-Монгол контентыг экспортлох асуудлыг хэлэлцэж байна-
“Маша, баавгай хоёр” хүүхэлдэйн киноны Маша охины дүрийг найман наснаас эхлээд наян настай буурал хүртэл андахгүй биз. Яг үүн шиг, монгол ахуйг илтгэж, ёс заншил, соёл түүхээ таниулж чадахуйц үлгэрийн баатар, хүүхэлдэйн киноны дүрийг комик ном, анимэйшн хүүхэлдэйн киногоор дамжуулан олон улсад гаргах талаар салбарынхан өнөөдөр хэлэлцэж байна.
“Монгол агуулгыг дэлхийд экспортлох” уриан дор өнөөдөр Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд /БСШУЯ/ комик, анимэйшны салбарт хүч үзэж буй залуус чууллаа. Монголд энэ салбар дөнгөж эхлэлээ тавьж байгаа. Комик ном хийдэг 4-5 байгууллага байдаг бол анимэйшн хүүхэлдэйг залуус ганц, хоёроороо нэгдэж сонирхлоороо хийхээс хэтэрдэггүй юм байна. Тиймээс энэ залуусыг нэгтгэж, төрийн бодлогоор дэмжих шаардлагатай гэдгийг энэ үеэр албаныхан онцоллоо. Улмаар комик, анимэйшнээр дамжуулан монгол агуулгыг дэлхийд экспортлох ажлын эхлэл тавигдаж байгааг БСШУЯ-ны Соёлын бодлого, зохицуулалтын газрын дарга Д.Гантөмөр хэлж байв.
Монгол агуулгыг дэлхийд сурталчлах ажлын хүрээнд өмнө нь “Монгол дуу дэлхийд” төслийг хэрэгжүүлж байсан. Харин энэ удаад комик, анимэйшны салбарыг сонгожээ. Учир нь комик ном, анимэйшн хүүхэлдэй нь цэвэр дүрийн бизнес юм байна. Аливаа нэг дүрээр цуврал хийж, адал явдалтай учруулж олны сэтгэлд хоногшуулахад энэ салбарын утга учир оршдог. Тиймээс комик ном, анимэйшн хүүхэлдэйн монгол дүр, монгол ахуйг олонд таниулах замаар эдгээр оюуны бүтээгдэхүүнээ экспортлох боломжийг бүрдүүлэх юм байна.
Мөн орчин цагийн хүүхдүүдэд комик номоор дамжуулан түүх соёл, уламжлалыг нь таниулах боломж олгоно гэж үзэж байна. Энэ ажлыг дотоодын комик номны үйлдвэрлэгчид аль хэдийн эхлүүлжээ.
Япон, АНУ гээд олон улс энэ салбарт өндөр хөгжсөн. Манай улсын хувьд технологийн хөгжлөөр тэднийг давдаггүй юм аа гэхэд дутахгүйгээр, үүний хажуугаар монгол ахуй, соёл бүхий дүрээр бусдаас ялгарч дэлхийн зах зээлд гарах зорилгыг тавьжээ. Үүний тулд төрийн нэгдсэн бодлого шаардлагатай юм байна. Энэ хүрээнд өнөөдөр салбарынхан чуулж, тулгамдсан асуудлаа хэлэлцэж байгаа аж. Мөн төрөөс комик, анимэйшны чиглэлд эрхзүйн орчныг боловсронгуй болгож өгчээ. Одоо хэлэлцэж буй Киноны тухай хуульд комик, анимэйшны тухай зохицуулалтыг оруулсан нь томоохон боломж гэдгийг дурдаж байлаа.
Б.ЗАЯА