Хуучирсан мэдээ: 2016.05.25-нд нийтлэгдсэн

Хүүхдэд ээлгүй хот

Таван настай охины хүсэлт

Ах эгч нар аа, та нар над шиг жаахан байхдаа гадаа тоглодог байсан уу. Эсвэл тоглоом тоглодоггүй байсан бол бид нарын юу хүсч байгааг мэддэггүй байх л даа.

Би юу хүсдэг гээч. Аав, ээж хоёр маань байн байн “Машинд дайруулчихна, томоотой бай. Битгий байрнаасаа хөдөл. Яг эндээ л тогло” гэж хэлэхэд би дотроо дургүй л байдаг. Би өдөр болгон байрныхаа найзуудтай хүссэн газраа гүйж, дуртай тоглоомоо тоглож, бөмбөгөө холоо гэгч нь өшиглөөд, хөөцөлдөж гүйхийг хүсдэг. Даанч манай байрны тоглоомын талбай дэндүү жижигхэн. Талбай ч гэж дээ, нэг дүүжин даажин, нэг гулсуур, нэг элсний хашлага л байдаг. Дүүжин даажин дээр сургуульд орсон ах, эгч нар суудаг. Гулсуур дээр бид нар шиг цэцэрлэгийн хүүхдүүд гулгадаг. Харин элсэн дээр явж сураагүй дүү нар тоглодог. Би гулсуур дээр тоглох гэж яг л дэлгүүрт байгаа юм шиг зогсоод л байдаг, зогсоод л байдаг. Хэдхэн гулгаад уйдчихдаг болохоор өөр тоглоомон дээр тогломоор санагддаг ч даанч байхгүй. Бөмбөгөөрөө тоглоё гэхээр бүр жаахан өлгийтэй дүү нараа цохичих гээд байдаг болохоор өөр хийх юм бараг олддоггүй. Тийм болохоор би томоос том талбайд найзуудтайгаа бүх тоглоомоор ханатлаа тоглож юмсан гэж дандаа мөрөөддөг.   

Манай тоглоомын талбайн хажууд маш олон машин, бас машин хар хурдаараа давхиж өнгөрдөг зам бий. Аав, ээж хоёр тэр замаас, тэнд байдаг машинуудаас их айдаг. Байнга намайг зам руу гарч болохгүй, зам дээр явж болохгүй гэж захидаг учраас би гэрийнхээ үүдний жижигхээн талбайгаасаа холдож чаддаггүй.

Гэхдээ манай байр харин ч тоглоомын талбайтай нь их юм гэж аав, ээж хоёр ярьсан. Гаднаа нэг ч тоглоомгүй айлууд зөндөө байна гэж тэр хоёр надад сануулдаг. Манай ангийн хүүхдүүд ч бас энэ тухай зөндөө ярьдаг болохоор би яагаад хүүхдүүдэд тоглоомын талбай байхгүй байгаагийн учрыг аав, ээжээсээ асуусан юм. Тэд “Том дарга нар, энэ байрыг барьсан хүмүүс үүнд буруутай” гэж хэлсэн. Би бодохдоо “Хүүхэд байрныхаа гадаа тоглох дуртай” гэдгийг тэр хүмүүс мэддэггүй гэж боддог. Эсвэл тэр ах, эгч нар өөрсдөө хүүхэд байгаагүй, нэг бол хүүхэд нь тоглодог гэдгийг мартчихсан л байх. Тэр хүмүүс хэрвээ уншиж байгаа бол байшин барихдаа гадаа нь дандаа хүүхдийн тоглоомын том талбай, аав ээжтэй амрах зай үлдээж байгаарай гэж хэлмээр байна.  

Дүү бид хоёрт хэцүү байдаг бас нэг зүйл байна. Замын хажуугаар явж байхдаа би машины дуут дохионоос үргэлж айдаг. Тэр чимээ гэртээ байхад ч үргэлж сонсогддог. Дандаа том болсон ах, эгч нар  машин барьдаг гэж аав хэлсэн. Гэтэл тэр хүмүүс бас л өөрийнх нь хүүхэдтэй л адилхан хүүхэд айж цочиж байгааг ерөөсөө мэддэггүй. Тэд нарыг машинаа чанга дугаргах бүрт би айж, дүү цочиж уйлдаг болохоор энэ тухай заавал хэлмээр байна.

Гадуур гарахдаа ээж дүүг маань тэргэн дээр суулгаад авч явдаг. Дүү ээжид хэлж чадахгүй байгаа болохоос тэргэн дээрээ суугаад явахад их өвддөг гэсэн. Би тэрийг нь мэддэг. Яагаад гэвэл зам дээгүүр тэргэндээ суугаад явахад шороо, чулуу тээглээд, тэр болгонд би ч гэсэн их өвддөг байсан юм.

Зам хөндлөн гарахдаа ногоон гэрлээр гардаг гэдгийг ээж надад дандаа захидаг. Гэхдээ манай ээж өөрөө бид хоёрыг тэргэн дээр суулгаад машин замаар гарахдаа маш их сандардаг. Хүүхэд тэврээд, тэрэг түрээд явахаар амждаггүй гэсэн. Энүүнээс болоод ээжийг маань машинтай ах аймаар загнасан. Хурдан зам дээрээс холдооч гээд. Би ээжийгээ өмөөрч уйлмаар байсан ч ээж тэр ахын зөв гэж хэлсэн. Гэхдээ л ээж маань гэрлээр амжиж зам гарах гээд ерөөсөө амждаггүй хэвээрээ л байгаа гэсэн…


Ухаан суусан ямар ч хүүхдээс асуусан тоглодог талбай, явдаг зам, амьдардаг хотынхоо тухай таагүй сэтгэгдэл хэлж магадгүй. Учир нь Улаанбаатар бол хүүхдэд хамгийн ээлгүй хот. Ганцхан парктай, ганцхан цэцэрлэгт хүрээлэнтэй. Худалч хүнд хүүхэд тоглох газаргүй, явган хүний замгүй.  

Хүн бүхэн хүүхэдтэй, гэр оронтой, амьдрах орчинтой. Энд би амьдарвал, энд миний хүүхэд тогловол яах вэ гэдэг сэтгэлийн үүднээс л бүх зүйлд хандчихад энэ асуудал уг нь шийдэгдэх бүрэн боломжтой. Гэхдээ хүн хэлэхээс нааш, цаас чичихээс нааш гэдэг. 

Хүүхдэд ээлгүй хотын дүр зургийг асуудал болгон тавьдаг "Тэрэгтэй парад" зургадугаар сарын 4-нд болох ажээ. Автомашингүй өдрийг тохиолдуулан зохион байгуулдаг "Тэрэгтэй парад"-д ээжүүд нэгдэж, олон олон охид, хөвгүүдийнхээ эрхийг сануулж, цуглана. 

"Тэрэгтэй парад"-ын зохион байгуулагчдад ээжүүд "Ээлгүй хот"-ын бодит жишээ болсон гэрэл зургууд илгээснийг энд түүвэрлэн харуулж байна. Хүүхэдтэй хүн бүр үзээсэй, үзээд хандлагаа өөрчлөөсэй.

Б.БАЯСАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж