“Мод”-ны үргэлжлэл…

Хуучирсан мэдээ: 2016.05.24-нд нийтлэгдсэн

“Мод”-ны үргэлжлэл…

“Онгон улирлын гэгээ

Онгон улирлын гэгээ

Ариун нандин зүйрлэмгүй

Нандин ариун зүйрлэшгүй” хэмээн “Мод” шүлгэндээ шүлэглэсэн зураач Д.Баярцэцэг өөрийн бид даасан дөрөв дэх үзэсгэлэн болох “Мод II” үзэсгэлэн ирэх сарын 4-нийг хүртэл “976 арт галерей”-д дэлгэлээ.

Үзэсгэлэнгийн үүдээр ороход дэлгэцэн дээр зураач Д.Баярцэцэгийн ой модонд хийсэн перформанс буюу үйл хөдлөлийн урлагийг харуулсан бичлэг угтана. Мөн үзэсгэлэнгийн танхимд хөндлөн эгнүүлсэн цагаан модон дээр навчин хатгамалтай ногоон дэрийг тавьсан байв. Түүний өмнө нь зураач Д.Баярцэцэгийн “Мод” шүлгийг хананд байрлуулжээ. Өмнө нь байгаа цаасан дээр өөрсдийн сэтгэгдэл болон яруу найргийг бичиж, дэрэн дээр сууж бясалгаж болох ажээ.

Түүний уран бүтээлийн үзэсгэлэнг сонирхоход дугуй, навчин дүрсийг зураасан зургаар илэрхийлсэн харагдана. Тэрээр “Бүтээлүүддээ тайлбар өгөөгүй байгаа нь өөрөө тодорхой. Аливаа зүйл цэг, зурааснаас эхлэлтэй байдаг. Бүтээлийг нэрлэнэ гэдэг нэг хэв жаягт баригдана гэсэн үг. Миний бүтээлүүдийг модны тайрдас, ямар нэгэн гараг ертөнц, нүхээр харж байгаа далайн давалгаа юу гэж харах нь үзэгчдийн сонголт юм” гэв.

Уран бүтээлчдийн дунд “Годо” нэрээр танигдсан зураач Д.Баярцэцэгтэй үзэсгэлэнгийн талаар ярилцлаа.

-“Мод” үзэсгэлэн цаашаа үргэлжлээд гарах уу?

-Энэ үзэсгэлэн “Мод I” үзэсгэлэнгийн үргэлжлэл. “Мод” үзэсгэлэнгийн цуврал 100 гаруй зураасан зургаас дэлгэж байгаа. Цаашдаа уг үзэсгэлэн “Мод IV” хүртэл цувралаар гарахад бэлэн болсон. Өвөрмөц, шинэ үзэл бодлоор илэрхийлсэн үзэсгэлэн болов уу гэж бодож байна.

-Үзэсгэлэнгийн дэглэлт өвөрмөц санагдлаа?

-Утга зохиол сонирхдог залуусын хувьд уншигчдын төсөөллийн ертөнцийн бодит биелэл гэж хэлж болно. Мөн Монголд төдийлөн дэлгэрээгүй байгаа “Зэн буддизм”-ийн урсгалыг өөрийнхөө өнцгөөс тайлбарлахыг хичээлээ.

-“Зэн Буддизм” урсгалын талаар тайлбарлахгүй юу?

-Энэ бол ямар нэгэн шашин биш. Гэгээрлийн тухай түүх гэж хэлж болно. Гэгээрэлд хүрэхийг хүссэн хүн бүр өөрсдийн бясалгалын төсөөллийн ертөнцтэй байдаг. Тиймээс энэ үзэсгэлэн бясалгах орон зай, цаг хугацааны эрх чөлөөг олгож байгаа юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж