Монголын сонгогчид ба залуучуудын дүгнэлт

Хуучирсан мэдээ: 2016.05.24-нд нийтлэгдсэн

Монголын сонгогчид ба залуучуудын дүгнэлт

Сонгууль хаяанд иржээ. Наадам дөхөхөөр уяач, харваач, бөх тэх бүгдээрээ догдлон хоног тоолдог шиг улстөрчид нойргүй хонодог үе иржээ. Сонгуулийн жилийн энэ л өдрүүдэд түшээд Төрийн ордноосоо гарч, айл саахалтад хоног төөрүүлэх шахам ард олондоо хайр зарладаг. Харин хүмүүс өнгөрсөн дөрвөн жилийн турш хийсэн бүтээснийг нь, бүтээгээгүй бол хариуцлага нэхэхийн оронд хүрээд очсонд нь талархаж, ирэх дөрвөн жилд хийнэ гэсэн амлалтыг нь илүүтэй сонирхоно. Сөрөг хүчнийхэн нь эрх баригчдаа шүүмжилж, эрх баригчид нь эсрэг багийнхандаа хамаг бурууг чихэж, “Энэ бүх алдааг ирэх дөрвөн жилд л засъя, эргүүлээд биднийг сонговол иргэд та нар жаргаж, эх орон хөгжинө” хэмээн сурталдана. Итгэхийг хүсэхгүй байсан ч итгэтэл нь илтгэл тавина. Сонгуулийн өмнөх нийтлэг дүр зураг ийм байна, ялангуяа хөдөө орон нутагт.

Үнэ цэнийн холбоо сошиал медиа дээр байхгүй. Хэн ч мэдэхгүй пэйж бий болгоод баахан мөнгө түүнд зарцуулахаар хүмүүст итгэлийн индекс ердөө төрдөггүй. Сошиал медиаг найз нөхдийнхөө тухай мэдээлэл авах эсвэл сонирхол нэгт хүмүүсийн бүлгээсээ мэдээлэл авах гэж ашигладаг болохоос улстөрчдийн сурталчилгааг үзэх гэж хэрэглэдэггүй.

Сонгогч бүрийн улс төрийн боловсрол, мэдлэг, хандлагаас сонгуулийн үр дүн хамаарах байтал ганц миний санал хэнд хамаатай юм бэ гэсэн хэнэггүй зангаар сонгуулийн хуудсыг бөглөж байгаагаас үе үеийн парламентчдын чанар чансаа улам доройтсоор байгаа юм. Сонгуульд залуучуудын оролцоо буурах хэрээр ахмад, дунд үеийнхний сонголт байнд ч үгүй, банзанд ч үгүй болж, УИХ холимог хуурга улам бүр амтгүй болсоор. Энэ жилийн УИХ-ын сонгууль урьд жилүүдээс өвөрмөц өнгө төрхтэй байх магадлалтай гэсэн таамаг олны дунд түгжээ. Сонгогчид АН, МАН-аас залхаж, шинэ залуу нам хүчнийг, эрч хүчтэй эрүүл сэтгэлгээтэй хүмүүсийг үгүйлж байна гэх сургаар шинэ намууд шил даран мэндэлсэн. Хэн нь хэн бэ гэдгийг танихааргүй залуу кадрууд цээж дэлдэн нэр дэвшиж байна. Тэр бүгдийг нарийн шүүлтүүрт оруулж зөв хүнээ сонгоно гэдэг ёстой л улс төрийн боловсрол шаардсан хэрэг болж байх шиг.

Сошиал медиад бидний хүсч байгаа хүртээмж байна гэж итгэх нь их өрөөсгөл. Харин сонгуулийн сурталчилгаанд олон нийтийн сүлжээг хэрхэн ашиглах ёстой вэ гэвэл өөрсдийн ухуулагч нарын сүлжээг ажиллуулах нь илүү тохиромжтой.

Ингэхэд улс төрийн боловсрол гэж юү вэ? Энэ мэдлэг боловсролыг хүн бүр эзэмших ёстой юу, эзэмшсэнээр ямар өөрчлөлт гарах вэ, иргэн хүнд өөрт нь ашигтай юу гэсэн асуултын хариуг залуу судлаачдын үнэлгээ дүгнэлтээс эрэлхийллээ. Тэд бол салбар салбартаа тэргүүлэгч, нийгэм улс төрийн амьдралд идэвхтэй оролцогчид юм. Залуучууд өөрсдийн эрхэлдэг ажил үүргийн төвшиндөө ирэх сонгуулийн өнгө аясыг хэрхэн тольдсоныг түүвэрлэн хүргэж байна.


“Монгол Масс Медиа” группын захирал А.Амундра

-Энэ удаагийн сонгуулийн сурталчилгаа олон нийтийн сүлжээгээр голчон явагдана гэсэн хүлээлт байна. Гэвч хүмүүс яагаад “Apple”-ийн бүтээгдэхүүнийг дарааллаж зогсоод тэсэн ядан хүлээж байгаад худалдаж аваад байна вэ гэдгийг бодоод үзье. “Apple”-д дуртай учраас худалдаж аваад байдаг. Үүн шиг үнэ цэнийн холбоо сошиал медиа дээр байхгүй. Хэн ч мэдэхгүй пэйж бий болгоод баахан мөнгө түүнд зарцуулахаар хүмүүст итгэлийн индекс ердөө төрдөггүй. Дээрээс нь сошиал медиаг би хувьдаа найз нөхдийнхөө тухай мэдээлэл авах эсвэл сонирхол нэгт хүмүүсийн бүлгээсээ мэдээлэл авах гэж ашигладаг болохоос улстөрчдийн сурталчилгааг үзэх гэж хэрэглэдэггүй. Тэгэхээр нэгд, сошиал медиад бидний хүсч байгаа хүртээмж байна гэж итгэх нь их өрөөсгөл. Харин сонгуулийн сурталчилгаанд олон нийтийн сүлжээг хэрхэн ашиглах ёстой вэ гэвэл өөрсдийн ухуулагч нарын сүлжээг ажиллуулах нь илүү тохиромжтой гэж боддог. 


“Отгонтэнгэр Их Сургууль”-ийн багш, хуульч Р.Очирбал

-Бусдын төлөө өөрийн амин хувийн эрх ашгаас татгалзаж чаддаг, асуудлыг тогтолцоогоор нь харж, ирээдүйд бий болох үр дүн, үр дагаврыг тооцоолж чаддаг тийм хүнийг л сайн улстөрч гэх болов уу. Одоогийн байдлаар улстөрчдийг бизнесмэнүүд, дуучид, спортын тамирчдаас ялгаж харахад их л хэцүү болж байна. Улстөрчдийн баримтлах ёстой эрх ашгийн эрэмбэ дараалал алдагдсан нь хамгийн том алдаа. Ард түмний эрх ашгийг үл огоорон хувийн болон намын эрх ашгийг тэргүүн зэрэгт тавьж байна. Ямар ч хамаагүй аргаар албан тушаал, эрх мэдэлд эзэн суухын тулд сөрөг пиарыг олноор хийж байна.


Улс төр судлаач, доктор Ц.Мөнхцэцэг

-Сүүлийн жилүүдэд нэг сонгуулиас нөгөө сонгуульд улс төрийн намд өгөх санал өгөлтөө өөрчилдөг буюу хөвдөг сонгогчдын тоо нэмэгдэж байна. Санал өгөлт нь тогтворгүй байдаг эдгээр сонгогчид нийт сонгогчдын 30 орчим хувийг эзэлж байна. Өөрөөр хэлбэл, монголчуудын гурван хүн тутмын нэг нь улс төрийн аль ч намыг дэмждэггүй, тухайн үед салхи хаашаа байна, тийшээ хийсч байдаг гэсэн үг. Ерөнхий зүй тогтлын хувьд Монголын сонгогчдын улс төрийн намыг дэмжих байдал буурч, харин үүний оронд янз бүрийн том амлалт, элдэв янзын уриа лоозон бүхий популистуудад татагдах явдал нэмэгдэж байгаа юм. Сонгогчдын 25-30 хувь нь санал хураалтын сүүлийн долоо хоног хүртэл саналаа хэнд өгөхөө шийдээгүй эргэлзсээр байдаг нь бидний цуврал судалгаанаас харагдсан.


Залуучууд судлаач, менежерүүдийн дүгнэлт ийм байна. Сонгууль бол сунгаа биш. Тиймээс сонгогч танаас, ганцхан саналаас их зүйл шалтгаалдаг гэдгийг дахин сануулах нь илүүц биз ээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж