Египетийн Каир хотын нисэх буудалд “MS804” нислэгт зарим зорчигчдын ар гэрийнхэн өнгөрсөн пүрэв гаригаас хойш хоноглож байна. Нүдэндээ нулимстай, шаналсан төрхтэй тэдгээр хүмүүс хайртай дотны хүнээ үгүй болсонд итгэхийг хүсээгүйдээ бодит байдлыг үгүйсгэн нисэх онгоцны буудалд горьдлого тээн хүлээсээр байгаа аж. Зорчигчдын ар гэрийнхнийг нисэх буудлын ойролцоо зочид буудалд өрөө гаргаж өгсөн байна.
“EgyptAir” компанийн “Airbus A320” онгоц өнгөрсөн пүрэв гаригт Францын нийслэл Парис хотоос Каир хүрэх замдаа Газар дундын тэнгист сүйрчээ. Золгүй “MS804” нислэгт үйлчлэгчээр ниссэн Самар Эззедин бүсгүйн ээж онгоцны буудал сахин хүлээсээр байна. Тэрбээр охин нь урьдын адил нисэх буудлын хаалгаар инээмсэглэсээр гараад ирэх юм шиг санан харуулдсаар байгаа аж. Дүү Мона нь түүнийг Самарын утсыг унтраахыг ятгасан ч “охин минь залгана” хэмээн байнга асаалттай байлгаж байгаа гэнэ. “Airbus A320” онгоцонд 66 хүн зорчиж явсны дунд шинэхэн гэрлэсэн залуу хос нисч явжээ. Онгоцонд Египетийн 30, Францын 15 болон өөр 10 орны иргэд зорчиж явсан аж.
Египетийн тэнгисийн цэргийнхэн Газар дундын тэнгисийн хүйтэн уснаас хүний биеийн хэсгүүд, ачаа тээш, онгоцны сэг зэргийг олж гаргасан байна. Эдгээр зүйлс Александриа хотоос 300 орчим км зайтай тэнгист хөвж явжээ. Тэнгисээс олдсон хүний биеийн хэсгүүдэд ДНК-ийн шинжилгээ хийж хэн болохыг нь таних ажлыг эхлүүлсэн байна.
Онгоцны хоёр хар хайрцагийг олоогүй байгаа учир ослын шалтгаан тодорхойгүй хэвээр байна. Гэхдээ нисэх онгоц радараас алга болохоос гурван минутын өмнө утаа гарсан гэх дохио ирсэнээс үндэслэн тэсрэх бөмбөг эсвэл техникийн саатал гарсан гэж таамаглажээ. Гашуудлын хар хувцас өмссөн нэгэн эмэгтэй “онгоц дэлбэрсэн байгаасаа гэж би үнэхээр найдаж байна. Тэд удаан зовж тарчлаагүй л бол бие нь хэдэн хэсэг болсон байх нь чухал биш” хэмээн ярьжээ.
Эх сурвалж: Reuters
Б.АНХТУЯА