы зах зээл, япончуудад Монголын зах зээл нээгдэж байна гэж ойлгож болно. Монголын бизнес эрхлэгчид өөрсдийн үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнээ Японы зах зээл, үйлдвэрлэлийн сүлжээнд хөнгөлөлттэй, татваргүй нийлүүлэх боломжтой болж байгаа юм. Хоёр талын зах зээлийг нээлттэй болгохын тулд татвар, гааль, оюуны өмчийн гээд маш өргөн хүрээг хамарсан зохицуулалтыг хийхээр энэхүү хэлэлцээрт тусгасан. Хэлэлцээр хүчин төгөлдөр болсон өдрөөс байгуулагдах учиртай дэд хороодын нэрийг уншихад энэхүү хэлэцээр маш өргөн цар хүрээтэйг ойлгоно. Тухайлбал, хэлэлцээрийн хүрээнд Барааны худалдааны дэд хороо, Гарал  үүслийн  дүрмийн  дэд хороо, Гаалийн үйл ажиллагааны болон худалдааг хөнгөвчлөх дэд хороо; Эрүүл ахуй, ургамлын эрүүл ахуйн арга хэмжээний дэд хороо; Техникийн зохицуулалт, стандарт болон тохирлын үнэлгээний журмын  дэд хороо; Үйлчилгээний худалдааны дэд хороо; Хувь хүний шилжилт хөдөлгөөний дэд хороо; Цахим худалдааны дэд хороо; Хөрөнгө оруулалтын дэд хороо; Оюуны өмчийн дэд хороо; Засгийн газрын  худалдан  авах ажиллагааны дэд хороо; Бизнесийн  орчныг  сайжруулах дэд хороо; Хамтын ажиллагааны дэд хороог байгуулах учиртай.

Хэлэлцээрийн тухай танилцуулгад бичсэнээр олон эерэг өөрчлөлт Монголын эдийн засагт гарна. 2010 онд хийсэн таталцлалын загварын судалгаагаар Монгол Улс, Япон Улстай энэ хэлэлцээрийг байгуулсан тохиолдолд хоёр орны гадаад худалдааны эргэлт эхний жилд 50-60 хувиар нэмэгдэх тооцоо гарчээ. Мөн 2013 онд хийсэн эдийн засагт үзүүлэх нөлөөллийг ерөнхий тэнцвэрийн динамик загварт тулгуурласан судалгаагаар ДНБ  жилд дунджаар 0.33-0.34%, нийт экспорт 0.36% өсөх тооцоо гарсан.

Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн талаарх ДХБ-ын Тариф, худалдааны ерөнхий хэлэлцээрийн суурь зарчим болон олон улсын туршлагаас харахад хоёр талын хийж буй нийт худалдааны үнийн дүнгийн 90-ээс доошгүй хувийг чөлөөлж байж чөлөөт худалдааны хэлэлцээрийн шалгуурыг хангадаг байна.

Манай улс 2012 онд дэлхийн 150 орчим оронтой 11,1 тэрбум ам.долларын худалдаа хийснээс Япон Улстай хийж буй худалдааны эргэлтийн хэмжээ 525 орчим сая ам.доллар (японы статистикийн мэдээгээр) байгаа нь манай нийт худалдааны эргэлтийн 4.7 хувийг эзлэж байна. Үүнээс манай улс Японд 24,3 сая ам.долларын бараа экспортолж, Японоос  501,2 сая ам.долларын бараа импортолсон байна. Манай улсаас Японд экспортолсон барааны 90 орчим хувийг ямааны ноолуур, ноолууран эдлэл, жонш, коксжсон нүүрс зэрэг бараа эзлэж байгаа бөгөөд Японоос  импортолсон барааны 70 орчим хувийг автомашин, тоног төхөөрөмж бүрдүүлж байна. 

2012 оны  байдлаар Монгол, Япон хоёр улс Дэлхийн гаалийн байгууллагын  Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем (БТКУС)-ийн 38 бүлгийн нийт 1355 төрлийн бараа экслортолж, импортолж байна. Үүнээс Монголын тал Японы импортын 24 бүлгийн 1290 төрлийн барааны 96 орчим хувь, Японы тал Монголын экспортын 14 бүлгийн 65 төрлийн барааны 100 хувийг импортын гаалийн тарифаас үе шаттайгаар чөлөөлөхөөр харилцан тохиролцсон. Чингэхдээ манай улс эдгээр импортын барааны гаалийн тарифын үнийн дүнгийн 50 хувийг (825 төрлийн бараа), харин Япон улс 99,4 хувийг (60 төрлийн бараа)хэлэлцээр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тус тус шууд чөлөөлнө.

Мөн Монголын тал 97 бүлгийн 5700 орчим төрлийн бараа, Японы тал 97 бүлгийн 9300 орчим төрлийн барааны импортын гаалийн тарифыг бууруулах юм. Чингэхдээ манай улс эдгээр импортын барааны гаалийн тарифын 59 хувийг (3429 төрлийн бараа), харин Япон улс 86 хувийг (8000 төрлийн бараа) хэлэлцээр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тус тус шууд чөлөөлнө.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж