Уугиж байсан улс төрийг цурманд орууллаа

Хуучирсан мэдээ: 2016.05.25-нд нийтлэгдсэн

Уугиж байсан улс төрийг цурманд орууллаа

УИХ-ын чуулганыг 30 хоног завсарлуулах тухай УИХ-ын даргын өчигдрийн захирамж тун гэнэтийн байлаа. АТГ-ын даргыг нэхэж, МАХН-ын гишүүд засгаас гарах уу үгүй юу гэдгийг хүлээж суусан хүмүүс эдгээр асуултынхаа хариуг зургадугаар сарын 23-наас хойш авах нь. Гэхдээ тэр үед ч авах нь юу л бол. Тэртээ тэргүй ирж ирцээ бүрдүүлдэггүй эрхэм гишүүд сонгуулийн санал хураалтаас долоо хүрэхгүй хоногийн өмнө ирж, төрийн ажлыг хэлэлцэнэ гэдэгт хамгийн өөдрөг хүн л итгэх байх. Одоогийн УИХ-ын халааг авах шинэ УИХ-ыг тодруулах ээлжит сонгууль зургадугаар сарын 29-нд товлогдоод байгааг хэлэх нь зүй.

УИХ-ын дарга З.Энхболд өчигдөр /2016.05.24/62 тоот захирамж гаргаж отгон чуулганыг ирэх зургадугаар сарын 23 хүртэл завсарлууллаа. Захирамжид дурдсанаар “Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, 29 дүгээр зүйлийн 29.14 дэх хэсэг, Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөлийн саналыг харгалзан Монгол Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагаатай холбогдуулан” УИХ-ын чуулганыг түр завсарлуулна гэжээ.

УИХ-ын даргын захирамжид дурдагдсан хуулийн холбогдох заалтад юу гэж заасан бэ? УИХ-ын тухай хуулийн 11.2-д “Улсын Их Хурлын дарга энэ хуулийн 11.1-д заасан эрх хэмжээний асуудлаар захирамж гаргана” гэжээ. Харин 11.1 гэдэг бүхэлдээ УИХ-ын даргын бүрэн эрхийг тодорхойлсон зүйл юм. Нийтдээ 22 заалтаар УИХ-ын даргын бүрэн эрхийг томъёолж өгсөнөөс нэгэнт эхэлсэн чуулганыг түр завсарлуулах тухай энэ заалтад байхгүй. Харин ээлжит болон ээлжит бус, хүндэтгэлийн чуулганыг зарлах, бэлтгэл хангуулах эрхийг энд зааж өгсөн.

Харин захирамжид дурдагдсан 29.14-д энэ зохицуулалт бий. Тухайлбал, 29.14-т “Улсын Их Хурлын ээлжит сонгуулийг товлон зарласан үед Улсын Их Хурлын дарга Зөвлөлийн саналыг харгалзан чуулганыг 30 хүртэл хоногийн хугацаагаар түр завсарлуулж болно” гэж заажээ.

Ийнхүү УИХ-ын чуулганы түр завсарлуулах захирамж уугиж байсан улс төрийг хүчээр цурманд орууллаа.

А.ШАРАВ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж