Орон даяар улаанбурхан-улаанууд өвчний эсрэг вакцинжуулалтын аян өрнөж байна. Өнөөдрийн байдлаар вакцинжуулалтын хамрагдалт 69 хувьтай байгаа гэлээ. Энэ нь хангалттай үр дүн биш юм байна. Учир нь вакцинжуулалтын 14 хоног дуусахад хоёр хоног л үлджээ. Тиймээс энэ хугацаанд вакциндаа хамрагдаагүй залуусыг яаравчлахыг уриалж байна.
Энэ удаад улаанбурхан-улаануудын эсрэг дархлаажуулалтын вакциныг 18-30 насныхан буюу 1986-1998 онуудад төрсөн хүн бүрт хийх юм. Дархлаажуулалтын вакцинд заавал хамрагдах залуус өөрт ойрхон өрхийн эмнэлэг, эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэг эсвэл албан байгууллага, сургуулиудад байрласан түр цэгүүдэд очиж вакцинаа тариулах боломжтой. Харин есөн сар хүрсэн нярай хүүхдэд дархлааны вакциныг өрх, дүүргийн нэгдсэн эмнэлгүүд бямба гариг бүр хийгээд явах юм.
Дархлаажуулахын өмнө хүн бүрийг овог нэр, регистрийн дугаараар бүртгэж, эмчийн үзлэгт оруулж, дархлаажуулах эсэхийг шийдэх юм. Харин вакцин тариулсан иргэдийн зүүн гарын чигчий хуруунд тэмдэглэгээ хийнэ. Мөн 18-30 насны эмэгтэйчүүдэд энэ вакциныг тарьсанаас хойших нэг сарын хугацаанд жирэмслэхгүй байхыг зөвлөн, гарын үсгээр баталгаажуулж байна. Гэхдээ жирэмсэн, ямар нэгэн өвчин тусч эмчилгээ хийлгэж буй, сүүлийн нэг сарын хугацаанд ямар нэг вакцин хийлгэсэн болон өндөгний харшилтай хүнд нэмэлт дархлаажуулалтын вакциныг хийхгүй.
Б.ЗАЯА