АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Вьетнамын эсрэг зэвсгийн хоригийг бүрэн цуцалсан нь Бээжинг бухимдуулжээ. “АНУ болон Вьетнамын харилцаа сайжирч байгаа нь сайшаалтай боловч энэ нь Азийн энх тайван, тогтвортой байдлыг эрсдэлд оруулах ёсгүй” хэмээн Хятадын албаны хүн мэдэгджээ. Барак Обамагийн Вьетнам, Япон улс дахь айлчлалыг Хятадын хүчирхэгжилтийн эсрэг Азид хүчний тэнцвэрийг дахин тогтоох зорилготой хэмээн харж байна. Түүнчлэн Бээжингийн зүгээс Вашингтоны Ханойтой гэрээ байгуулах хүсэл сонирхолд болгоомжтой хандахыг Вьетнамд анхааруулжээ.
Өмнөд Хятадын тэнгис дэх газрын тос, байгалийн хийн нөөцтэй бүлэг арлыг эзэмших марганаас үүдэн Бээжин нь Азийн хөрш Филиппин, Бруней, Вьетнам, Тайвань, Малайз улсуудтай харилцаа муудсан юм. Тэнгисийн маргаантай бүсэд Бээжин хиймэл арал барьж, цэргийн бааз байгуулах болсноос хөрш орнууд нь батлан хамгаалахын хүчин чадлаа нэмэгдүүлэх болсон билээ.
Эх сурвалж: Reuters
Б.АНХТУЯА