Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн БНСУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр харилцан хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр талууд санал нэгдлээ гэж Өмнөд Солонгосын мэдээллийн Ёонхап агентлаг уламжиллаа.
БНСУ-ын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Чанг Монгхю Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч А.Ганбаатар нартай Сөүл хотноо уулзалт хийж, хөлбөмбөгийн спортын хүрээнд харилцан хамтран ажиллах боломж, нөхцлийн талаар хэлэлцжээ. "Би хөлбөмбөгийн спортод хайртай. Хэдийгээр Монголын хөлбөмбөг хөгжлийн эхэн шатандаа явж байгаа боловч хэзээ нэгэн цагт манай улс хөлбөмбөгөөрөө Өмнөд Солонгос улс шиг Азидаа тэргүүлнэ гэдэгт би итгэдэг. Монголын хөлбөмбөгийн тамирчид Европ тоглохыг харахыг би хүсдэг” гэж Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уулзалтын үеэр илэрхийлжээ.
БНСУ-ын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Азийн хөлбөмбөгийн холбооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн юм байна. Монгол улсад хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэхэд БНСУ-ын хөлбөмбөгийн холбоо дэмжлэг туслалцаа үзүүлэхэд бэлэн байгаа гэдгийг уулзалтын үеэр Чанг мэдэгдсэн байна. "Монгол улсад хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэхэд өргөн боломж бий. Хөлбөмбөгийн хөгжил нь залуу үеийнхний хөгжлийн үндэс болдог гэдэгт би хувьдаа итгэдэг. Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчтэй хамтран ажиллаж, хөлбөмбөгийн тоглогчдын солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллахаар болсондоо таатай байна” гэж уулзалтын үеэр БНСУ-ын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч өгүүлжээ.
Эх сурвалж: www.likenews.mn