Хоёр эвслээс 31, бие даагчдаас дөрвийг нь нэр дэвшигчээр бүртгэлээ
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд оролцохоор 11 нам, хоёр эвсэл, 19 бие даагч нийт 333 нэр дэвшигч нийслэлийн Сонгуулийн хороонд бүртгүүлж, шаардагдах материалаа илгээсэн билээ. Ингээд нийслэлийн Сонгуулийн хороо нэр дэвшигдчийн ирүүлсэн холбогдох бичиг баримтыг шалгаад, 19 бие даан нэр дэвшигчийн материалыг шаардлага хангаагүй. Харин Эх орончдын нэгдсэн эвсэл болон Тусгаар тогтнол, эв нэгдэл эвслээс нэр дэвшигчдийг бүртгэх боломжгүй гэж үзэн, нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан юм. Нийслэлийн Сонгуулийн хорооны энэхүү шийдвэр НИТХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшихээр бүртгүүлж чадаагүй бие даагч, эвслүүдэд хүндээр тусч, гомдол гаргаад байсан.
Тэгвэл нийслэлийн Сонгуулийн хороо өчигдөр /05.22/ дахин хуралдаж, 19 бие даагчаас тавыг нь, хоёр эвслээс нэр дэвшсэн 37 иргэнээс 31-ийг нь бүртгэх шийдвэр гаргажээ. Эх орончдын нэгдсэн эвслээс С.Рэнчинпагма гэх иргэнийг нэр дэвшүүлсэн тогтоолд нэр нь байгаагүй Тусгаар тогтнол эв нэгдлийн эвсэлээс Т.Нямбатыг нас нь хүрээгүй, Ш.Цэцгээ, Б.Санжаажав нарыг баримт бичгийн бүрдэл дутуу, М.Төрбаяр, О.Базарвааны нарыг баримт бичиг ирээгүй шалтгаанаар нийслэлийн Сонгуулийн хороо нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан байна.
Нийт 19 бие даагчаас хуульд заасан баримт бичгийн бүрдэл хангасан, сонгогчийн гарын үсгийн хувьд хуулийн 129.3-аар зөрчилгүй гарын үсгийн тоо нь 501-ээс доошгүй байгаа Ундрахбилэгийн Даваажав /БЗД-10-р тойрог/, Өөлдийн Мөнхбат /БЗД-9-р тойрог/, Солооны Энхбаяр /ЧД 42-р тойрог/, Адилбишийн Туяабаатар /НД 45-р тойрог/ нарыг нэр дэвшигчээр бүртгэж авах шийдвэрийг нийслэлийн Сонгуулийн хороо гаргасан байна. Харин бусад нэр дэвшигчдийн хувьд хуульд заасан шаардлагыг хангаагүйн улмаас бүртгэх үндэслэлгүй гэж үзжээ. Тухайлбал, бие даан нэр дэвшигч Б.Нарангаваа нь Сонгуулийн тухай хуулийн 157.3-т заасан баримт бичгийн бүрдэл дутуугаас гадна нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг огт ирүүлээгүй учир хуульд заасны дагуу бүртгэх боломжгүй болжээ. Мөн дүүргийн сонгуулийн хороодоос ирүүлсэн сонгогчийн гарын үсгийн маягтыг үнэн зөв эсэхийг шалгасан дүгнэлтийг дахин магадлан шалгахад 14 бие даагч хуулийн шаардлага хангаагүй тул нэр дэвшигчээр бүртгэх боломжгүй гэж нийслэлийн Сонгуулийн хороо үзсэн байна.
Зураглаач: Ц.АРИУНБОЛД