Саудын Араб, Иран хоёрын хэн нь ч буулт хийх хүсэлгүй байна

Хуучирсан мэдээ: 2016.05.25-нд нийтлэгдсэн

Саудын Араб, Иран хоёрын хэн нь ч буулт хийх хүсэлгүй байна

Нэг баррель нефтийн үнэ бага зэрэг өсч 50 ам.долларын орчимд байгаа ч гэсэн нефтийн зах зээл АНУ-ын Холбооны нөөцийн системийн  бодлогын улмаас эмзэг хэвээр байна. АНУ-ын Төв банкны  бодлогын хүүгээ нэмэх гэсэн “нойтон хамуу” шиг эрмэлзэл нь долларын ханшийг хөөргөдөж, энэ нь дэлхийн зах зээл дэх бүх бараа бүтээгдэхүүнд нөлөөлж байна.

50 ам.доллар хүрсэн нефтийн үнэ хэзээ ч эргээд унах магадлал өндөр. Хамгийн гол нь АНУ-ын Төв банк бодлогын хүүгээ нэмэх санаагаа бараг жил шахам байн байн илэрхийлсээр байгаа нь доллар чангарах, үүнийг дагаад зах зээлд тодорхойгүй байдлыг үүсгэж ирлээ. Энэ нь нефтийн худалдаачдын сэтгэл зүйд хүчтэй нөлөөлж байгаа юм.

Нефтийн зах зээлтэй холбоотой сөрөг мэдээлэл их байна. Ирэх зургадугаар сарын 2-нд болох ОРЕС-ийн саммит ийм сөрөг мэдээний нэг болж байна. Ялангуяа энэ уулзалтаар ОРЕС-ийн ирээдүйтэй холбоотой ямар нэгэн шийдвэр гаргахгүй бол энэ үйл явдал үнэхээр сөрөг мэдээ болох нь ойлгомжтой.

ОРЕС урьдчилсан тохиролцоогүйгээр хүссэн хэмжээний нефтиэ олборлох бодлоготой байгаа. Нэг үгээр хэлбэл, 2014 оноос хойш квотын бодлого явуулахгүй байгаа юм. Хэрэв ОРЕС нь өнөөгийн байдлыг хэвээр үлдээн гишүүддээ чадлынхаа хирээр нефтиэ олборлон  борлуулахыг зөвшөөрөх юм бол уг байгууллага оршин тогтнох шаардлага харагдахгүй болно.

Саудын Араб, Иран хоёрын хоорондын шийдэгдэхээргүй зөрөлдөөний улмаас энэ байгууллага бараг мөхөж байна гэсэн дүгнэлтийг хөрөнгө оруулагчид хийх болно.

ОРЕС-ийн сүүлчийн хуралдаанууд хэрхэн болж өнгөрснийг эргэн санах юм бол нэг л янзаар өрнөжээ. Саудын Араб, Иран хоёр эсрэг тэсрэг зогсоод, бусад гишүүн нь зүгээр л ажиглагч болсона.

Зургадугаар сарын 2-ны  саммитаас их зүйл хүлээж байна. Учир нь, саяхан Иран  олборлолтоо нэмэгдүүлнэ гэж дахин мэдэгдсэн юм. Хэрэв Ираны буулт хийж тохиролцохгүй бол квотын системд эргэн орох боломж ОРЕС-т бараг байхгүй. Үүний зэрэгцээ Саудын Арабын Нефтийн шинэ сайд Халид аль-Фалих нь өмнөх сайд аль-Наими шиг жинтэй байж чадахгүй. Одоо бүх шийдвэр Саудын жонон Салманы гарт байгаа гэдгийг бүгд ойлгож байна. Салман нь Ирантай Ойрхи  Дорнодод сөргөлдөхөөс гадна  эрчим хүчний зах зээл дээр бас өрсөлдөх эрмэлзэлтэй хүн юм. Тийм ч учраас Саудын Араб ухрахгүй. Иранчууд ч бас буулт хийх хүсэлгүй байна.

Энэ хоёр орны өрсөлдөөн нефтийн зах зээлд нөлөөтэйгээр барахгүй, нефть экспортлогчдын байгууллагад ноцтой аюулыг авчирч болзошгүй.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж