Ээжүүдээ! Хэрвээ та нар хүүхдээ унтуулахаас өмнө үлгэр ярьж өгдөг бол яг одоо номоо доош нь тавиад нөхрөө дууд!
Харвардын их сургуулийн гаргасан судалгаагаар аав нар хүүхдэдээ ном уншиж өгвөл илүү давуу талтай байдаг нь тогтоогджээ.
Шалтгаан нь юу гээч? Учир нь хүүхдүүд аавынхаа дэргэд төсөөлөн бодох чадвараа илүү ашиглаж, яриа өрнүүлж чаддаг байна. Судалгаагаар ээж нар илүү тодорхой, харагдаж байгаа зүйлс дээр тулгуурлан ярьдаг бол, аав нар хийсвэр сэтгэлгээ, төсөөлөн бодох чадвар ашигласан сонирхолтой яриа өрнүүлдэг ажээ.
Жишээ нь: Ээж нар “Энэ зурган дээр хэдэн ишиг байна?” гэж асууж байхад, аав нар “Хөөх энэ ишгийг хар даа! Хөдөө явж байхдаа хоёулаа замын хажууд зөндөө ишиг харснаа санаж байна уу?” гэх мэтээр асуудаг.
Эдгээр асуултууд нь сэтгэн бодох чадварыг илүү хөгжүүлдэг ба аав нар уншиж өгч байх үед хүүхдүүдийн анхаарал илүү төвлөрсөн байдаг байна. Ялангуяа хүүхдээ хоёроос бага настай байхаас нь эхэлж аав нар ном уншиж өгвөл маш ойр, дотно харилцааг бий болгодог байна.
Гэхдээ аав дан ганцаараа ном унших үүргийг хүлээх ёстой гэсэн үг биш юм. Ээж аав хоёр ээлжлэн уншиж өгөх хэрэгтэй гэдгийг эрдэмтэд зөвлөж байгаа юм шүү.
ЭХ СУРВАЛЖ: KIKN.COM