“Big bowling friendship”-ийн I тойргийн аварга тодорлоо

Хуучирсан мэдээ: 2016.05.24-нд нийтлэгдсэн

“Big bowling friendship”-ийн I тойргийн аварга тодорлоо

Монголын боулинг сонирхогчдын холбооноос зохион байгуулсан “Big bowling friendship” үндэсний лигийн багийн анхдугаар тэмцээний нэгдүгээр тойргийн аваргууд өнгөрөгч бямба гаригт тодорлоо. Тэмцээнд нийт 10 баг оролцсоноос Г.Батхүү ахлагчтай “Харцага-16” баг тэргүүн байранд шалгарч, Ц.Лхасүрэн ахлагчтай “500” баг удаалсан бол Д.Нацагдорж ахлагчтай баг хүрэл медалийн эзэд болов. Эрэгтэй ганцаарчилсан төрөлд 1829 оноогоор Ж.Содномдорж алтан медаль хүртэж, 1792 оноогоор Ч.Мөнхзул мөнгө, 1780 оноогоор Д.Нацагдорж хүрэл медаль авлаа. Харин эмэгтэйчүүдээс 1702 оноогоор С.Дэлгэрцэцэг алт, 1632 оноогоор Ш.Гэрлээ мөнгө, 1490 оноогоор Ц.Уранцэцэг хүрэл медаль хүртсэн юм. Боулингийн спортын хөгжлийг шинэ шатанд гаргах, тамирчид, сонирхогчдын оролцоо ур чадварыг нэмэгдүүлэх, чансаа тогтоох, залуу тамирчдыг дэмжих, туршлага солилцох зорилготой энэ тэмцээн маш их өрсөлдөөнтэй болсон. Аваргын төлөөх тулаанд “Харцага-16”, “500” багууд тэнцсэн учир хоорондын тоглолтын харьцаагаар нь аваргыг тодруулсан. Мөн хүрэл медаль хүртсэн баг дөрөвдүгээр байранд шалгарсан багтай тэнцэж, дээрх зарчмаар ялагчийг шалгаруулсан юм. Багийн оноо тэнцэж, шовхоо үзэх тоглолт ч тэмцээний үеэр цөөнгүй гарсан билээ. Тамирчдыг сугалааны зарчмаар эрэмбэлэн хувааж багуудын хүчний харьцааг тэнцүүлсэн нь тэмцээнийг маш сонирхолтой болгосон. Дашрамд дурдахад, Монголын боулинг сонирхогчдын холбоо, Биг энтертайнмент клуб нь байгуулагдаад 9 жил болох хугацаандаа арын алба техникийн ажилчдынхаа урамшуулалд онцгой анхаарч ирсэн бөгөөд дээрх тэмцээний үеэр техникч Д.Чинбат, Г.Сундуйжав нарыг хагас сая төгрөгөөр шагналаа. Ахиад хоёр тойргийн дараа лигийн цомын аваргын эзэд энэ оны 12 дугаар сард тодорно.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж