-Турк хүмүүнлэгийн томоохон хандивлагч улс болохоос гадна 2.7 сая гаруй буюу дэлхийн аль ч улс орноос илүү олон дүрвэгсдийг хүлээж аваад байна-
Нэгдсэн Үндэсний байгууллага /НҮБ/-ын ивээл дор болж буй Дэлхийн хүмүүнлэгийн анхдугаар Дээд хэмжээний уулзалт даваа гаригт /2016.05.23/ Туркийн Истанбул хотноо эхэллээ. Өнөөдөр өндөрлөх энэ удаагийн уулзалтад дэлхийн 125 гаруй орны 193 төлөөлөгчид оролцож байгаагийн дунд 50 өндөр албан тушаалтнууд байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ки-Мүүн, Туркийн Ерөнхийлөгч Режен Таийп Эрдоган, Германы канцлер Ангела Меркель, Кувейтийн хаан Эмир Аль-Жабер Аль-Сабах нарын зэрэг дэлхийн нөлөө бүхий орнуудын төрийн тэргүүнүүд, засгийн газрын төлөөлөгчид багтжээ.
Уулзалтаар сунжирсан хямрал, дүрвэгсдийн давалгааны эсрэг авах арга хэмжээнээс гадна тогтвортой, найдвартай хүмүүнлэгийн санхүүжилтийн талаарх асуудлуудыг хэлэлцэж байна.
Хэдийгээр байгалийн гамшгаас болж, олон хүн амь эрсдэж, шилжилт хөдөлгөөн бий болдог ч өнөөгийн хүмүүнлэгийн хямралын дийлэнх нь улс төрийн зөрчилдөөнөөс улбаатай байна. Үүний тод жишээг гадны тусламжтайгаар өөрийн улсын гэмгүй иргэдийг хороох Сирийн алан хядагч нараас харж болно. Сири Улсаас гадна Ойрхи Дорнод, Ази, Африк зэрэг дэлхийн өнцөг булан бүрт хүмүүнлэгийн хямрал хил дамнан газар авч байна. Өнөөдрийн байдлаар дэлхий даяар 125 сая хүнд хүмүүнлэгийн тусламж шаардлагатай байгааг НҮБ-аас онцлон тэмдэглэсэн.
ТУРК ХАМГИЙН ОЛОН ДҮРВЭГЧ ХҮЛЭЭН АВСАН ОРНУУДЫГ ТЭРГҮҮЛЭВ
Өнөөдөр Турк Улс хүмүүнлэгийн томоохон хандивлагч улс болохоос гадна 2.7 сая гаруй буюу дэлхийн аль ч улс орноос илүү олон дүрвэгсдийг хүлээж аваад байна. Үүний гол шалтгаан нь Сири дэх дайн юм. Эдгээр дүрвэгсдэд хорогдох байр, үнэ төлбөргүй эрүүл мэндийн үйлчилгээ болон бусад нэн шаардлагатай тусламж, сургууль, мэргэжил олгох сургалтыг зохион байгуулах зэрэг ихээхэн хэмжээний санхүүгийн чадамж шаардсан ачааг Турк Улс дангаараа үүрч иржээ.
ӨДГӨӨ ТУРК УЛС:
- Хамгийн их хүмүүнлэгийн тусламж үзүүлсэн орны жагсаалтын III байранд бичигдсэн.
- Тус улсын үзүүлсэн хүмүүнлэгийн тусламжууд сүүлийн 12 жилд 42 дахин нэмэгдсэн.
- Хамгийн олон дүрвэгч хүлээн авсан жагсаалтыг 2.7 сая дүрвэгсдийнхээ тоогоор тэргүүлжээ.
Зайлшгүй арга хэмжээ авах шаардлага тулгарсан энэ цаг үед Турк Улс хүмүүнлэгийн тусламжийн талбарт үлгэр жишээ болж олон улсын нийгэмлэгүүдийг тусламжийн гараа сунгахыг уриалан ажиллаж байгаа нь энэхүү анхдугаар Дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах эрхийг авах гол хөшүүрэг болжээ.
Лалын хэт давруу үзэлтнүүд болон бусад жижиг бүлэглэлүүд Туркт хэд хэдэн удаа цуврал халдлага үйлдсэнтэй холбогдуулан Дээд хэмжээний уулзалт болж буй газрыг цэрэг, цагдаагийн ажилтнууд бүрэн хамгаалалтанд аваад байна. НҮБ-ын ивээл дор болж буй Дэлхийн хүмүүнлэгийн анхдугаар Дээд хэмжээний уулзалт өнөөдөр өндөрлөнө.
Дашрамд дуулгахад, 2015 оны арваннэгдүгээр сарын 15-16-ны өдрүүдэд Туркийн Анталье хотноо Дэлхийн тэргүүлэгч орнуудын төлөөлөгч “Их 20” дээд хэмжээний уулзалт анх удаа болсон юм.
Ч.БОЛОР /Турк/