Хадны зураг агуулга баянтай

Хуучирсан мэдээ: 2016.05.23-нд нийтлэгдсэн

Хадны зураг агуулга баянтай

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор ЮНЕСКО-той хамтран “Хаданд мөнхөлсөн урлаг” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал тавдугаар сарын 30, 31-нд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах болсон байна. Энэ талаар өнөөдөр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, ЮНЕСКО-гийн секторын захирал Д.Бадарч нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Монгол Улсын хэмжээнд 500 гаруй цогцолбор хадны зураг байдаг аж. Эрдэмтэд хадны зургийг хүн төрөлхтөний оюуны бүтээл хэмээн үздэг юм.

Дэлхийн соёлын өвд одоогоор 20-иод орны 34 хадны зураг бүртгэгдсэн байдаг бол Монгол Улсаас Алтайн нурууны хадны цогцолбор ЮНЕСКО-гийн өвд бүртгэгджээ.

Бага хурлын талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаанаас тодрууллаа.

-Бага хуралд дэлхийн улс орнуудаас судлаачид оролцоно гэж байна. Хэчнээн судлаач оролцох юм бол. Алтайн хадны сүг зургийн судалгааг голлон ярилцах нь гэж ойлголоо. Мөн энэ үеэр болох арга хэмжээнүүдийг тодруулахгүй юу?

-Монгол Улс байгалийн баялаг ихтэй гэж ярьдаг ч хүн төрөлхтөний өвийг тээгч гэдгээ анзаардаггүй. Монгол Улс Алтайн хадны зургийн цогцолборыг ЮНЕСКО-д өргөдөл гаргаад дэлхийн соёлын өвд бүртгүүлснээс хойш дөрвөн жил өнгөрч байна. Энэ хугацаанд хийгдсэн судалгаа зэрэгтээ тулгуурлаад “Хаданд мөнхөрсөн түүх” олон улсын хурлыг зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Хадны сүг зургаар дагнан судалгаа хийдэг дэлхийд алдартай 10 гаруй орны эрдэмтэн, Монголын нэртэй эрдэмтэд хадны сүг зураг судалдаг 100-гаад хүн оролцоно.

Монгол орон даяар 500 гаруй цогцолбор байна гэж үздэг. Монголын хадны зурагт хоёр онцлог байгаа. Нэгд, тооны хувьд олон, зөвхөн Алтайн хадны бүртгүүлсэн цогцолборт ойролцоогоор 65 мянган зураг байгаа. Хоёрт, агуулгын хувьд гайхамшигтай. Арслан заан хоёр, эвэртэй тэмээний зургаас өгсүүлээд манай эрин хүртэлх сүйх тэрэгтэй зураг. Энэ хоорон дахь хүн төрөлөхтөний үүсэл хөгжил шилжилт хөдөлгөөнийг бүгдийг бичсэн байдаг. 5000 жилийн өмнө бичиг үсэг байгаагүй үед бидний өвөг дээдэс тухайн үеийн соёлоо хаданд сийлж бичиж үлдээж байсан. Тэгэхээр хадны зураг гэдэг нь түүх, гүн ухаан, урлаг соёл, бичиг үсэг. Энэ том соёлын өвийг тайлж мэдэхийн тулд манай эрдэмтэн мэргэдээс гадна дэлхийн нэртэй эрдэмтэд шинжлэх ухааны ололтод суурилаад ЮНЕСКО-той хамтраад оюуныхаа хүчийг сорих том төсөл эхэлж байгаа юм.

Хаданд байгаа зургийг өнгөнд оруулахад реализм, абстракт, 19, 20 дугаар зууны сонгодог зургууд байгаа гэдэг нь харагддаг. Үүний төлөөлөл болгоод Тэнгис болд зураачийн хадны зургийг өнгөнд оруулсан зургаар үзэсгэлэн гаргана.

Алтай хадны зургаар фото цомог гаргана. Дэл уулын хадны зургаар Үндэсний түүхийн музейд үзэсгэлэн гаргана. СУИС-ийн 80-аад оюутан оролцсон С.Дулам багшийн бичсэн хадны зургаас сэдэвлэсэн бүжгэн жүжиг тоглогдоно. Энэ бүхэн нь уг өв соёлыг хайрлаж хамгаалах, бүртгэлжүүлж, судлах, аялал жуулчлал хөгжүүлэх, улс орны хөгжил дэвшлийн хөшүүрэг болгох олон талын ач холбогдолтой юм.

-500 орчим зургийн бүртгэл байдаг гэлээ. Албан ёсоор бүртгэлүүлжүүлэх, орон нутгийн иргэдийн оролцоог бий болгох чиглэлийн ажил хэр хийгддэг юм бол?

-Ийм өвийг хамгаална гэдэг зөвхөн сонирхдог  судалдаг хүний хүчээр дийлэх ажил биш, нүсэр ажил. Иргэний оролцоо чухал. Ажил мэргэжил, наснаас үл хамаараад мэргэжлээс үл хамаараад “Манай энд хаданд ийм зураг байна” гэж орон нутагтаа бүртгэлжүүлээд Шинжлэх ухааны академи, түүх археологийн хүрээлэнд мэдээлээд хамгаалалтад авч хайрлах ёстой.

Харамсалтай жишээнүүд байна.  Хадны зурагт үүрэн холбооны антень суурилуулсан байх жишээтэй. Хэрвээ хамгаалах ажилд тухайн аймаг орон нутгийн удирдлага, өвгөд хөгшид, малчин, тариаланч бүгд оролцох юм бол хамгаалалттай болно.

-Монголын хадны зургийн судалгаа ямар түвшинд байгаа бол?

-Эхлэлийн төдий л байгаа. Гурван цэнхэрийн агуйг малчин хүн олж байсан. Мөнххайрханаас олдсон оршуулгыг малчин хүн олоод мэдээлж байгаа. Дэлхийд энэ бүхнийг сонирхож байгаа маш олон эрдэмтэн бий. Юугаар сийлсэн бэ, хэдэн онд зурсан бэ гэдгээс эхлээд шинжлэх ухаан. Энэ ажлыг бүх хүн ойлгочих юм бол хамгаалдаг хайрладаг болно.

Тйм учраас ирэх жилээс Хэнтий, Хангай саяны салбар уулсад төсөл эхлүүлнэ.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж