Орос- ASEAN III саммит: Түншлэлийн замаар

Хуучирсан мэдээ: 2016.05.24-нд нийтлэгдсэн

Орос- ASEAN III саммит: Түншлэлийн замаар

“Нийтийн сайн сайхны төлөө стратегийн түншлэлийн замаар” уриан дор Сочи-д хоёр хоногийн Орос-ASEAN саммит явагдсан нь өнгөрсөн долоо хоногийн томоохон үйл явдал болов. Зүүн өмнөд Азийн улс орнуудын эвслийн гишүүн орнууд ба Оросын төр, засгийн тэргүүн нар уг уулзалтад оролцлоо.

Орос ба Зүүн өмнөд Азийн орнуудын эдийн засгийн эвслийн /The Association of Southeast Asian Nations, ASEAN/ лидерүүдийн хамт Орос ба Бруней, Вьетнам, Индонези, Камбож, Лаос, Малайзи, Мьянма, Сингапур, Таиланд, Филиппин зэрэг орноос бизнес, эдийн засгийн төлөөлөгч, шинжээчид нарын 350 төлөөлөгч иржээ.

Оросын Эдийн засгийн хөгжлийн яамны орлогч сайд Алексей Лихачев: "АСЕАН-ы бараг бүх орны бизнесийн хүрээний болон Оросын бизнесменүүд оролцож байгаа нь энэ сэдэв өнөөдөр шаардлагатай, худалдааны хөгжил, барааны эргэлт, хөрөнгө оруулалтын сэдэв гэдгийг харуулж байна. АСЕАН нь Орост нийлүүлэлтээ өсгөж байгаа дэлхийн цорын ганц эдийн засгийн бүлэглэл юм”.

АСЕАН нь Ази, Номхон далайн бүсийн үйл ажиллагаатай томоохон байгууллагуудын нэг болж байна. Уг эвсэлд 630 сая хүн амьдарч байгаа ба тус байгууллагын ДНБ-ний нийлбэр нь 2014 оны мэдээгээр, $2.57 их наяд ам.доллар хүрчээ. 2014 он хүртэлх таван жилд Оростой тэдний бараа эргэлт хоёр дахин нэмэгдэн $21.5 тэрбум гэсэн үзүүлэлтэд хүрчээ. 2015 онд тэр нь 14 тэрбум болтлоо буурсан байв. Хятад, АСЕАН хоёрын 80 тэрбумтай харьцуулахад энэ тоо нь өчүүхэн юм. Сочийн саммит нь Орос АСЕАН хоёрын хооронд албан ёсны харилцаа тогтоосноос хойших 20 жилийн дотор гурав дахь нь болж байна. Анхны уулзалт нь 2005 онд Куала-Лумпурт, хоёр дахь нь 2010 онд Ханой хотод болсон юм.

Дээд хэмжээний уулзалтууд ба гэрээнд гарын үсэг зурсан нь

Оросын ерөнхийлөгч Владимир Путин, ОХУ-ын ерөнхий сайд Дмитрий Медведев хоёр Орос-АСЕАН-ы чуулган нээгдэхийн өмнө эвслийн орнуудын лидерүүдтэй хоёр талын уулзалтуудыг хийжээ. Тухайлбал, Владимир Путин Индонезийн ерөнхийлөгч Жоко Видодо, Вьетнамын ерөнхий сайд Нгуен Суан Фук, мөн түүнчлэн Камбожи, Лаос, Малайзи, Сингапур, Таиланд, Бруней, Мьянмар зэрэг орны тэргүүн нартай уулзсан байв. Владимир Путин мөн Азийн Дэд бүтцийн хөгжлийн хөрөнгө оруулалтын банкны тэргүүн Цин Лицюнийг хүлээн авч ярилцлаа. Тус банкийг транссибирийн төмөр зам, Хойд тэнгисийн далайн замын бүтцийг шинэчлэх зэрэг төсөлд оролцохыг Москва санал болгожээ. Хоёр талын харилцааны талаар ярилцсаны дараа том гэрээнүүдэд гарын үсэг зурсныг мэдээлэв. Оросын шууд хөрөнгө оруулалтын сан /РФПИ/, Таиландын конгломерат Charoen Pokphand Group /C.P. Group/, Хятадын Banner Infant Dairy Products /Banner Dairy/ компани, Ойрхи Дорнодын хөрөнгө оруулагчид, банкууд мөн Рязань мужийн Засгийн газар хамтарсан хөрөнгө оруулалтаар Рязань мужид сүүн, бүтээгдэхүүний томоохон цогцолбор барих нэг тэрбум ам.долларын гэрээнд гарын үсэг зурлаа. РФПИ ба Вьетнамын State Capital Investment Corporation /SCIC/ гэх улсын хөрөнгө оруулалтын сан хоёр нийт 500 сая ам.долларын хөрөнгө оруулалтын хамтарсан сантай болох тунхаглалд гарын үсэг зуржээ.Оросын Засгийн газар Индонезийн Засгийн газартай батлан хамгаалах салбарт хамтрах гэрээ байгууллаа.

Харилцааг хөгжүүлэх замын зураг

Саммитийн үр дүнгээр, стратегийн түншлэлийг эрчимжүүлэх хамтын ажиллагааг хөгжүүлэх шаардлагыг тусгасан Сочийн тунхаглалыг гаргалаа. Мөн хамтын ажиллагааг 2020 хүртэл хөгжүүлэх цогц төлөвлөгөөг гаргажээ. Оросын ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков: "Хоёр талын хамтын ажиллагааг бүх салбарт урагшлуулах том түлхэцийг энэ саммит өгнө гэж бид найдаж байна. Стратегийн шинэ түвшинд түншлэл гарч ирнэ. Учир утгаараа бол бидний хамтын ажиллагааг бүх салбарт урагшлуулах “замын зураг” нь энэ саммит болно”.
Эвслийн орнууд бүх талын чиглэлээр хамтран ажиллаж, яриа хэлцэл хийж болох чухал түнш гэж Оросыг үзэж байгаа хэмээн тус байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Ле Лыонг Минь үзээд энэ талаар: “Бид сүүлийн 20 жилд харилцаа улам гүнзгийрэн өргөжиж байгаа чухал түнш гэж үзэж байна. Малайзид 2005 онд хамтарсан тунхаглал гаргаснаас хойш бидний хамтын ажиллагаа нь улс төр, аюулгүй байдал, худалдаа, хөрөнгө оруулалт, шинжлэх ухаан, технологи, боловсрол, хүнсний аюулгүй байдал, эрчим хүч, хөдөө аж ахуй, аялал жуучлал, тээвэр, соёл, сүйрлээс урьдчилан сэргийлэх зэрэг бүх чиглэлийг хамаарч байна” гэж хэлэв.

Чөлөөт худалдааны бүс ба нэгдлийн интеграци

Одоо Евроазийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага /ЕАЭЗХАБ/ ба Вьетнамын хооронд чөлөөт худалдааны бүс байгуулсан гэрээ батлагдах шатандаа байгаа юм. Худалдааны чөлөөт бүс байгуулах хэлэлцээрийг өнгөрсөн дөрвөн сард Орос, Тайланд хоёр эхлүүлсэн байгаа.
Орос, Индонезийн ерөнхийлөгчид уулзах үеэр чөлөөт худалдааны бүсийн “замын зургийг” ярилцсан байна. Оросын ерөнхий сайд Дмитрий Медведев “Сингапурын эдийн засгийн гайхамшиг” гэдгийг бүтээгч Ли Куан Югийн хүү ерөнхий сайд Ли Сянь Лунтай уулзах үеэр ЕАЭЗХАБ-тай чөлөөт худалдааны бүс байгуулах Сингапурын эрмэлзлэлийг тэд ярилцжээ. Ли Сянь Лун: Бид Евроазийн эдийн засгийн комисстай харилцан ойлголцлын тунхаглалд гарын үсгээ зурцгаасан. Тэр нь чөлөөт худалдааны бүс байгуулах гэрээг байгуулахад хүргэнэ гэдэгт итгэлтэй байна” гэж хэлжээ. Мөн Камбож ч чөлөөт бүсийн төлөө байна.

Оросын Ази дахь гурван тулгуур

Оросын уг бүс нутагт эдийн засгийн оролцоо нь нефть, хийн салбар, цөмийн эрчим хүч, цэрэг, техникийн хамтын ажиллагаа гэсэн гурван тулгууртай. Өнөөдрийн хувьд Оросын нефть, хийг Сингапур, Малайзи хоёр авч байгаа.

АСЕАН-ы орнууд ба Энэтхэг, Хятадад Оросын зэвсгийн экспортын тал хувь нь нийлүүлэгддэг. Вьетнам ч Оросын зэвгийг авдаг уламжлалт түнш нь юм. Индонези орос зэвсэг авахаар болж байна. Малайз ч захиалга өгсөн ба Тайланд бас зэвсэг авах хүсэлтэй. Москва Жакартатай Индонезид бага дунд калибрийн их бууны сум, цэнэг үйлдвэрлэх боломжийн талаар ярилцаж байгаа. Зэр зэвсгээс гадна мэдээллийн технологийн наймаа яригдаж байгаа юм. АСЕАН Орос хоёрын энэ салбарын зах зээлийн эзэлхүүн нь жилдээ 100 тэрбум ам.долларын хэмжээтэй. Тэгэхээр энэ салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь чухалд орно. Энэ болж өнгөрсөн саммитийн учир утга нь худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд шинэ түлхэц өгөх явдал байлаа. Одоо эдийн засгийн барууны хоригтой, эдийн засгийн байдал тааруу Орост энэ саммит ихээхэн чухал байв. Саммитийг тэр чигтээ таалагдлаа гэдгийг эцсийн үр дүнгээр хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр Владимир Путин онцолж байлаа.

Эх сурвалж:

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж