Нийслэлийн АН-ын нэр дэвшигчид дэмжигчидтэйгээ уулзлаа

Хуучирсан мэдээ: 2016.05.23-нд нийтлэгдсэн

Нийслэлийн АН-ын нэр дэвшигчид дэмжигчидтэйгээ уулзлаа

НИТХ-ын ээлжит сонгуульд Ардчилсан намаас 45 хүн нэр дэвшиж буй юм. Эдгээр нэр дэвшигчид Соёлын төв өргөөнд нийслэлийн есөн дүүргийн төлөөлөл болох 1800 гаруй гишүүд, дэмжигчтэйгээ уулзлаа.

Нийслэлийн Ардчилсан намынхан энэ удаагийн НИТХ-ын сонгуульд “5+” төлөвлөгөө боловсруулж оролцох аж. Уулзалтын эхэнд НИТХ-ын сонгуульд нэр дэвшигчид намынхаа мөрийн хөтөлбөрт гарын үсэг зурлаа. Гарын үсэг зурж байгаа учир нь мөрийн хөтөлбөрөө биелүүлнэ гэсэн утга илэрхийлж байгаа юм байна.

Нийслэлийн Ардчилсан намаас нэр дэвшиж, олонх болсон НИТХ-ын төлөөлөгчид өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд 259,4 км зам тавьсан байна. Энэ нь 2008-2012 онтой харьцуулахад гурав дахин урт аж. Түүнчлэн 96 сургууль, цэцэрлэг барьсан гэдгийг хотын дарга Э.Бат-Үүл онцоллоо.


Ингээд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлээс зарим зүйлийг тодрууллаа.

-Танай багийн уриа юу вэ?

-Нийслэлийн Ардчилсан нам “Улаанбаатараа улам хөгжүүлье” гэдэг уриартай НИТХ-ын сонгуульд оролцож байна.  Энэ уриа маань нийслэлчүүдийн захиалгаар бий болсон уриа юм. Бид зорилтоо тодорхойлохдоо иргэдээс асууж, иргэдийн санал санаачлагыг тусгах байдлаар хийдэг болсон. Тэр ч утгаараа өнгөрсөн дөрвөн жилд гайхалтай ажилсан, НИТХ-ын сонгуульд ялалт байгуулах юм бол түүнээс илүү гайхалтай ажиллаарай гэж хүмүүс хэлдэг. Би энэ удаад том ялах ёстой гэж үзэж байна. Яагаад гэвэл өмнө нь хийсэн ажлаа хэд дахин нэмэгдүүлэх шаардлагатай байгаа юм.

-НИТХ-ын сонгуульд нэр дэвшиж буй багаа танилцуулаач?

-Манай багийн хүмүүс 45 буюу дундаж насны хүмүүс бий. Өөрөөр хэлбэл хийж бүтээх эд үе дээрээ явж байна. Түүнчлэн эмэгтэйчүүдийн нэр дэвших квотод хүрсэн. Ер нь залуучууд, эмэгтэйчүүд гэх мэт нийгмийн төлөөллийг бүрдүүлж чадсан.     

НИТХ-д нэр дэвшигч Л.Нарантуяа

-Нийслэлийн Ардчилсан нам 2012-2016 онд 26 төлөөлөгчтэй НИТХ-д ажилсан. Үүнээс зургаан төлөөлөгч эмэгтэй байсан. Өнгөрсөн хугацаанд бүтээн байгуулалт хөрөнгө оруулалт, төрийн үйлчилгээ, бүтэц гэх мэт шинэчлэлийг эхлүүлж чадлаа. Дараагийн зорилго бол үндсэн суурийг нь тавьчихсан ажлаа үргэлжлүүлэх асуудал юм. Энэ удаагийн НИТХ-ын сонгуульд Нийслэлийн Ардчилсан намаас найман эмэгтэй нэр дэвшиж байна. Миний хувьд эмэгтэйчүүдийн тоо нэмэгдэж байгаад баяртай байна.

НИТХ-д нэр дэвшигч Ж.Амарсанаа

-Бидний хийсэн ажил ард иргэдээс сайн үнэлгээ авсан гэдэгт эргэлзэхгүй байна. Тиймээс бид өмнөх ажлаа үргэлжлүүлэх зорилго тавьсан. Миний хувьд эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдалд анхаарч ажиллана. 

Т.ДАВААНЯМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж