Хохирогч “Б”-г ойрын хүн нь хөнөөсөн гэв

Хуучирсан мэдээ: 2016.05.24-нд нийтлэгдсэн

Хохирогч “Б”-г ойрын хүн нь хөнөөсөн гэв

ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

  • Төв аймгийн Алтанбулаг сумын II багийн нутаг дэвсгэр Булгийн тохой гэх газар буюу “Шувуун фабрик”-ийн орчмоос өнгөрсөн дөрөвдүгээр сарын 28-ны өдөр хэн болох нь тодорхойгүй, шатсан цогцос олдсон хэргийг цагдаагийн байгууллага шалгаж, холбоотой мэдээллийг иргэдээс авч буйг өмнө нь бид мэдээлсэн. Тэгвэл эрэн сурвалжлах ажиллагааг идэвхтэй явуулсны дүнд хохирогч Улаанбаатар хотод оршин суух 53 настай, эрэгтэй Б болох нь тогтоогдсон байна. Хохирогч “Б”-г иргэн “Н” хутгалан, амь насыг нь хохироон, бусадтай бүлэглэн зөөвөрлөн шатаасан болох нь мөрдөн байцаалтын ажиллагаагаар тогтоогджээ. Хохирогчийг ойрын хүн нь хөнөөсөн гэдгийг эх сурвалж мэдээлж байна.

  • Авлигатай тэмцэх газрын даргад нэр дэвшигчийг Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-д санал болгосноос хойш багагүй хугацаа өнгөрлөө. Гэвч өнөө хэр томилогдоогүй байна. Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын зөвлөх, доктор Ч.Өнөрбаяр хэлэхдээМаш тодорхой хуулийн зохицуулалт бий. УИХ-ын дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлд зааснаар Авлигатай тэмцэх газрын даргыг томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгч гаргасан бол УИХ-ын холбогдох байнгын хороо 7 хоногийн дотор хэлэлцэж санал, дүгнэлтээ гаргах ёстой. Дараа нь нэгдсэн чуулганаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал, холбогдох байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсож илээр санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар томилох эсэхийг шийдвэрлэдэг хуультай” гэжээ.

  • НИТХ-ын ээлжит сонгуульд Ардчилсан намаас 45 хүн нэр дэвшиж буй. Эдгээр нэр дэвшигчид Соёлын төв өргөөнд нийслэлийн есөн дүүргийн төлөөлөл болох 1800 гаруй гишүүд, дэмжигчидтэй өчигдөр уулзжээ. Нийслэлийн Ардчилсан намынхан энэ удаагийн НИТХ-ын сонгуульд “5+” төлөвлөгөө боловсруулж оролцох аж. Уулзалтын эхэнд НИТХ-ын сонгуульд нэр дэвшигчид намынхаа мөрийн хөтөлбөрт гарын үсэг зурлаа. Гарын үсэг зурж байгаа учир нь мөрийн хөтөлбөрөө биелүүлнэ гэсэн утга илэрхийлж байгаа юм байна.

  • УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр /2016.05.23/ хуралдаж, хурлаар яригдсан асуудлынхаа талаар мэдээлэл хийжээ. Энэ үеэр “Ардчилсан намын дарга, УИХ-ын дарга З.Энхболд оффшор дансны асуудалд холбогдсон Ардчилсан намын гишүүдийг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэж мэдэгдсэн. Танай намынхан оффшор дансны асуудалд холбоотой хүмүүсийг нэр дэвшүүлэх үү?” гэх сэтгүүлчийн асуултад: “Оффшор данстай бол хандны мангаа гэж хандаж болохгүй. Монгол Улсад 1993-2013 оны хооронд гадаадын хөрөнгө оруулалт хэлбэрээр 14 тэрбум ам.доллар орж ирсэн.Оффшор компанийн хувьцаа эзэмшиж байгаа, данстай нөхөд хуулийн хүрээнд олсон орлогоороо оффшор компанийн данстай болсон уу, хууль бусаар олсон орлого, авлига авсан мөнгөөрөө тэр компанийн хувьцааг авсан уу гэдгээрээ ялгаатай байх ёстой. Оффшор болгоныг муухай гэж болохгүй” гэжээ.

  • Сонгуулийн тухай хуульд зааснаар нэр дэвшигчдээ намууд өчигдрөөс тодруулж эхэлжээ. Нэр тодруулах үйл явц, энэ сарын 28 хүртэл үргэлжилнэ. Өнгөрсөн долоо хоногт МАН-ын Бага хурал хуралдахаар төлөвлөж байсан ч хойшилсон. Ардчилсан нам ҮЗХ-гоо энэ долоо хоногийн сүүлчээр хуралдуулахаар товлоод байгаа гэнэ. Хуульд уульд зааснаар нэр дэвшигчид сонгууль болохоос 22 хоногийн өмнө буюу зургадугаар сарын 7-нд үнэмлэхээ гардан авна.

  • Авлигатай тэмцэх газар иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын мэдүүлэг гаргагч албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгажээ. Шалгалтаар 6 албан тушаалтныг өөрийн болон гэр бүлийн гишүүдийнхээ хөрөнгө, орлого, компанид оруулсан хөрөнгө оруулалтыг мэдүүлээгүй, мөн өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хадгаламжийг дутуу мэдүүлсэн, тухайн албан тушаалтан хөрөнгө, орлогодоо орсон их хэмжээний өөрчлөлтийг хуульд заасан хугацаанд бүртгүүлээгүй зэрэг зөрчил гаргажээ.

  • Ховд аймгийн Мөнххайрхан сумын Үзүүр гялан гэх нутгаас 20 гаруй тооны олдвор, эд өлгийн зүйлийг Ховд аймгийн музей, Ховд их сургуулийн хамтарсан багийнхан малталт хийсний дүнд олсон билээ. 20 гаруй тооны эд өлгийн зүйл дунд эсгийгээр ороож, оршуулсан “Адидас”-ын гуталтай хүн, хонь, адуу, эмээл, хазаар, дээл хувцас, модон болон төмөр аяга, сав суулга, арьс болон эсгий уутан богц бүхий оёдол хатгамлын хэрэглэл байжээ.Олдвор эд өлгийн зүйлсийг Ховд аймгаас шилжүүлэн Улаанбаатар хотод авчран сэргээн засварлах ажлыг эхлүүлжээ. Одоогоор эд өлгийн зүйлсийг бүртгэх, цэвэрлэх, бэхжүүлэх, сэргээн засварлах ажлыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны /БСШУЯ/ харьяа Соёлын өвийн төвийн Сэргээн засварлах лабораторт хийж байгаа аж.

NEWS АГЕНТЛАГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж