Хүүхдэд эхийн сүүг гүйцэх тэжээлтэй хоол хүнс гэж байдаггүй. Эхийн сүү нь хүүхдийн биенд хэрэгцээтэй бүхий л амин дэм, уураг, тэжээлийг нөхөж байдаг. Хүүхдэд хамгийн багадаа зургаан сар хүртэл нь хөхний сүү зайлшгүй хэрэгтэй байдаг байна. Хөхөөр хооллох нь ганц хүүхдэд бус эхийн эрүүл мэндэд мөн тустай байдаг учраас ямар ач тустайг дэлгэрэнгүйгээр хүргэж байна.
- Маш олон төрлийн өвчнөөс хамгаалдаг
Дэлхийн олон орнуудын гаргасан судалгаагаар эхийн сүү нь гэдэсний вирус, чих хамар хоолойн өвчлөл, менингит зэрэг өвчнүүдээс хамгаалдаг гэнэ. Америкийн үндэсний эрүүл мэндийн төвөөс гаргасан судалгаагаар хөхөөр хооллодог хүүхдүүд 28 хоногтойгоос 1 насны хооронд нас барах эрсдэл нь 20 хувиар бага байдаг гэнэ.
Хөхний сүүнд агуулагдаж байгаа дархлааг сайжруулах гол агуулга нь иммуноглобулин А (IgA) гэх элемент юм (зөвхөн хөхний сүүнд агуулагддаг). Энэ нь хүүхдийн хамар, хоолой, дотор эрхтнүүдэд гадны бактеруудаас хамгаалах давхарга бий болгодог. Энэ найрлага нь эхний нэг жилийн сүүнд илүү их хэмжээгээр агуулагддаг байна.
Ээж бүрийн сүү зөвхөн хүүхдийнхээ биеийн онцлогт тааруулсан өөр өөр “найрлагатай” байдаг байна. Танд ямар нэг гадны бактер халдсан тохиолдолд, хөхний сүү энэ биетээс хамгаалах бүтцэд өөрчлөгдөн иммуноглобулин А-гийн хэмжээ өөр өөр байдаг.
Мөн бага насанд бий болж болзошгүй хорт хавдруудаас сэргийлж байдгийг судалгаагаар баталжээ. Энэ нь хүүхдийн дархлааг дээд зэргээр сайжруулж байдагтай холбоотой юм. Хүн бүрийн биед хорт хавдрын эс байдаг ба дархлаа нь энэхүү эсүүдийг устгаж байдаг. Дархлаа хэт суларснаар хорт хавдрын эсүүд идэвхжих аюултай байдаг.
Мөн хүүхдийн ирээдүйд бий болох өвчнүүд, ялангуяа цус багадалт, сахарын өвчин зэргээс сэргийлдэг байх магадлалтай гэнэ.
- Ирээдүйд нь гарч ирэх харшлуудаас урьдчилан сэргийлдэг
Нэмэлт сүү, үнээний сүүгээр хооллож өссөн хүүхэд илүү олон зүйлд харшилтай байдаг байна. Энэ нь мөн л зөвхөн эхийн сүүнд агуулагддаг иммуноглобулин А-тай холбоотой юм. Дотор эрхтэн, ходоодонд хамгаалах давхарга үүсгэдэг учраас боловсрогдоогүй уургийг гадагшлуулахад тусалдаг байна. Харин хөхөөр хангалттай хооллодоггүй хүүхдэд энэ давхарга байдаггүй байна.
- Хөхний сүүгээр хооллодог хүүхэд илүү ухаантай байх магадлалтай
Америкийн судлаачид 17,000 хүүхдийг төрөхөөс нь авхуулаад 6 нас хүртэл нь шинжилгээ, судалгаа явуулснаар хөхний сүүгээр хооллосон хүүхэд, өөр төрлийн сүү уудаг хүүхдээс IQ оноогоороо хамаагүй илүү байсан байна.
Бас нэгэн судалгаан дээр 4,000 хүүхэд дээр судалгаа явуулснаар эхийн сүүгээр хооллож өссөн таван настай хүүхдүүдийн үгийн баялаг бусдаасаа хамаагүй илүү байсан байна. Илүү удаан хөхний сүүгээр хооллосон хүүхдүүд нь өндөр оноотой байжээ.
Энэ нь эхийн сүүний тэжээлээс гадна, хөхөөр хооллосноор эх хүүхэд хоёр илүү ойр дотно болж, хүүхдийн сэтгэлзүйд маш эергээр нөлөөлдөг нь нэг шалтгаан болжээ.
- Хүүхдээ хөхүүлснээр эхийн стресс болон төрсний дараах сэтгэл гутралын хэмжээг бага байлгадаг.
Америкийн үндэсний эрүүл мэндийн төвөөс гаргасан судалгаагаар маш олон ээж нар хүүхдээ хөхүүлж байхдаа сэтгэл санаа нь тайвширдаг гэсэн байна. Учир нь хөхүүлэх явцад био окситоцины гормон ялгардаг ба энэ нь бие болон сэтгэл санааг тайвшруулж, мөн төрсний дараах умайн өвчлөлийг хурдан эдгээдэг байна.
- Эхийг хорт хавдраас хамгаална
Олон судалгаагаар хүүхдээ хөхөөр хооллох нь хөх, өндгөвчний хорт хавдраас сэргийлдэг байх магадлалтай юм. Тодорхой тайлбарыг гаргаж чадаагүй ч, жирэмслэлтийн үед биед маш ихээр ялгарсан эстроженийг гадагшлуулдаг учраас сэргийлдэг байх магадлалтай гэжээ.
ЭХ СУРВАЛЖ: WWW.BABYCENTER.COM