Жирэмсэн болно гэдэг бол зөвхөн гэдэсний хэмжээ томрох гэсэн үг биш юм. Эмэгтэйчүүдийн сэтгэл зүй, бие махбодод маш олон өөрчлөлт гардаг. Та хоёрын өдөр тутмын амьдралд ч өөрчлөлт гарах учраас аав нар маань энэ бүхэнд бэлдэж, эхнэрүүдээ илүү сайн ойлгоход туслахын тулд энэхүү зөвлөгөөг хүргэж байна.
# ”Өлсөөд байна”
Жирэмсний үед та энэ үгийг төсөөлж байснаасаа ч илүү их сонсоно. Эхнэр тань өлссөнөө зарласан даруйд түүнийг хоолло! Гэхдээ гартаа тааралдсан хүнсээр биш, эрүүл, шим тэжээлтэй хүнс сонгох хэрэгтэй. Эс бөгөөс эхнэр тань байх ёстой хэмжээнээсээ илүү ихээр жин нэмэн, галбираа алдах болно. Та энийг хүсэхгүй л биз дээ? Эхнэр тань ч, хэвлийд байгаа хүүхэд тань ч үүнийг хүсэхгүй. Учир нь шим тэжээлгүй, буруу хооллосноор, мөн жин их хэмжээгээр нэмснээр урагт муугаар нөлөөлдөг.
# Гормоныг буруутга
Өдөрт хэдэн удаа зан авир нь өөрчлөгдөж, дөнгөж сая таныг хайрлан энхрийлж байсан эхнэр тань цагийн дараа учир нь олдохгүй уурлаж бухимдаж байгаа бол гайхаж, түүнийгээ буруутгасны хэрэггүй. Эхнэр тань ч өөрөө учраа олохгүй, өөрийн эрхгүй зан авир нь тогтворгүй болж байгаа гэдэгт итгээрэй. Учир нь жирэмсний үед эмэгтэйчүүдийн гормон маш ихээр ялгарч, тэнцвэр алдагдан энэ нь зан аашд шууд нөлөөлдөг. Сарын тэмдэг ирэхийн өмнөх хэд хоног яг ийм шинж тэмдэг илэрдгийг та санаж байна уу? Тэгвэл энэ нь жирэмсний үед есөн сарын турш үргэлжлэнэ. Эхнэрт тань ч энэ төвөгтэй байгаа учир түүнийгээ ойлгохыг хичээгээрэй. Зарим үед танд хүндрэлтэй байхыг ойлгож байна. Гэхдээ аав болгон энэ үеийг амжилттайгаар туулдаг юм шүү.
# Мартамхай минь дээ
Жирэмсний үед эхнэр тань маш мартамхай болно. Дахиад л өнөөх гормонууд эхнэрээр тань даажигнаж байгаа нь энэ шүү дээ. Хаалгаа түгжихгүй орхих, утсаа мартах, яах гэж гал тогоонд очсоноо мартах зэрэг бол элбэг тохиолдох учраас хэсэг хугацаанд та эхнэрийнхээ ой санамж болохыг зөвлөе байна.
# Эхний гурван сард bye bye sex!
Энэ нь бүх эмэгтэйчүүдэд тохиолдоод байдаггүй ч, эхний гурван сарын хугацаанд эхнэр тань хордлого өгөх, дотор нь эвгүйрэх, байнга ядрах, нуруугаар нь өвдөх зэрэг асуудлууд гарах магадлалтай учраас түүнийгээ хүчлэх хэрэггүй. Харин гурван сарын дараа бүх зүйл хэвийн байдалдаа орох болно.
# Жирэмсний үед секс хийж болох уу?
Зарим хүмүүс хэвлий дэх ургийг хөндөх болов уу гэж эмээдэг ч айх зүйл огт байхгүй учраас хавьталд орох нь ямар нэг аюулгүй юм. Зузаан хальс болон, хэвлийн булчин хүүхдийг хамгаалж байдаг учраас өвтгөнө гэж санаа зовох хэрэггүй.
Жирэмслэлтийн үед зөвхөн ээжүүд үүрэг хариуцлага хүлээх биш, аавууд маань олон зүйлээр хувь нэмэр оруулж, туслах хэрэгтэй юм.
1. Айдастайгаа нүүр тул
Хэрвээ таны анхны хүүхэд төрөх гэж байгаа бол жирэмслэлтийн аль нэг үед аавуудад санаа зовинол, түгшүүр бий болох нь хэвийн үзэгдэл юм. Энэ үед хийж болох хамгийн шилдэг зүйл бол аль хэдийн аав болсон туршлагатай найз нөхөдтэйгөө ярилцах юм. Мөн өөртэй чинь адилхан удахгүй аав болох гэж байгаа хүмүүстэй ярилцаж болно.
2. Анхаарал хандуул
Маш ажигч байх хэрэгтэй.
- Эхнэрийн тань жирэмсэн бие таалагдаж байгааг түүнд хэл. Сар бүр зургийг нь авч гэдэс нь хэрхэн томорч байгааг тэмдэглэж ав.
- Ядарсан үед нь массаж хийж өг.
- Гэдсэн дэх хүүхдийн хөдлөхийг мэдэр.
- Эмчийн үзлэгт орох бүрт нь хамт явахыг хичээ.
3. Амьдралын хэв маягаа эрүүлжүүл
Эхнэр тань илүү эрүүл хоол идэж, дасгал хөдөлгөөн, цэвэр агаарт гарахыг эрхэмлэж байгаа байх. Үүнийг нь дэмжин хамт энэ хэв маягт нь орвол илүү үр дүнтэй байх болно.
- Эрүүл бус хоол хүнснээс татгалз
- Алкогольны хэрэглээгээ зогсоо
- Тамхинаас гар
- Хамтдаа дасгал хөдөлгөөн хий.
- Цэвэр агаарт гар
4. Түүний өөрчлөгдөж байгаа биеийг хайрла
Жирэмслэлтийн явцад эхнэр тань биендээ сэтгэл ханамжгүй байх тохиолдол бий. Нурууны өвдөлт, дотор эвгүйрхэл, гормоны өөрчлөлт зэргээс болж та хоёрын секс амьдрал хэсэг хугацаанд тийм ч сэтгэл хөдөлгөм байхаа болих магадлалтай. Тиймээс аль болох түүндээ сэтгэл санааны дэмжлэг өгөхийг хичээж, ямар нэг байдлаар хүчилсний хэрэггүй.
5. Өдөр тутмын гэрийн ажилд нь тусал
Туслахаас гадна хамгийн чухал зүйл бол хамтдаа хийх юм. Энэ үед бие биедээ тусалж, ярилцаж хөгжилдсөнөөр илүү халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэн, эхнэрийн тань сэтгэл санаа тайван байж, энэ нь урагт ч сайнаар нөлөөлнө.
- Хоол хийхэд нь ширээ засах
- Угаасан хувцсыг нь дэлгэлцэх
- Хүнсээ хамт цуглуулах гэх мэт
ЭХ СУРВАЛЖ: WWW.BABYCENTRE.CO.UK