Дундговийн малчин шилдэг ерөөлч болжээ

Хуучирсан мэдээ: 2016.05.23-нд нийтлэгдсэн

Дундговийн малчин шилдэг ерөөлч болжээ

Гэрлэх ёслолын ордны 40 жилийн ой энэ жил тохиож байна. 1976 оноос өнөөг хүртэл  36800 гаруй залуу хос гал голомтоо бадраасан энэ сайхан өргөө 40 жилийн ойгоо угтан  "Ерөөлч, Ерөөл сонирхогчдын уралдаан" зохион байгуулсан байна.  Монголын үндэсний уламжлалт оюуны биет бус соёлын өв болсон "Ерөөл магтаал”-ыг сэргээн хөгжүүлж, дэлгэрүүлэх, сурталчилах, залуу хойч үедээ өвлүүлэн үлдээх, Монгол хуримын мартагдсан ерөөлийг сэргээх, шинээр ерөөл зохиох, ерөөл сонирхогчдыг бүртгэлжүүлэх зорилготой уг уралдаанд эх орны өнцөг булан бүрээс ерөөлчид ирж оролцжээ.

"Алтан хурим”, "Мөнгөн хурим”,”Залуу хосын хурим” гэсэн сэдвээр ардын уламжлалт ерөөлөөр оролцсон уг уралдааны тэргүүн байрт Дундговь аймгийн оролцогч, малчин Б.Эрдэнэбаатар шалгарч,  хүндэт өргөмжлөл,  нэг сая  төгрөгийн эзэн болсон байна. Удаах байрт Дундговь аймгийн драмын театрын жүжигчин А.Дэлгэрмаа,  СУИС-ийн Хөөмийн ангийн оюутан С.Мөнхтогоо нар шалгарсан бол Эрдэнэт хотын Эгшиглэн соёлын төвийн эрхлэгч Н.Гүндэгмаа тусгай байрын шагналтан болов. Мөн уг уралдааныг хамгийн алсаас зорьж ирсэн Өвөр Монголын Дэдмагийн нэрэмжит урлагийн дээд сургуулийн төгсөгч, чөлөөт уран бүтээлч Х. Хөгжилбаатар мөн тусгай байрын шагналын эзэн болжээ.

Ерөөлчдийн уралдааныг  Төрийн хан хуурч, Ерөөлч магтаалчдын төвийн тэргүүн МУАЖ, Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Цэрэндорж, Азийн өргөмжлөлт туульч, ерөөлч магтаалч МУСТА Х.Цэрэнчимэд, СУИС-ийн багш, Гэрлэх ёслолын ордны ерөөлч, МУСТА ерөөлч, магтаалч Данзандоржийн Түвшинбаяр шүүжээ.

Д.ЦЭЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж