Уул уурхай болон олон талт салбарын худалдааны “Expo Mongolia 2016” олон улсын үзэсгэлэн өнөөдөр /05.23/ нээлтээ хийлээ. Энэхүү олон улсын үзэсгэлэн худалдаа нь Буянт-Ухаа спортын ордонд энэ сарын 23-наас 25-ны өдрүүдэд үргэлжлэх юм байна. Үзэсгэлэнд Америк, Чех зэрэг олон орны оролцогчдоос гадна Герман улсын 10 гаруй компани оролцож, өөрийн бүтээгдэхүүн, үйл ажиллагаагаа бизнес хүрээнийхэнд танилцуулж байв.
Уг үзэсгэлэн худалдааг нээж Монгол улсын сайд М.Энхсайхан үг хэлсэн юм. Тэрээр “Энэхүү үзэсгэлэн худалдаа монголын эдийн засгийн өсөлтийг бий болгох, хамтын ажиллагааг өргөжүүлэх суурь нь болж байна. Монгол улсын Засгийн газар энэ арга хэмжээг дэмжиж ирсэн. Цаашдаа илүү үр дүнтэй болгох тал дээр хамтарч ажиллах нь зүйтэй” гэв.
Уг үзэсгэлэнд Бүгд найрамдах Чех улсын элчин сайдын яамнаас олон талт, хоёр талт орон нутгийн жижиг төсөл хөтөлбөрүүдээ танилцуулсан байлаа. Мөн улсынхаа тухай мэдээлэл, танилцуулгаа эгнүүлэн байршуулсан харагдав.
Чех улсын хөгжлийн хамтын ажиллагааны зохицуулагч Ж.Лхагвадулам “Одоогоор ногоон технологи гэдэг үүднээс ШУТИС-ийн барилгын инженерийн сургуулийн хөтөлбөрт оруулсан ногоон барилгын талаарх сурах бичгүүдийг хүмүүс их сонирхож байна” гэв.
Тэрээр европ стандартын боловсролыг үнэ төлбөргүй олгодог цөөн орнуудын нэг Чех юм. Тэр ч утгаараа Чех улсад боловсрол эзэмших хүсэлтэй хүн бүрт энэ боломж нээлттэй. Хамгийн чухал нь англи, чех хэлний мэдлэгтэй байх хэрэгтэйг хэлж байлаа.
Бүгд найрамдах Чех улсын элчин сайдын яамны эдийн засгийн зөвлөх Ладислав Хораак “Энэ үзэсгэлэнд хоёр дахь жилдээ оролцож байна. Уг үзэсгэлэн худалдаанд ирээдүйд хамтарч ажиллах түншээ олох, хөрөнгө оруулалт хийх зорилгоор оролцдог. Өнгөрсөн жил манай улсын зургаан компани оролцсон. Энэ жилийн дөрөвдүгээр сард болсон “Мongolia mining 2016” оролцсон учраас энэ удаа тус компаниуд маань оролцоогүй” гэв.
Одоогоор тус улсаас манай оронд “Малын зохиомол хээлтүүлгийн төсөл”, “Хөвсгөл аймгийн Мөрөн хотод тоолуур суурилуулах төсөл”, “Завхан аймагт худаг байгуулж, ус гаргах төсөл” зэрэг олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа аж. Мөн Дорноговь, Булган аймаг болон Налайх дүүрэгт экологийн бохирдол арилгах төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд “Гуравдугаар цахилгаан станцын түлш дамжуулах цехийг автоматжуулах төсөл”-ийг хэрэгжүүлэх гэнэ. Өмнөх жилүүдэд энэ чиглэлийн төслийг дөрөвдүгээр цахилгаан станцад хэрэгжүүлж байсан юм байна.
Энэхүү бага хурал, яармаг худалдаа дөрөв дэх жилдээ болж байгаа бөгөөд гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид танилцаж, ирээдүйд хамтарч ажиллах боломжийг бий болгож байгааг зохион байгуулагчид хэлж байв.
А.СҮРЭН