Америкийн зураач эмэгтэй Шерил Келли хуучин загварын машин сонирхдог бөгөөд гиперреализм стилиэр тэднийг зурдаг. Шерил Келли Техас мужид 1960-аад оны сүүлчээр төрсөн ба хүүхэд байхаасаа л автомашининд дуртай байсан бөгөөд хүүхэлдэйнээс илүүд үздэг байжээ. Келли өөрөө 1977 онд үйлдвэрлэсэн "Corvette" загварын машин хөлөглөдөг гэнэ.
Гиперреализм гэдэг нь орчин үеийн дүрслэх урлагийн нэгэн чиглэл бөгөөд ХХ зууны дундуур үүсчээ. Гэрэл зургаас ялгагдахааргүй харагддаг энэ төрлийн бусад зураачид нь натюрморт, хөрөг болон байгалийг илүү сонирхдог бол Шерил автомашинд үнэнч үлджээ. Тэр 1987 онд Хьюстоны дүрслэх урлагийн дээд сургуулийг, 1992 онд Хьюстоны их сургуулийг дүүргэсэн байна. Шерил Келли "булчинлаг машин" зурах дуртай ба тийм төрлийн машинууд 1950-1970-аад онд түгээмэл байв.
Шерил машинаас эрэгтэй, эмэгтэй гэмээр хэлбэр галбирыг олж харж зурдаг нь түүний тосон будгийн зургуудаас харагддаг.
Шерил машины гэрэл зургийг музей, үзэсгэлэнгээс харж, дараа нь тэднийг зураг зурахдаа ашигладаг. Түүний зурах дуртай машины загвар нь Chevrolet Corvette, Chevrolet Camaro гэж хэлж болно. Шерил өөрийн бүтээлээрээ Нью-Йорк, Сан-Франциско, Канад, төрөлх Техастаа үзэсгэлэн гаргаж байсан бөгөөд 1998 оноос хойш 50 гаруй хувийн болон хамтарсан үзэсгэлэнд оролцжээ.
Уран зургийн шүүмжлэгчид зураач бүсгүйн танилцуулсан Bentley, Porsche зэрэг брэндийн зургуудыг нийгмийн урсгал, технологи, орчин үеийн дизайны онцгой хэлхээ холбоог харуулсан гэж дүгнэдэг.
Шерил тосон будгаар хөнгөн цагаан хавтан дээр зурдаг нь түүний бүтээлүүдэд онцгой уур амьсгал оруулж, улам бодит болгож өгдөг аж. Хэн нэгэн ийм бүтээлийг “хуулбар зураг” гэж эндүүрч магадгүй. Гэтэл энэ бүхэн маш их хичээл зүтгэлийг зураачаас шаардсан бүтээлүүд байдаг.
Түүний бүтээлээс сонирхуулъя.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР