Туркийн шинэ ерөнхий сайдаар Шударга ёс, хөгжлийн намыг /AK Party/ үүсгэн байгуулагчдын нэг Бинали Йылдырым сонгогджээ. Туркийн эрх барих намын хурлаар /2016.5.22/ ерөнхийлөгчийн ойрын холбоотон Бинали Йылдырымыг засгийн газрын тэргүүнээр сонгосон аж. Өдгөө 60 настай Бинали Йылдырым санал хураалтад оролцсон намын бүх гишүүдийн саналаар сонгогджээ.
Туркийн экс ерөнхий сайд Ахмед Давутоглу энэ тавдугаар сарын эхээр огцрохоо зарласан юм. Тэрбээр Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдогантай олон асуудалд санал зөрөлдөх болсноос огцроход хүрчээ. Тэрбээр Туркийг ерөнхийлөгчийн засаглалд шилжүүлэх Режеп Тайип Эрдоганы төлөвлөгөөг дэмжээгүй аж.
Туркийн засгийн газрын шинэ тэргүүн Бинали Йылдырым ерөнхийлөгчийн засаглалд шилжихийн тулд үндсэн хуулийг өөрчлөх тухай мэдэгдсэн байна. Туркийн ерөнхийлөгч нь бэлгэдлийн үүрэг рольтой байдаг юм. Эрдоганыг дэмжигчид АНУ, Франц шиг ерөнхийлөгчийн засаглалд шилжсэнээр улс төрийн нам, эвслийн фракцийг үгүй болгох ач холбогдолтой хэмээн үзэж байгаа аж. Харин сөрөг хүчний зүгээс Турк ерөнхийлөгчийн засаглалтай болсноор эзэрхэг ёс буюу нэг хүний дэглэмийг тогтооно хэмээн эсэргүүцэж байна.
Бинали Йылдырым өмнө нь Туркийн тээврийн сайдаар ажиллаж байсан аж. Тэрбээр далай тэнгисийн шинжлэх ухаан болон хөлөг онгоц бүтээх чиглэлээр боловсрол эзэмшиж, Истамбулд өндөр хурдны гатлага онгоцны компани байгуулан ажиллуулж байжээ.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: Reuters