Турк улсыг ерөнхийлөгчийн засаглалд шилжүүлэх эхний алхмууд хийгдэж эхлээд байна. Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган эрх мэдлээ нэмэгдүүлэхэд саад болоод байсан Засгийн газрын тэргүүн Ахмед Давутоглуг огцруулснаар энэ бүхэн эхэлжээ. Туркийн экс ерөнхий сайд Ахмед Давутоглу энэ тавдугаар сарын эхээр огцрохоо зарласан юм. Тэрбээр Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдогантай олон асуудлаар санал зөрөлдөх болсноор эрх барих нам доторх дэмжлэгээ алдаж засгийн газрын тэргүүнээр ажиллах боломжгүйд хүрчээ. Тэрбээр Туркийг ерөнхийлөгчийн засаглалд шилжүүлэх Режеп Тайип Эрдоганы төлөвлөгөөг дэмжээгүй аж. Түүний оронд Эрдоганы ойрын холбоотон Бинали Йылдырым ерөнхий сайдаар сонгогдсон юм. Шударга ёс, хөгжлийн намыг /AK Party/ үүсгэн байгуулагчдын нэг Бинали Йылдырым ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэх эрх мэдэлд шилжүүлэхэд шаардлагатай өөрчлөлтийг үндсэн хуульд оруулахаа мэдэгдсэн билээ. Ингэснээр Туркийн үндсэн хуулийг өөрчилж бэлгэдэл төдий байгаа ерөнхийлөгчийн үүргийг илүү гүйцэтгэх эрх мэдэлд шилжүүлэх аж. Турк улс нь АНУ, Франц, ОХУ зэрэг оронтой ижил ерөнхийлөгчийн засаглалтай болсноор олон нам фракцын талцлаас ангижирч чадах гэнэ. Үүнээс гадна Режеп Тайип Эрдоган Туркийн парламентад орж ирсэн курдыг дэмжигчдийг дарахыг хүсч байгаа юм. Курдуудыг дэмжигч Ардын ардчилсан “HDP” нам өнгөрсөн зургадугаар сарын сонгуульд сонгогчдын 14 хувийн санал авснаар анх удаа Туркийн парламентад суудал эзлэх болсон аж.
Хэдийгээр сөрөг хүчний намууд 1980 оны төрийн эргэлтийн дараа цэргийнхний баталсан үндсэн хуулийг өөрчлөх нь зөв гэж үзэж байгаа ч Эрдоганы хүссэн ерөнхийлөгчийн засаглалын системийг эсэргүүцэж байна. Барууны холбоотнууд болон Анкарагийн сөрөг хүчин Турк ерөнхийлөгчийн засаглалд шилжсэнээр Эрдоганы гарт эрх мэдэл төвлөрнө хэмээн болгоомжилж байгаа юм. Өмнө нь Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган телевизээр ярилцлага өгөхдөө “Гитлерийн Германыг хамгийн хүчтэй ерөнхийлөгчийн засаглалын үлгэр жишээ” гэж хэлж байв. Түүний энэ мэдэгдлийн дараа дэлхийд шинэ “дарангуйлагч” гарч ирэх нь хэмээн олон улсын хэвлэлээр шуугиж байлаа. Үнэхээр ч Режеп Тайип Эрдоганд дарангуйллын шинж тэмдгүүд ажиглагдах болсон. Тухайлбал Турк улсад ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы талаар муу үг дуугарч, шүүмжлэх хориотой. Түүнийг 2014 онд ерөнхийлөгч болсноос хойш Турк улсад ерөнхийлөгчийг шүүмжилж, доромжилсон хэргээр 2000 орчим хүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Эдгээрийн дунд алдартнууд, сэтгүүлчид бүр дунд сургуулийн сурагч хүртэл байгаа юм. Түүнчлэн Германы нэгэн элэглэгч Туркийн Ерөнхийлөгч Режеп Таип Эрдоганыг элэглэсэн шүлэг уншсанаас болж эрүүгийн хэрэгт татагджээ. Энэ хэргээс үүдэн Германы канцлер Ангела Меркелийг Туркийн засгийн газарт “шантаажлууллаа” гэх шүүмжлэл гарч байв. Тухайн үед Турк нь Европын холбоотой дүрвэгсдийг Грекээс буцаан авах гэрээ байгуулахаар ярилцаж байсан юм.
Режеп Тайип Эрдоган гэж хэн бэ?
Режеп Тайип Эрдоган 2014 онд Туркийн хамгийн анхны шууд сонгуулиар сонгогдсон ерөнхийлөгч болсон юм. Үүнээс өмнө тэрбээр тус улсын ерөнхий сайдаар 11 жил ажиллажээ. Ядуу гэр бүлд төрж тарчиг амьдрал туулсан Режеп Тайип Эрдоганыг дэмжигчид түүнийг Ататуркийн үүсгэн байгуулсан улс орныг “авран хамгаалагч” гэж хардаг бол эсэргүүцэгчид нь шашны туйлширсан бодлого баримталдаг хэмээн шүүмжилдэг.
Режеп Тайип Эрдоганы санаачилсан Шударга ёс ба Хөгжлийн нам (AKP) засгийн эрхэнд гарахаас өмнө шашны туйлшралаас нь болж Туркийн цэргийн эрхтнүүд түүнийг улс төрд ороход нь дөрвөн удаа хориг тавьж байжээ. Харин 2013 онд Эргенеконы хэрэг буюу Шударга ёс ба Хөгжлийн намыг тараахаар үгсэн хуйвалдсан хэргээр армийн өндөр албан тушаалтай 17 хүнийг бүх насаар нь хорих ял өгснөөр Эрдоган саад болж байсан цэргийн эрхтнүүдээс ангижирчээ. Режеп Тайип Эрдоган Туркийн ерөнхий сайдаар ажиллаж байхдаа 2013 онд Истамбул хотоос эхлэн орон даяар тархсан томоохон эсэргүүцлийн жагсаалыг хүчээр тарааж байв. Жагсаал Истамбулын хүүхэд, залуусын очих дуртай Гези паркийг дахин төлөвлөлтөд оруулсныг эсэргүүцсэнээр эхэлж эцэстээ засгийн газрын эсрэг бослого болон хувираад байв.
Үүнээс гадна Режеп Тайип Эрдоган 2014 онд Туркийн ерөнхийлөгч эмэгтэй, эрэгтэй хүмүүс тэгш бус эрхтэй гэдгийг тунхагласнаар эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгчдийн эсэргүүцэл, шүүмжлэлтэй тулгарсан билээ. Тэрбээр “Эмэгтэйчүүд эрэгтэй хүнээс өөрөөр бүтээгдсэн. Тиймээс эрэгтэй хүний ажлыг хийж таарахгүй. Исламын шашны ёсоор тэдний хүрч болох хамгийн өндөр байр суурь бол ээж болох юм” гэж мэдэгдсэн аж.