Ааш муутыг номхтгох арга

Хуучирсан мэдээ: 2016.05.22-нд нийтлэгдсэн

Ааш муутыг номхтгох арга

Энхрий бяцхан үрс чинь хааяа ааш муутай, зөрүүд нөхөр болон хувирч, таныг хэцүүхэн байдалд оруулж байна уу? 1-4 насны хүүхдүүд асуудалтай нүүр тулахдаа яах учраа олохгүй, хамгийн түрүүнд чанга уйлж орилж, зөрүүдэлж бухимдлаа гаргадаг. Тэднийг бухимдахад хүргэдэг асуудлууд ихэвчлэн хүссэнээ авч чадахгүй байх тохиолдлууд юм. Хэрхэн эдгээр ааш муутуудыг “номхтгох” вэ?

  • Тоохгүй орхи

Зөрүүдэлж, аашилж байхдаа хүүхдүүд сэтгэл хөдлөлөө хянаж чаддаггүй. Шийдвэр гаргах, дүгнэлт хийдэг тархины урд хэсэг нь хараахан сайн хөгжөөгүй байдаг учраас энэ юм шүү дээ. Хэн нэгэн живж байх үед нь та яаж сэлэхийг зааж чадахгүйтэй адил, хүүхэд тань уурлаж байх үед юу ч ойлгуулах гээд нэмэргүй учраас тоохгүй орхисон нь дээр юм. Ямар нэг юм хийх гэж оролдох тусам байдлыг улам хүндрүүлнэ. Мөн ингэснээр хүүхдүүд тантай муудалцаж, орилолдохгүйгээр өөрөө өөрийгөө тайвшруулахад суралцана. Тиймээс тайвширч, сайхан ааштай болсон үед нь тайлбарлах нь чухал.

  • Анхаарлыг нь сарниулж сур

Цүнхэндээ анхаарлыг нь татаж зугаацуулах тоглоом, дуртай амттан зэргийг авч явснаар таны “аминд орно”. Бухимдал нь яг эхлэхийн өмнөхөн арга хэмжээ авах нь чухал юм. Жишээ нь дэлгүүрт ороод хүүхэд тань дуртай чипсээ авч болохгүй гэдгийг сонсоод “тэсрэх бөмбөг дэлбэрэхэд” ойртох мөчид, анхаарлыг нь өөр чиглэлд хандуулан “Өө нээрээ мартсанаас удахгүй төрсөн өдөр чинь болох гэж байгаа шдээ” эсвэл “Хоёулаа зайрмаг хувааж идэх үү? Надад сонгоход туслаач” зэргээр мартуулж болно. Хүүхдүүдийн анхаарал сарнихад маш амархан байдаг учраас өөр зүйлд анхаарлыг нь хандуулж сурснаар, тэр болгон орилж чарлахыг нь сонсохгүй гэсэн үг. Хамгийн гол нь анхаарлыг нь өөр зүйл дээр татахдаа маш сэтгэл хөөрсөн байдлаар ярих хэрэгтэй. Хаана л хөгжилтэй зугаатай байна, тэдний анхаарал тэнд л сэлгүүцэх болно. Жүжиглэх чадвараа сайжруулах болж дээ.

  • Чухам юу бухимдуулах болсныг нь мэд

Энэ нь хоёроос доош насны хүүхдүүдэд чухал юм. Учир нь тэдний үгийн сан нь маш бага байдаг учраас өөрийгөө сайн илэрхийлж чаддаггүй ч, толгой дотор нь бүх л бодол, хүсэл, хэрэгцээ эргэлдэж байдаг. Энийгээ илэрхийлэх үед нь эргэн тойрных нь ойлгохгүй, тоохгүй байх үед хүүхдүүд маш ихээр бачимдаж, уйлах, орилох зэргээр илэрхийлдэг байна. Өөрийгөө илэрхийлэхэд нь туслах нэг арга бол дохио зангаагаар ойлголцох юм. Дахиад, өлсөөд байна, ядраад байна, сүү ууя зэрэг гол үгнүүдийг нь илэрхийлэх дохиотой болох хэрэгтэй.

Дараагийн арга бол та “мөрдөгч” болж тоглох юм. Чухам юу хүсээд байгаа нь тодорхойгүй уурлах үед та түүнээс хүсч байгаа юмаа хуруугаараа заахыг, дүрсэлж үзүүлэхийг асуу. Заримдаа энэ нь ч ойлгомжгүй байдаг ч хэсэг хугацааны дараа та хоёр илүү сайн суралцах болно.

  • Тайван ярь

Энэ бол маш чухал зүйл юм. Хүүхэд тань яаж ч таныг бухимдуулж, хүндхэн байдалд оруулж байсан та тайван байдлаа хадгалж үлдэх хэрэгтэй. Ямар ч үед тайван өнгө аястай ярьснаар хүүхдийн тань гаргаж байгаа ааш танд нөлөөлөхгүй, мөн орилж уурласнаар хүссэнээ авч чаддаг гэсэн ойлголтыг өгөхөөс сэргийлэх юм. Та бухимдуу, чанга өнгө аястай ярьснаар байдлыг улам хүндрүүлэх болно.

  • Тэвэр

Хүүхэд тань хашгарч, уйлж байхад тэврэх нь тайвшрахад тус болдог. Ямар ч үг хэлэхгүйгээр сэтгэлээсээ хайрлаж, тэврээд үзээрэй. Тэвэрснээр та тэдний гаргаж байгаа авиртай санал нийлэхгүй байгаа ч хайртай хэвээрээ шүү гэдгийг илтгэж байгаа юм. Хааяа тэдэнд сэтгэл хөдлөлөө гадагшлуулахад аюулгүй орчин хэрэг болно шүү дээ.

BABY.MINU.MN

FACEBOOK.COM/BABY.MINU.MN

ЭХ СУРВАЛЖ: WWW.PARENTS.COM

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж