Хүүхэд орондоо шээх нь асуудал мөн үү?

Хуучирсан мэдээ: 2016.05.22-нд нийтлэгдсэн

Хүүхэд орондоо шээх нь асуудал мөн үү?

Бага насны хүүхдүүдийн дунд орондоо шээх нь элбэг тохиолддог ба таваас долоон насны сая сая хүүхдүүд шөнө орондоо шээдэг ч, хүүхдүүд зөвхөн өөрийгөө л ийм асуудал гаргаж байгаа гэж гэмшдэг. Ээж аав нар нь ч гэсэн тэгж хандах тохиолдол бий. Энэ нь ямар нэг санаа зовох асуудал биш юм.

Шалтгаан

  • Бага насны хүүхдэд нугаснаас тархинд очих мэдрэлжилт сайн хөгжөөгүй байдаг учраас хоёр нас хүрээгүй хүүхэд гол төлөв шээсээ хүрэнгүүт нугасны рефлексээр шууд шээдэг. Гурван наснаас хойш тархины хөгжил гүйцэж хаана, хэзээ шээхийгээ мэддэг болно. Өөрөөр хэлбэл орондоо шээхгүй. Гэтэл зарим хүүхдэд тархины жолоодлого харьцангуй оройтож хөгжих тохиолдол бий. Ийм хүүхэд 4-7 болон түүнээс дээш насандаа орондоо шээх явдал бий. Энэ нь өвчин биш. Бэлгийн бойжилт эхлэнгүүт аяндаа зүгээр болно.
  • Орондоо шээдэг дөрвөн хүүхэд тутмын гурав нь удамшлаа дагадаг байна. Ээж аав нь багадаа ийм асуудалтай байгаагүй ч ойрын хамаатнаа дагах тохиолдол бий.
  • Өтгөн нь хатдаг асуудалтай бол, давсгийг шахаж, өөрийн мэдэлгүй шээх тохиолдол байдаг.
  • Айж цочсон үед орондоо шээх тохиолдол бий.
  • Эпилепси зэрэг сэтгэцийн органик өвчний үед орондоо шээх, мэдээгүй бие засах явдал тохиолддог. Шээсний сүв, давсагны үрэвсэлт өвчтэй бол мэдээгүй шээх явдал бий. Эдгээр тохиолдолд мэргэжлийн эмчид хандана уу.

Авах арга хэмжээ

  • Хамгийн түрүүнд та хүүхэдтэйгээ ярилцаж, ганцаараа л орондоо шээж байгаа хүүхэд биш гэж тайвшруулах хэрэгтэй юм. Үүнийг ойлгуулахгүй, буруутгаж, гэмшил мэдрүүлснээр ирээдүйд хүүхдийн өөртөө итгэх итгэлд маш муугаар нөлөөлдөг байна.
  • Хүүхдээ унтахаас нь өмнө бие засахыг сануул.
  • Унтахаас нь 2 цагийн өмнөөс шингэн зүйл өгөхөө багасга.
  • Шөнө өөрөө сэрж хүүхдээ бие засуулж бас болно.
  • Өтгөн нь хатдаг бол шингэлэх арга хэмжээ аваарай.
  • Дахин сануулахад ямар нэг сэтгэцийн өвчин, шээсний сүв, давсагны үрэвсэлт өвчтэй тохиолдолд эмчид яаралтай хандана уу.

BABY.MINU.MN

FACEBOOK.COM/BABY.MINU.MN

ЭХ СУРВАЛЖ: WWW.WEBMD.COM

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж