Хуульгүй байх төлөвлөгөө

Хуучирсан мэдээ: 2016.05.24-нд нийтлэгдсэн

Хуульгүй байх төлөвлөгөө

Монголчуудын түүхэнд хар толбо үлдээсэн 2008 оны долдугаар сарын 1-ний үймээн болсон тэр мөчид анхаарал татахуйц нэг зүйл нь ЦЕГ-ын даргыг томилоогүй байсан явдал. Гарч болзошгүй үймээн самуунаас урьдчилан сэргийлэх ёстой гол байгууллагын даргыг томилох боломж байсаар атал томилоогүй нь одоо хэр хардах сэдэл төрүүлдэг.

2008 оны гуравдугаар сарын 19-ний өдөр генерал Ч.Амарболдыг ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон ч түүнээс хойшхи хугацаанд жинхлээгүй нь элдэв шаардлагыг хангах эсэхээс илүүтэй ЦЕГ-ыг шууд утгаараа улстөрчид өөрсдийн мэдэлд байлгах сонирхол байсан болов уу гэмээр.

Нэгдүгээрт, Ч.Амарболд үүрэг гүйцэтгэгч. Өөрсдийнх нь өмнөөс үг сөрвөл өөр хүнээр солих бүрэн боломжтой. Нэгэнт үүрэг гүйцэтгэгч учраас том асуудалд өөрийн байр сууриас хандаж, тууштай шийдвэр гаргах магадлал бага. Ийм нөхцөл байдал улстөрчдөд бол ашигтай. Өөрсдийн хүссэнээрээ ЦЕГ-ыг хөдөлгөнө гэсэн үг. Ийм байдал тухайн үеийн Ерөнхий сайд С.Баяр, Хууль зүйн сайд Ц.Мөнх-Оргил нарт ашигтай байсныг өнгөрсөн үйл явц харуулдаг. 2008 оны долдугаар сарын 2-нд МҮОНТ-д өгсөн ярилцлагадаа Ц.Мөнх-Оргил галт зэвсэг хэрэглээгүйг цохон тэмдэглэж, нэг ч хүний амь эрсдээгүй талаар мэдэгдсэн байдаг ч хэвлэлийн ачаар иргэдийг хэрхэн хөөж байгаад буудсаныг I эмнэлгийн эмч, сувилагчид харснаа ярьсан нь үнэнийг нуух боломжийг хаасан. Энэ үед шүүх, цагдаагийнхан бүхэлдээ эрх баригчдын гарын аясаар хөдөлж байсан бол хэний барьсан бууны сумны хонгио хаанаас олдсоныг Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаахынхан тогтоосон тухай мэдээлэл ч бий. Удирдагчгүй бол ямар ч хүчтэй арми хяналтаа алдах нь ойлгомжтой.

Энэ бүхнийг хөндөх болсон шалтгаан нь сүүлийн үед үүнтэй ижил сценари яваад байх шиг. ЦЕГ-ын газрын дарга Р.Чингисийг огцруулахыг оролдсон ч бүтэлгүйтэв. Харин одоо өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн АТГ-ын даргын оронд тавих хүнийг ямар ч шалтгаангүйгээр гацааж орхив.

Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбатын хэлснээр “УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, чуулганаар хэлэлцэх асуудлыг эхлээд УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөр оруулж хэлэлцүүлдэг. Энэ процедур хийгдэхгүй байна” гэнэ. Ерөнхийлөгчийн зүгээс хэзээний Х.Энхжаргалыг санал болгосон ч энэ асуудлаар Ардчилсан намын бүлэг завсарлага авч, завсарлагын хугацаа өнгөрсөн долоо хоногт дуусгавар болсон ч асуудал таг чиг. Хуулиараа бол Ерөнхийлөгч АТГ-ын даргад нэр дэвшигчийн нэрийг УИХ-д мэдүүлсэн бол холбогдох Байнгын хороогоор долоо хоногт багтаагаад хэлэлцэх ёстой.Эндээс харвал Х.Энхжаргал чуулганы хуралдаанаар хэлэлцэх сонирхол лав УИХ-ын даргад байхгүй бололтой.

ЦЕГ-ын газрын дарга Р.Чингисийг огцруулахыг оролдсон ч бүтэлгүйтэв. Харин одоо өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн АТГ-ын даргын оронд тавих хүнийг ямар ч шалтгаангүйгээр гацааж орхив.

Энэ асуудалтай холбоотойгоор Ардчилсан намын бүлэг хуралдахгүй байна гэсэн хар ч огт оргүй зүйл биш бололтой. Д.Ганбатын хэлснээр “Бүлэг хуралдвал хуралдчих л байлгүй”. Өөрсдийн ашиг сонирхол нэгдсэн асуудлыг шөнө оройгоор ч хамаагүй 100 хувийн ирцтэйгээр хуралдаанд оруулж чаддаг улстөрчдөд ирц хүрээгүй гэдэг шалтаг болохоос шалтгаан биш.

АТГ-ын даргын суудалд хэн байх вэ гэдэг улстөрчдийн хувьд маш том асуудал. Ялангуяа эрх мэдэлтнүүдтэй холбоотой оффшороос эхлээд төсвийн хөрөнгө шамшигдуулсан, мөнгө угаасан байж болзошгүй хэргүүдийн дуулиан ид хүчээ авч буй энэ үед энэ томилгоог хийх нь үхрийн сүүлэн дээр хутга болоод буй нь мэдээж. Ер нь АТГ-ын дарга яагаад өөрийн хүсэлтээр ажлаа өгөв гэдэг ч цаанаа бодох л асуудал. Ил биш ч далд дарамт, шахалт байсныг үгүйсгэх аргагүй.

АТГ-ын даргыг томилохгүй, тодорхой эзэнгүй байлгах нь хэнд ашигтай вэ, лав жирийн иргэдэд биш.

УИХ-ын сонгуульд болоход ердөө сар гаруйхан хугацаа үлдсэн энэ мөчид болж өгвөл энэ томилгоог хийхгүй байсаар хаврын чуулганыг завсарлуулах сонирхол тодорхой бүлэглэлд буй бололтой. Хэрэвзээ тэгж чадвал сонгуулиас өмнө ил болж болзошгүй асуудлаа сөхүүлэлгүй дахиад халдашгүй дархан эрхтэй бол, хамгаалалтад орох сонирхол байхыг ч үгүйсгэхгүй. Тиймээс л энэхүү томилгоог хийлгэх сонирхол алга гэхээс өөр арга алга.

Хамгийн сайн хамгаалалт сөрөг довтолгоо гэдэг дээ. АТГ-ын даргыг томилохгүй, тодорхой эзэнгүй байлгах нь хэнд ашигтай вэ, лав жирийн иргэдэд биш.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж