Улсын Филармонийн хоёр давхарт байрлах “Баянмонгол” чуулгын бэлтгэлийн зааланд “Цэнхэр нүдэн” дууны ая эгшиглэнэ. Дотогш орж, үүдээр нь шагайвал “The Lemons” хамтлаг энэ сарын 27-нд болох “Unplugged” буюу амьд тоглолтынхоо бэлтгэлийг хийж байв.
Амьд хөгжмийн орон зайд томоохон байр суурийг эзлэх тус хамтлагийн бие даасан дөрөв дэх тоглолт тун удахгүй Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа болох гэж байна. Энэ театрын тайзнаа тоглох болсон нэг шалтгаан нь тус хамтлагийн дуучин Ц.Одбаяр, А.Энхтулга нар Дуурь, бүжгийн театрын хөгжимчин Г.Намнансүрэнгээр анх гитар заалгаж байсан ажээ. Тиймээс ч энэ удаагийн тоглолт амьд гэдэг утгаараа олон тоглолтын заал хайсны эцэст бидэнд ээлтэй Дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзыг сонгосон хэмээн хамтлагийнхан ярьж байлаа.
Энэ удаагийн тоглолтоор тус хамтлаг нийт 10 дууг оркестортой дуулах бөгөөд таван дуугаа хамтлагаараа дуулах гэнэ. “Манай хамтлагийн дуунууд сонгодог хөгжимчидтэй тоглож байгаа учраас сонсогчиддоо өмнөх тоглолтуудаас өөр мэдрэмжийг мэдрүүлэх болно” хэмээн хамтлагийн гишүүд ам бардам хэлж байлаа. Тоглолтод оркестртой дуулагдах 10 дууг “Пауз” хамтлагийн төгөлдөр хуурч Ж.Энхбаяр шинэчлэн найруулсан бөгөөд ганцхан удаа тоглогдох юм.
Ийн тоглолтын бэлтгэлийн үеэр тус хамтлагийнхантай ярилцлаа. Бэлтгэлийн үеэр тус хамтлагийн гоцлол дуучин Одно буюу Ц.Одбаяр хараахан ирээгүй байв.
-Тоглолтын бэлтгэл хэр байна?
Д.Анар: Өмнө дөрвүүлээ хөгжмийн бэлтгэл хийдэг байсан. Заримдаа даралтат хөгжимчинтэй хамт тоглодог байлаа. Энэ удаа хамтлагаас гадна 15 хөгжимчинтэй хамт бэлтгэл хийлээ. Бэлтгэлийн үеэр хамтлагийн дуунуудаа хөгжимчидтэйгээ хэрхэн тоглохоо тохирч байна.
М.Энхтулга: Анх өөрсдөө хөгжмийн найруулгаа хийхээр зориглоод хамаг хугацаагаа алдчихсан. Оркестортой тоглохоор та нарын бодсон шиг дугарахгүй хэмээн Ж.Энхбаяр ах маань зөвлөсөн юм.
-Тоглолтын дараа гадаадад тоглоно гэсэн үү?
А.Энхтулга: Барселон хот болон Европоор аялан тоглох төлөвлөгөөтэй байгаа.
-Энэ удаагийн тоглолтыг хойшлуулаад 27-нд болсон гэл үү?
Д.Анар: “Unplugged” тоглолтоо энэ сарын 20-ны өдөр хийх байсан боловч амжихгүй байсан учраас долоо хоног хойшлуулсан юм.
-Тоглолтын билет энэ сарын 12-ноос худалдаанд гарсан. Зарим хүмүүс үнэтэй гэх юм?
М.Өнөрбаяр: Дуурь, бүжгийн театрын заал угаасаа цөөн суудалтай. Тиймээс зардлаа нөхөхийн тулд билетээ үнэтэй худалдаалж байгаа гэж ойлгож болно. Тоглолтын билет 40-80 мянган төгрөгөөр зарагдаж байгаа. Зарим хүнд үнэтэй санагдаж байгаа байх. Гэхдээ сүүлийн үеийн тоглолтын ханш гэж бодож байна.
-“The Lemons”хамтлаг намба суучихаа юу даа?
М.Өнөрбаяр: Тэгэлгүй яахав дээ одоо 30 хүрчихлээ шүү дээ.
-Хамтлагийн хамгийн хамгийн?
Д.Анар: Хамгийн цаг барьдаггүй нь Одно буюу Ц.Одбаяр.
Н.Өнөрбаяр: А.Энхтулга өмхий хүрэн буюу хамгийн ажилсаг нь хэрнээ хүнд гар. Д.Анар хамгийн хөдөлмөрч нь. /инээв/
-Магтах тал руугаа яваад байна уу?
Д.Анар: Одоо намайг магтсан юм чинь зөрүүлээд багтахгүй бол болохгүй байлгүй дээ. М. Өнөрбаяр хамгийн хүн чанартай нь бас хойрго нь.
-Та нарт хоч бий юу?
-Тэрийг одоо олонд зарлаад яах вэ. Нохой, гахай гээд олон хоч байгаа. /инээв /
-Дараагийн цомог хэзээ гарах вэ?
А.Энхтулга: Энэ тоглолт дуусаад шинэ цомгийнхоо ажилд орно. Өмнөх цомгуудад багтсан дуунууд 100 хувь элекроник дугаралттай байгаагүй. Дараагийн шинэ цомогтоо электро урсгалын дуунуудаас бүрдэх болно.