Хуучирсан мэдээ: 2016.05.24-нд нийтлэгдсэн

Эверест догшин байна

1953 оны тавдугаар сарын 29-ний өдөр Тэнзин Норгэй (Балба) болон Эдмунд Хиллари (Шинэ-Зеланд) нар Эверестийн оргил руу анхны албан ёсны авиралт хийж байсан түүхэн цагаас хойш энэ уул 200 гаруй уулчны хорвоог орхих шалтгаан болжээ. 1970-аад оны сүүлч хүртэл амжилттай авиралт хийсэн хүний тоо жилд хэдхэнээр хэмжигддэг байсан бол 2012 оноос эхлэн энэ тоо 500 болж өссөн байна.

Эверестийн түүхийг харвал нэг ч уулчны амь эрсдээгүй жил гэж огт байхгүй. Гэтэл экстрем спортын төрөлд шунан дурладаг хүмүүс, Эверестийг зорих уулчдын тоо буурахгүй л байсаар байна. Тэд зүгээр л мөрөөдлөө биелүүлэх гэж энэ аюултай аялалд гардаг. 

Сүүлийн хоёр жилд гэхэд Эверестэд авирч яваад цасны нурангид даруулж нас барсан хүний тоо 35 хүрчээ. Жил бүрийн дөрөв, тавдугаар сар бол Эверестэд авирах хамгийн тохиромжтой үе юм. Учир нь, энэ үеэр уулан дээрх салхины хүч хамгийн бага байдгаас гадна агаарын хэм цельсийн -35-аас -20 хэмийн хооронд хэлбэлздэг байна.

Эверэстийг жил бүр байсан байрнаасаа 4 см зайд хөдөлдөг гэдэг бөгөөд 2015 онд Балбад хүчтэй газар хөдлөлт болж, эсрэг чиглэлд 3 см зайнд хөдөлснөөр өмнөх оны байсан байрандаа буцан очжээ. Энэ шилжилтийн улмаас уулын нэг талд байсан их цас бууж, нурангид даруулах эрсдэл нэмэгдсэн учир 2015 онд авиралтаа зогсоосон олон уулчин бий. Монголын тамирчин, ОУХМ Б.Цэвээндаш тэдний тоонд багтана. Уулчин Б.Цэвээндашийг өнгөрсөн онд Түвдийн талаас авирах үед нь Эверест орчимд хүчтэй газар хөдлөлт болсон учир тэрбээр авиралтаа хойшлуулж байсан юм. 

Энэ өдрүүдэд 460 гаруй уулчин Эверестэд авирч буй бөгөөд тэдгээрийн 100 орчим нь Балбын уугуул иргэд буюу Шерпа нар, үлдсэн 280 гаруй нь гадаадын уулчид юм байна. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үед Эверестэд авирсан уулчдын тооноос давсан үзүүлэлт ажээ.


ДӨРВӨН ӨДӨР, ДӨРВӨН АМЬ

Харамсалтай мэдээ. Эверестийн авиралтын оргил үе эхэлсэн даруй золгүй байдлаар амиа алдагсдын нэрс эхнээсээ тодорч эхэллээ. Өнгөрсөн пүрэв гариг буюу тавдугаар сарын 19-нөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд Эверестийг зорьсон дөрвөн уулчин хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн нь баттай болжээ. Мөн сураггүй болсон хоёр уулчныг хайж олох эрлийн ажиллагаа явагдаж байна. Амиа алдсан нь тогтоогдсон дөрвөн уулчны мэдээллийг CNN агентлаг мэдээлжээ. 

Тавдугаар сарын 19 (Пүрэв гариг)

Эверестийн оргилоос 150 метрийн зайд уулын зам засахаар ажиллаж байсан 25 настай хөтөчийн багийн гишүүн Фурба нэртэй шерпа доош унаж амь насаа алджээ. Үхлийн шалтгааныг техникийн осол хэмээн үзэв.

Шерпа гэдэг нь Балбын уугуул иргэд бөгөөд Эверест уулын өндөрлөг орчинд үе удмаараа амьдарч ирсний улмаас эрүүл мэндийн хувьд өндөр хэмжээнд дасан зохицсон байдаг онцлогтой. Тиймээс тэдний өссөн орчиндоо хөтөч хийх мэдлэг нь ялангуяа анх удаа энэ оргилд авиралт хийж буй хүмүүст туйлын шаардлагатай байдаг.


Тавдугаар сарын 20 (Баасан гариг)

Нидерландын уулчин 36 настай Эрик Арнольд Эверестийн оргил руу амжилттай авиралт хийгээд бууж явсан шөнөдөө нас барчээ. Түүний багийг зам зааж явсан шерпагийн хэлснээр тэрээр зүрхний шигдээсийн улмаас амьсгал хураажээ. Сонирхолтой нь, тэрээр энгийн хүмүүсийг бодвол харьцангуй бие сайтай буюу хөнгөн атлетикийн тамирчин байсан боловч Эверест түүнд зохиогүй бололтой.

Хэдийгээр түүний зүрхэнд шигдээс үүссэн шалтгаан бүрэн тодорхойгүй боловч Эверестэд авирах гэж буй хэн ч байлаа гэсэн урьдчилсэн үзлэг оношлогоонд бүрэн хамрагдаж, өндөр уулын бүсэд бие нь хэр ачааллах вэ гэдгээ тодруулж байж авирах ёстойг мэргэжилтнүүд анхааруулсаар байна.


Тавдугаар сарын 21 (Бямба гариг)

Австралийн иргэн, 34 настай Мариа Стрийдом бямба гаригт амиа алджээ. Түүний хувьд Эверестийн оргилд хүрэхээсээ өмнөх хамгийн сүүлчийн кэмп хүрээд, өндрөөс шалтгаалсан ачааллыг даалгүй нас барсан аж. Үүнийг мэргэжлийн хүмүүс “өндрийн өвчин” хэмээн нэрийддэг. Мариа Стрийдом сүүлийн кэмпаас илүү өндөрт авирч чадахгүй болсны дээр аврах багийнхан тусламж үзүүлэх боломж байгаагүйн улмаас хорвоог орхижээ. Түүнд тохиолдсон өндрийн өвчин бол уулчдад тохиолддог хамгийн түгээмэл өвчин бөгөөд энэ үед толгой өвдөх болон амьсгал тасалдах зэрэг шинж тэмдэг ажиглагддаг байна.

Бизнесийн ухааны сургуульд профессороор ажилладаг түүний өөртөө тавьсан зорилго нь дэлхийн долоон тивийн хамгийн өндөр цэгүүдэд авиралт хийх байжээ. Мариагийн хувьд өнгөрсөн хугацаанд Аляскийн хамгийн өндөр цэг болох Денали, Аргентин дэх Аконкагуа, Туркийн Арарат болон Африкийн Килиминжаро оргилуудад амжилттай авирсан аж. Харамсалтай нь, түүнтэй хамт хамт Эверестийг зорьсон нөхөр нь эхнэрийнхээ цогцсыг авч буухыг хичээсэн боловч зүрхний дутагдалд орж, нисдэг тэргээр эмнэлэгт хүргэгджээ.

Энэ мэт олон өдөр дараалан хүний амь авч одох болсон Эверестийн өнгө энэ жил ширүүн эхэлж байгааг гадны агентлагууд онцолж эхэллээ.


Тавдугаар сарын 22 (Ням гариг)

Энэтхэгийн дөрвөн уулчин, дөрвөн шерпагаас бүрдсэн багийн гишүүн болох 44 настай Субаш Паул ням гаригт өндрийн өвчний улмаас амиа алджээ. Харамсалтай нь, энэ багийн өөр хоёр гишүүд болох Пареш Чандра Нат, Гоутам Гош нарыг бямба гаригаас хойш хайсаар байна. Тэд мөн амьд эсэх нь эргэлзээтэй. 

Тэдний багийн шерпа болох Ванчу хэлэхдээ “Яг юу болсон нь үнэхээр ойлгомжгүй байсан. Цаг агаар гэнэт муудаж, тэд чигээ алдсан болов уу” гэжээ. Харин төөрсөн багийнхныг аврахаар нисдэг тэрэг илгээх үед уулчид хэтэрхий өндөрт байсан тул аврах боломжгүй байж. Тиймээс алга болсон хоёр уулчныг олохын тулд авиралт хийж буй бусад багийнхантай холбоо тогтоохоор оролдож байна. Багийн сүүлийн гишүүн болох эмэгтэй уулчин азаар аврагдаж чадсан ч биеийн байдал нь муу байгаа тул эмнэлэгт эмчлүүлж байна. 


БАЯРТАЙ МЭДЭЭ

ОУХМ Б.Цэвээндаш тавдугаар сарын 21-ний өглөө 08.25 цагт дэлхийн дээвэр Эверест оргилд хойд талаас нь амжилтай авирч, Эверестийн оргилд хоёрантоо гарсан Монголын хоёр дахь уулчин боллоо. Мөн тэрээр оргилд гараад буухдаа хүчилтөрөгчийн баллон хэрэглэлгүй бууж бас нэгэн амжилтыг тогтоосон байна. Тэрбээр 2012 онд Эверестэд Непалын талаас авирч, оргилд хүрч байсан бол 2015 онд Түвдийн талаас авирах үед нь Эверест орчимд хүчтэй газар хөдлөлт болсон учир авиралтаа зогсоож байсан юм. Энэ удаа манай уулчин дахин Түвдийн талаас буюу Эверестийн хойд талаас авирахаар дөрөвдүгээр сарын 6-нд замд гарсан юм.

Б.Цэвээндаш одоо Эверестийн бааз лагерь дээр байна. Биеийн байдал нь сайн байна гэж эх сурвалж мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж