Эргэн тойронд бүчих танихгүй хүмүүс, сэтгүүлчдийн микрофон, зураглаачдын камераас огтхон ч төвөгшөөхгүй, санаа бодлоо хуваалцаж, инээмсэглэн суух энэ хүү өнөөдөр олны хайрыг татаж чадлаа. 999 хурчийн дундаас хүн бүхэн түүнийг онцолсон нь тохиолдлын хэрэг биш. Б.Билгүүнтэй морин хуур тоглохоос маш сайн дуулна. Олон зуун км-ын цаанаас нийслэлд ирж, өглөөний нартай уралдан босч, 09.00 цаг гэхэд Сүхбаатарын талбайд суудлаа эзэлсэн хүүхдүүдийн зарим нь 12.00 цагийн үед зарим нойрмоглож харагдлаа. Харин Б.Билгүүнтэй хүү сэтгүүлчдэд ярилцлага өгөөд, уйдах ч завгүй байлаа. Хуурчдын тоглолт эхлэхийн өмнө түүнтэй цөөн хором ярилцах боломж олдов.
-Миний дүү хэдэн аялгуу тоглож сурсан бэ?
-Одоогийн байдлаар дөрвөн дуу, нэг магтаал тоглож чадна. Хамгийн анх “Булгиаран цүнх” дууг тоглож сураад, дараа нь “Дуут нуур”-ыг тоглож сурсан. Нэг дуу тоглож сурахад 3-7 хоног зарцуулдаг.
-Морин хуур тоглож сурахад хамгийн чухал нь юу вэ?
-Багшийнхаа хэлсэн бүхнийг сайн тогтоох хэрэгтэй гэж боддог. Одоохондоо сандал маань томдоод хөл газар хүрэхгүй байгаа болохоор хөл чилээд бага зэрэг хэцүү байдаг юм. Гэхдээ би аяаа тоглож дуустлаа сайн гүрийдэг.
-Урьд нь ийм том тоглолтод оролцож байсан уу?
-Үгүй ээ. Би морин хуур сураад жил болж байна. Цаашдаа олон дуу тоглож сурна гэж бодож байна. Бас том болоод морин хуурын багш болно гэж мөрөөддөг. Ийм олон хүн бидний тоглолтыг үзэж байгаад маш их баяртай байна.
-Хэнтэй хамт ирсэн бэ. Хотод хаана байрлаж байна?
-Аав, ээж хоёр маань Тосонцэнгэл сумын малчид. Ажил ихтэй болохоор надтай хамт ирээгүй. Би багш, ах хоёртойгоо ирсэн. Ах маань бас морин хуур тоглож байгаа. Энэ хавиар харагдахгүй байна. Хаана сууж байгаа юм, бүү мэд. Бид нар нэлээд олуулаа 013 дугаар цэргийн ангид байрлаж байгаа.
-Энэ наадамд оролцох гэж хэр удаан бэлтгэсэн бэ?
-Жил гаруй хугацаанд байх аа. Олон хүүхдээс 999 хүүхэд шалгаруулж авсан.
Түүнтэй ийн ярилцаж байтал тоглолт эхлэх болж, бидний яриа өндөрлөсөн юм.
Төрийн тэргүүн морилж, хүсэн хүлээсэн мөч ирлээ. Монголчуудын бахархал болсон хуурч хүүхдүүдийн хөг аялгууг сонсох гэсэн үзэгчид талбайд хэдийнэ цуглажээ. Завхан аймгийнхан Монгол Улсын түүхэнд анх удаа 999 хүүхдэд морин хуур зааж, түүнийгээ мөн л анх удаа тоглож байгаа нь энэ. Энэхүү түүхэн тэмдэглэлт үйл явдлыг үзэхээр Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүд, зарим яамдын сайдууд, урлаг соёлынхон хүрэлцэн ирсэн байв. Морин хуурын түрлэг “Жалам хар”-аар эхэлсэн бол есөн морин хуурч “Хос эгшиг” аялгууг эгшиглүүлж, цаашлаад 33 морин хуурч, 99 морин хуурч “Сэрсэн тал” аялгууг тоглож сонирхууллаа.
…Дуут нуурыг дуулдаг гэлцдэг
Дуундаа уяраад уйлдэг гэлцдэг… 999 морин хуурч хүүхдийн нэгэн зэрэг хөгжимдөх нь үнэхээр бахархалтай. Тэд “Үүлэн бор”, “Сартуул биелгээ”, “Монгол аялгуу”-г тоглоход Сүхбаатарын талбайд цугласан олон гайхан биширч байлаа. Монгол хүүхдүүдийн авьяас халгин цалгих болтугай. Хуурч багачуудын тоглолтыг хүндэтгэн сонирхсон зарим үзэгчдийн сэтгэгдлийг хүргэе.
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол: Сэтгэл маш өндөр байна. Монгол хүн бүр энэ хүүхдүүдээр бахархаж, омогшиж байгаа болов уу. Завхан аймгийнхан анх 99 морин хуурчтайгаар Улаанбаатарт болсон “Соёлын өдрүүд”-д оролцож, дараа жил нь 300 морин хуурчтай ирж байсан. Аймгийн Засаг даргын Я.Санжмятав анх төрийн наадамдаа 999 морин хуурч хүүхэд бэлтгэж, оролцуулна гэж хэлэхэл нь үнэхээр санаанд буугаагүй. Харин тэр хүсэл мөрөөдөл өнөөдөр биелэлээ олсонд маш их баярлаж байна.
МУГЖ, дуучин С.Батсүх: Миний хувьд Завханы соёлын өдрүүдийн хаалтын Гала тоглолтыг хариуцаж байгаа юм. Үндсэндээ 100 уртын дууч, 50 хөөмийч, Завхан аймгаас төрж гарсан уран бүтээлчид, Завхан аймгийн Хөгжимт драмын театр, Хөгжим бүжгийн коллежийн уран бүтээлчид гээд 1500 хүн оролцох юм. Би Завхан аймгийн Алдархаан суманд төрсөн. Найман настай хүүхэд сургуулийн босго алхаж байсан бол өнөөдөр Төрийн орднхоо өмнө 999 морин хуурчтай “Дорнын намуухан Отгонтэнгэр” дуугаа эгшиглүүлэх завшаан олдлоо. Сэтгэл маш өндөр байна. Завхан нутгийнхаа авьяаслаг хүүхдүүдээр бахархаж сууна.
Зургийн цомгийг ЭНД дарж үзнэ үү.