Гурван жилийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гарган цаатан иргэдийн ахуй амьдралыг сайжруулах, сурч боловсрох нөхцлийг нь хангах, эрүүл мэнд, нийгмийн хамгааллыг нь баталгаатай болгох, цаа бугын аж ахуйг сэргээх зорилгоор Засгийн газарт тодорхой чиглэл өгч байсан юм.
Төрийн тэргүүний энэхүү зарлиг хэрхэн хэрэгжиж байгаатай өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгчийн Тамгын газрынхан танилцаж, цаатан иргэдийн дунд хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх О.Чулуунбилэг удирдав.
Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд өдгөө 250 гаруй цаатан иргэн амьдарч байна. Ерөнхийлөгчийн зарлиг хэрэгжиж эхэлснээр цаатан иргэд сар бүр 130 мянган төгрөгийн тэтгэлэг авдаг болж, ахуй амьдралд нь нэмэр тусаа үзүүлэн амьжиргааных нь гол хэрэгсэл нь болон хувирчээ. Хэдийгээр энэхүү тэтгэлэг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс бага боловч хүүхдээ сумын төвд сургуульд сургахад нь дэмжлэг болоод зогсохгүй эм тариагаа залгуулахад нь нэмэр болдог аж. Харин цаатан оюутнуудын хувьд ерөнхийлөгчийн зарлигийн дагуу сургалтын төлбөрийн дэмжлэг авдаг.
Цаа буга малладаг ч түүнийгээ таван хошуу малын нэгэн адил эдийн засгийн эргэлтэд оруулах боломж хязгаарлагдмал аж. Цаа бугынхаа сүүгээр цай сүлж ууна, арьс нэхийг ашиглана. Өөрөөр хэлбэл, үүнээс өөрөөр цаа бугаас гарах ашиг шимийг хүртээ ахуй амьдралын үндсэн орлого болгох боломж хомс байна. Жуулчид сүүлийн жилүүдэд харьцангуй их ирдэг болсон ч хангалттай орлогын эх үүсвэр болж чаддаггүй байна. Ядаж байхад ирсэн жуулчдын нутагтаа буцаж очоод ийм тийм туламж явуулсан авсан уу гэж асуудаг ч ихэнхи нь барааг нь ч хардаггүй тухайгаа цаатнууд иргэний танхимаар дамжуулан “ховлов” Гэхдээ уйгур угсааны тува иргэдээ төр бодлогоор дэмжиж, цаа бугыг өсгөн үржүүлснээр Монгол үндэсний онцлог хэв шинжийг агуулсан угсаатнаа хамгаалж үлдэх боломжтой хэмээн үзэж байгаа юм. Ерөнхийлөгчийн зарлиг хэрэгжих шатанд цаатан биш иргэд энэхүү тэтгэлгийг хүртэж, ойдоо цаа малладаг зарим хэсэг нь хоосон хоцорч байгаа тул үүнд төр анхаарч бүртгэлийг сайжруулахыг тэд энэхүү хэлэлцүүлгийн үеэр хөндлөө.
Мөн цаа бугын тоо толгойг өсгөж үржүүлэх зорилгоор Турк улсаас буга авчирсан ч тээвэрлэлтээс болж, ихэд зутруу ирж идээшиж өгөхгүй байсан ажээ. Иймд ОХУ-аас буга отрын аргаар хөлөөр нь оруулж ирэх шаардлага тулгарч байгааг хуучлав. Хуучин цагт малыг хөлөөр нь тууж ОХУ-д гаргаж байсантай адил ОХУ-аас цаа буга хөлөөр нь туугаад оруулаад ирэх боломжтой гэнэ. 1980 аад оны эхээр хэсэг цаа бугыг Оромоом оторлох замаар оруулж ирэхэд оролцсон гэдгээ отгын ахлагч Ганбат гуай хуучилж байна лээ. Иймээс энэ асуудалд анхаарч, Ерөнхийлөгчийг Засгийн газарт хандан асуудал тавихыг хүслээ.
Алс бөглүү тайгад иргэний танхим нүүдэллэн ирж, санал бодлыг сонссон нь амьд харилцаа үүсгэж, хоёр жилийн өмнө Төрийн ордонд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой биечлэн уулзаж, халуун дулаан яриа өрнүүлж байсан тэрхүү дурсамжийг нь сэргээлээ гэдгээ цаатан иргэд хэлж, мөн Монгол Улсын Ерөнхийлөгчид талархал дамжуулахыг хүссэн юм.
Ерөнхийлөгчөө далай ээжийн тухай зарлиг гэж нэрлээрэй
Монголын төдийгүй дэлхийн хөх сувд хэмээн нэрлэгдсээр удаж байгаа Хөвсгөл далайг хамгаалах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргахаар болжээ. Ийм мэдээг Ерөнхийлөгчийн Тамгын газрынхан Хатгал, Ханх тосгоны иргэд, удирдлагуудтай иргэний тэнхимийн нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулах үеэрээ дуулгахад уухайлан хүлээн авсан юм.
Зуны эхэн сар дундаа орж буй ч зарим газраа нэг метр хүрсэн энэ цаснаар Хатгал тосгоны иргэд идэвхитэй цугларчээ. 1976 оноос хойш ийм их цас үзсэнгүй хэмээн хуучлах настай хүмүүс, төрийн албаныхан, тосгоны залуучууд хамтдаа соёлын төвийг дүүргэж иргэний танхимаар ерөнхийлөгчийн зарлигийн төслийг идэвхитэй хэлэлцлээ.
Нутгийн иргэд Хөвсгөл далайг ЮНЕСКО-д бүртгүүлэх хүсэлтэй байгаа ч юуны түрүүнд хөх сувдаа түшиглээд аялал жуулчлалыг хөгжүүлэхдээ олон улсын жишигт хүргэх замаар Хөвсгөл нуурын ойр орчмын сумдын иргэдийн амьжиргааг нэмэгдүүлэх ёстойг олонх нь онцолж байлаа. Усны тухай хуулиар нуурын эргээс 250 метр зайд жуулчны баазууд үйл ажиллагаа явуулах ёстой ч энэ хууль гарахаас өмнө эрэгт тултал барьсан баазуудыг нүүлгэх нь хүндрэлтэй байгаа гэнэ. Нөгөөтэйгүүр, засмал зам тавигдаж тус газрыг зорих иргэдийн тоо өссөн нь эргээд байгалиа сүйтгэх, нуураа бохирдуулж эхэлсэнд нутгийн иргэд ихээр дургүй байгаа юм байна. Өнгөрсөн жил л гэхэд 73000 орчим жуулчин ирсэн нь Хатгал, Ханхын иргэдийг хөөрхөн сандраагаад авчээ. Одоогийн нөхцөлөөр 00 нь далайтайгаа ойр, зарим жуулчид майхан барьж хоноглочихоод явахдаа ойр орчмоо бохирдуулдаг, архидан согтуурдаг байна.
Дээрх бүх хүндрэлээс гарах гол арга бол Хөвсгөл далайн эрэг тултал шахам барьсан аялал жуулчлалын газруудын байршлыг өөрчилж, далайгаас 250 м зайд байрлах гэдэг стандартыг мөрддөг болох, зах замбараагүй баригдсан жуулчны кемпүүдийг нүүлгэн шилжүүлж жуулчдыг далайгаас хол хонодог болгох хэрэгтэй гэсэн санаа их давтагдаж байв. Далай үзэх гэсэн жуулчдад зориулаад тусгай аяллын маршрутыг гаргаж түүгээр л зорчдог болгох, тэдгээрийг тээвэрлэх, газарчлах, үйлчлэх ажлыг цогцоор нь Хатгал, Ханх сумын иргэд хоршоод хийх боломжтой гэцгээж байв. Ингэвэл далай ээж бохирдохгүй, нутгийн иргэд орлоготой, жуулчдын тав тух аюулгүй байдалд тустай байх болно гэж үзэж байгаагаа иргэний танхимаар дамжуулж ерөнхийлөгчид илэрхийллээ.
Хатгал, Ханхын настангууд “Ерөнхийлөгч зарлигаа Далай ээжийн тухай гэж нэрлээрэй. Далай ээжээс ашиг шимээ хүртдэг иргэдийнхээ ажил, орлогыг бодсон шийдвэрийг давхар гаргадаг юм шүү” гэсээр Ерөнхийлөгчийн Тамгын газрынхныг үдлээ.
Г.ОЮУ