Иргэний үг, төрийн шийдвэр

Хуучирсан мэдээ: 2016.05.24-нд нийтлэгдсэн

Иргэний үг, төрийн шийдвэр

-Төрийн чих онгойж, түмний үгийг сонсдог болсон-

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2009 онд Төрийн тэргүүнээр сонгогдсоныхоо дараа орон нутгийн засаглалд иргэдийн оролцоог дэмжих үүднээс “Иргэний танхим”-ыг байгуулах санаачлага гаргасан билээ. Энэ санаачлалыг хүрээнд Нийслэл хот болон есөн дүүрэг, 21 аймаг гээд Монгол Улс даяар нийтдээ 370 гаруй иргэдээ сонсох Иргэний танхимтай болоод байна. Өөрөөр хэлбэл, иргэдтэй харилцах төрийн анхан шатны байгууллага болох хороо хэсэг гэхэд л иргэдээ сонсох Иргэний танхимтай болоод удаж байгаа билээ. Ер нь Ардчилал хөгжсөн ихэнх орон иргэдээ сонсох танхимтай байдаг. Тэгээд ч монголчууд “Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй” гэж ярьдаг.

Энэхүү танхимын гол зорилго нь төр, засгийн байгууллагын зүгээс төсөв батлах, хууль, хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргахаас өмнө иргэдийн санал, бодлыг сонсох “онгорхой чих” болж байна. Ерөнхийлөгч нэгэнтээ “Төр байгаа учраас ард түмэн байгаа юм биш. Ард түмэн байгаа учраас төр байгаа юм” гэж хэлсэн нь бий. Яг энэ өнцөгөөр харвал төрийн оршин тогтнох үндэс болсон ард түмнийхээ үгийг сонсдог, төрийнхөө гаргаж байгаа шийдвэрт ард түмэн өөрсдөө оролцдог болсон. Энэ нь том төрөөс ухаалаг төр рүү шилжих концепцийн нэг алхам.

Хэдэн жилийн өмнө Монголын төр таг дүлий байсан. Хүнд сурталтай, иргэдээсээ хол, цөөн хэдэн албан тушаалтнууд “дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэдэг” байв. Өөрөөр хэлбэл, сонгогдсон юм уу томилогдсон хэдхэн албан тушаалтнууд л орон нутгийн иргэдийн амьдрал, аймаг, хотын хөгжилтэй холбоотой шийдвэрийг гаргадаг байсан. Харин одоо захын аймаг, сум төсвөө батлахын өмнө иргэдтэйгээ уулздаг, захын нэг дарга шийдвэр гаргахын өмнө иргэдийнхээ санаа бодлыг сонсдог болсон нь Ерөнхийлөгчийн санаачлагын үр дүн. Тухайлбал, долоон жилийн өмнө долдугаар сарын 1-ний хэргээр УИХ нэгэнтээ нээлттэй сонсгол хийсэн нь иргэний нийгмийн оролцоог хангах эхний чухал алхам болсон байдаг.

“Хуулийн төлөө хүн амьдардаггүй, хүний төлөө хууль баталдаг” учраас УИХ-аас батлагдаж байгаа хууль, дүрэм, гүйцэтгэх засаглалаас гаргаж байгаа журам, бодлогод иргэд санаа бодлоо хэлэх нь иргэний нийгмийн хамгийн том оролцоо юм. Хэдэн жилийн өмнө сум, дүүргийн төсөв хэдэн төгрөг байдаг, юу юунд, ямар зориулалтаар зарцуулагддаг талаар асуувал хэн ч хариулж чаддаггүй байсан бол одоо иргэд дүүргийн мөнгөөр хэн юу хийж байгааг, ямар дарга хэдэн төгрөг хаана зарцуулж буйг мэдэх эрхтэй болсон. Тэрч бүү хэл төсвийн мөнгөөр юу хийх вэ гэдгийг шийдэхэд нь нөлөөлдөг боллоо. Тиймээс энэ удаагийн сонгуулиар иргэд дүүрэгтэйгээ ойр, иргэддээ ойр хүмүүс л сонгогдож гарах болов уу. Тэр тусмаа Улаанбаатар хот, аймаг сум, дүүргийн гээд орон нутгийн сонгуульд өрсөлдөж байгаа хүмүүсийн хувьд хэн иргэдээ сонсдог, иргэдийнхээ үгийг хүлээж авдаг байсан нь энэ удаагийн сонгуулийн санал хураалтад нөлөөлнө.

Цөөн хэдэн дарга нарын гарт төвлөрсөн эрх мэдлийг сааруулж, төрийн дээд, дунд, доод төвшинд иргэдийнхээ санаа бодлыг сонсдог болсноор аль дүүрэгт хүүхдүүд цэцэрлэггүй хоцорч байгааг, аль аймагт ажилгүйдэл их, амьжиргааны төвшин муу байгааг, хаана дэд бүтцийн бүтээн байгуулалт өрнүүлэх чухлыг шийдвэрлэхэд хялбархан болсон. Ингэснээр аймаг сумын удирдлагуудын гаргаж байгаа шийдвэр амьдралд ойрхон, иргэдэд хүртээмжтэй болсон юм. Энэ бол иргэдэд эрх мэдлийг нь өгсөн шууд ардчилалын нэг хэлбэр.

Гадаад, дотоодын хөрөнгө оруулалт, эдийн засгийн өсөлтийг яаж хөгжил болгож хувиргах вэ, яаж айл өрх, иргэн бүрт хүргэх вэ гэдгийн хариулт нь орон нутгийн төсвийн эрх мэдлийг иргэдэд өгөх, иргэдийн оролцоо, шууд ардчиллыг нэмэгдүүлэх бодлого байсан гэж хэлж болно. Монгол Улсад орон нутгийн хөгжлийн санг иргэдийн шууд оролцоотойгоор, тэдний саналаар хуваарилах болсноор төсвийн зарцуулалт ч оновчтой, орон нутгийн хөгжилд ч нэмэртэй болсныг орон нутгийн удирдлагууд болон тэнд оршин суугаа иргэд хэлж байна. Бүр адаглаад хүнд сурталтай гэгддэг цагдаагийн байгууллагууд хүртэл иргэдээ сонсдог Иргэний танхимтай болсон байна лээ.

Хэдийгээр төрийн албан хаагчдын мэдлэг, чадвар, чадавхи сул, энэ үйл ажиллагаанд улс төрийн нөлөөлөл хэт их хэвээр байгаа, аливаа шинэ зүйлийг улстөрийн өнцгөөс харж асуудалд ханддаг хуучинсаг хандлага байсаар байгаа ч “Түнэр харанхуйг зүхэж сууснаас нэг ч гэсэн лаа асаа” гэсэн нэг сайхан үг бий. Энэ лааны эхнийхийг Ерөнхийлөгчийн санаачилсан иргэний танхим асаасан гэж хэлж болно.

Т.ИРМҮҮН

Эх сурвалж: "Өдрийн сонин"

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж