Д.Эрдэнэтогтох: Уулчид нэг оргилд гарч, бууж ирээд дараагийнхаа уулыг төсөөлдөг

Хуучирсан мэдээ: 2016.05.23-нд нийтлэгдсэн

Д.Эрдэнэтогтох: Уулчид нэг оргилд гарч, бууж ирээд дараагийнхаа уулыг төсөөлдөг

Олон улсын хэмжээний мастер Д.Эрдэнэтогтохтой ярилцлаа.

-Зургаа дахь оргилдоо амжилттай гараад ирсэнд баяр хүргэе?

-Баярлалаа. Австрали тивийн ноён оргил болох Косчовскод улсаа төлөөлөөд гараад ирлээ. Энэ оргил нь тус тивийнхээ хамгийн өндөр буюу 2228 метр. Яг уулан дээр байхад усан бороотой, хийсчихмээр хүчтэй салхитай, хүйтэн жавартай, нойтон хувцас, гуталтай, Австралид амьдардаг 10 залуутай хамт Л.Нараа эгчтэйгээ энэ сарын 8-нд оргил дээр гарсан. Уулчин хүн бүрийн зорьдог долоон тивийн долоон оргил байдаг. Энэ долоон оргилыг хоёр янзаар ангилсан байдаг. Бид хоёрын явдаг нь бассын ангилал буюу басс лист. Нөгөө ангилал нь мис портист. Миний хувьд саяын оргилд гарснаараа зургаа дахь, Л.Нараа эгчийн хувьд дөрөв дэх нь байгаа. Миний дараагийн зорилт долоо дахь оргил руугаа авирах.

-Долоо дахь оргил нь аль тивийнх вэ. Монголд таниас өөр зургаан оргил дээр гарсан хүн бий юү?

-Уулчид нэг оргилд гарч, бууж ирчихээд дараагийнхаа уулыг төсөөл­дөг. Дараагийн долоо дахь оргил маань Антарктидийн Вшин байгаа. Монголоос зургаан оргилд авирсан хүн одоохондоо байхгүй. Харин гавьяат тамирчин Г.Өсөхбаяр, гавьяат тамирчин Б.Гангаамаа хоёр таван оргил дээр гарсан байгаа.  

-Бэлтгэлээ хэр хангасан бэ?

-Зарим өндөр оргилд авирахын өмнө бэлтгэл хийдэг. Энэ удаагийнх намхан байсан болохоор нэг их бэлтгэл хийгээгүй. Ойр зуур гүйж, харайх, өглөө жаахан алхаж байгаад л гарсан. Уг оргил нь мөнх цастай биш болохоор харьцангуй гайгүй.

-Ууланд авирах зардал мөнгөө хаанаас яаж олдог вэ. Улсаас даадаг уу эсвэл өөрөө ивээн тэтгэгч хайдаг уу?

-Уулын спорт өртөг өндөртэй. Санхүүжилтээ олохгүй бол хувиасаа гаргадаг. Миний хувьд өмнөх зээлээ дуусаагүй байж сая дахиад өр тавиад явсан. Өмнөх ганц нэг том оргилд гарахад зардлаасаа шалтгаалаад хэд хэдэн газарт хандаж байсан. Би Оюутолгойд ажилладаг. Эверест, Аконкагуа явахад манай компаниас даасан. Өнгөрсөн жил Деналид явахад аймгийн Засаг даргын Тамгын газар, “Талын үнэг” компани, ах дүү, найз нөхөд боломжоороо өгсөн. Энэ удаа зардал бага байсан бо­ло­хоор өөрийнхөө со­нирхлыг гүйцээхийн тулд ху­виасаа зохицуулаад явсан.

-Долоо дахь оргилд гарахын тулд хэдэн төгрөг хэрэг болох вэ. Энэ уул хэдэн метр өндөр юм бол?

-Долоо дахь оргил маань өртөг өндөртэй. 40 мянган ам.доллар буюу 80 гаруй сая төгрөг болно. Тиймээс үүнийгээ хөөцөлдөж, олон хүнд хандана даа. Энэ оргил 4800 метр өндөр.

-Та анх ямар ууланд авирч байсан бэ?

-Монгол дахь хамгийн анхны оргил Цамбагарав, гадны хувьд 1990 онд ЗХУ-ын таван оргилд авирсан анхны Монгол эмэгтэй болсон. 1994 онд Монголын уулчид хамгийн анх Гималайн нурууны салбар уулсуудад авиралт хийсэн. Үүний дараа 2006 онд Эверестийн эмэгтэй баг анх явахад би оргил дээр нь гарч чадаагүй ч 8844 метрт гарсан гэсэн гэрчилгээ авсан. Үүнээс хойш таван жилийн дараа гавьяат тамирчин Б.Гангаамаа Эверестийн оргилд гарч амжилт тогтоосон. Мөн 2009 онд Африкийн Климинжаро, Европын Эльбрус, 2013 он Өмнөд Америкийн Аконкагуа, өнгөрсөн жил Хойд Америкийн Деналид, энэ жил Австрали тивийн Косчовскод гарсан анхны монгол эмэгтэй боллоо. Хоёр тивийн оргилд жилд хоёр гарсан хүн Монголд гавьяат тамирчин Г.Өсөхбаяр, бид хоёр. Миний хувьд 2009 онд Климинжаро, Эльбрус гээд хоёр тивийн оргилд гарсан.     

-Энэ спортоор хичээллэхийн ач холбогдол юу вэ. Эмэгтэй хүн хичээллэхэд хүнд юм шиг санагддаг?

-Миний бодлоор хүн өөрийнхөө зорьсон зорилгод хүрэх, байгалийн сайхныг үзэж, харах, байгалийн бэрхшээлд өөрийгөө ялан дийлэх, хүн хүнээ таних. Хамгийн гол нь тухайн оргил дээр гарчихаад тэр сайхан мэдрэмжийг олж авахын тулд явдаг. Уул болгоны оргил дээр хүссэн бүхэн хөл тавьдаггүй. Энэ спорт эмэгтэй хүнд хэцүү. Бидний хувьд эмэгтэй хүнээс ямар нэг тэсвэр тэвчээр, эр зориг, атаа жөтөө, үхэл, амьдралын дунд явдаг. Ууланд очихоор би эмэгтэй хүн, чи эрэгтэй хүн болохоор миний ачааг үүр гэж хэлэх ямар ч эрх байхгүй. Нэг зорилготой явж байгаа болохоор өөрөө үүргэвч, зуухаа үүрнэ, мөсөө хагалж майханаа барьж, цайгаа чанана.

-Замынхаа талд ороод явж байхад агаарын өөрчлөлтөөс болоод буцах тохиолдол гарна биз?

-Уулчин хүн нэгэнт тэр оргилыг зориод явсан ч гэсэн буцаж чадах сэтгэлийн тэнхээтэй байх ёстой. Яагаад гэвэл тэр уул нүүгээд явчихгүй. Нэг удаа буугаад дараа нь дахин гарах боломж олдоно. Зарим нь махруу, зүтгэх байдлаасаа болж эрсдэлд орсон, амжилтгүй болсон, оргил дээр гарсан ч буцаж ирээгүй тохиолдлууд байдаг. Уулчин хүний авиралт оргил дээр гарснаараа 100 хувь биш. Оргилоос буугаад эх орон, гэр бүл, аав ээждээ эсэн мэнд эргэж ирэх юм. Уулын ослын ихэнх нь уруудах үед гардаг. Яагаад гэвэл хүн оргил руу гарахдаа ядраагүй, тамир тэнхээтэй байдаг. Өндөр рүү гарах тусам биед өөрчлөлт орно. Тиймээс оргил дээр гарсан хойноо тайвширч, зорилгоо биелүүлсэн гэдэг утгаар доошоо буухдаа хяналтаа алддаг.

-Уулын спортоор хичээллэхэд юу ингэж их нөлөөлөв. Танайд энэ спортоор хичээллэдэг хүн байсан уу?

-1986 оноос хойш энэ спортоор хичээллэж байна. Манай Өмнөговь аймагт дээр үед цас их ордог, өвлийн спорт хөгжиж байсан юм билээ. Тэр утгаараа манай аав болон аавын үеийн олон уулчин цанаар их гулгадаг. Цанын олон мастертай, цанаар гулгаж байгаа хүмүүс цас, мөстэй ууланд их авирна. Тиймээс ч 1990 онд олон уулчинтай байсан. Тавдугаар анги төгссөн зун хавар, намрын пальто, пүүзтэй аавыгаа дагаж ууланд гарснаас хойш сонирхдог болсон. Уулан дээр гарахад хүнд үгээр хэлж боломгүй сайхан мэдрэмж, сэтгэгдэл төрдөг болохоор жил бүр үүнийг мэдрэх хүсэл зорилготой явдаг. Манай аав цанын болон уулын спортын хошой мастер. Манай аймагт олон цанын, уулсын спортын мастер байсан. Тэдний л үр дагавар, залгамж халаа даа. 

-Таныг гэр бүлийнхэн чинь хэр дэмжиж, тусалдаг вэ?

-Энэ спортод дуртай хүн болгон яваад байж чадахгүй. Эмэгтэй хүмүүс чинь хэцүү л дээ. Тиймээс хамгийн их тусалж, дэм­жигч нь аав ээж, үр хүүхэд, хань ижил, ах, дүү нар байдаг. Хэрэв ар талдаа санаа зовоод байвал хям­ра­хаас эхлээд асуудал их. Тиймээс санаа зовох зүйлгүй байх хэрэгтэй. Мөн ажлаас их тусалж, дэмждэг. Хоёр том амжилтыг маань санхүүжүүлж, ивээн тэтгэсэн. Зарим үед цалинтай чөлөө өгдөг. Би “Оюутолгой” компанийн Даланзадгад дахь төлөөлөгчийн газарт мэр­гэ­жилтэн хийдэг. Даланзадгаддаа ажиллаж, амьдарч байна.

Р.ОЮУН

ЭХ СУРВАЛЖ: “ЗУУНЫ МЭДЭЭ” СОНИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж