Энэ бол Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг БНСУ-ын Гадаад судлалын их сургуульд зочлох үеэр төрсөн сэтгэгдэл. Монгол хэлээр хичээнгүйлэн ярьж, бидний өнгөрсөн хийгээд өнөөдрийн талаар маш нухацтай ярих оюутнуудтай суухад харь хэр нь элэг ойрхон мэт санагдана. Монголчууд Солонгостой эртнээс найрсаг харилцаатай байсан арт түмэн гэдгийг бидний түүхэн эх сурвалж болсон “Монголын нууц товчоо”, “Алтан товч”, “Эрдэнийн эрхи”, “Юань улсын судар”-аас хангалттай харж болно. "Чингис богдын дурсгалын түүвэр"-ээс иш татвал,
–Гуулин улсыг дайлахуйя
Гуйж өгсөн Хулан
Солонгос улсыг байлдахуйя
Сундалж авчирсан Хулан
Мөхөхөөсөө айхуйдаа
Мөргөж дагасан охин
Эвдрэхээсээ айхудаа
Эрж дагасан эхнэр… хэмээн Солонгосын Хулан хатны тухай бичсэнийг Монгол хэлээр биднээс дутахааргүй цэвэрхэн ярих Солонгос бүсгүй инээмсэглэн хэлж байна.
Өөрийн гарал угсаагаа илүүд тавилгүй бодит эх сурвалжаас хичээнгүйлэн хэлэх түүнийг өөрсдөөсөө бусдыг үгүйсгэгч өнөөгийн залуустай жишвэл яагаад ч юм хүндэлмээр. Хий хоосон чээжээ дэлдэх бус хэл соёлоор дамжуулан хэрхэн хөгжиж болох талаар тэд биднээс хавь илүү.
Аливааг савангийн дуурь төдийхнөөр дүгнэж, цэгнэдэг болсон өнөө цагийн монголчуудад тэд нэгийг бодуулж, хоёрыг тунгаалгах гээд ч байх шиг. Түүнийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Надаас ч илүү төв халх аялгаар ярьж байна” гэж тодорхойлно лээ. Монголын их байлдан дагууллын үед Солонгосын гүнж, ихэс дээдэстэй ураг барилдаж, Монгол гүнж нараас ч Солонгосын вангийн хатан болж байсан түүх цөөнгүй. Энэ тухай л БНСУ-ын Гадаад судлалын их сургуулийн оюутнууд ам булаалдан ярих аж. Тэд биднээс дутахгүйгээр Монголыг судалж байна. Өнөөдөр тус сургуулийн Монгол судлалын тэнхимд гэхэд л зуу гаруй оюутан биднийг тольдож байна. Ердөө хэдхэн хоногийн өмнө буюу энэ сарын 13-14-ний өдрүүдэд АНУ-д Монгол судлалын олон улсын бага хурал болж байсан бол БНСУ-д Монгол судлалын баярыг жил болгон уламжлалт болгон хийдэг болжээ.
Монголын ШУТИС-тай ойролцоо, Азидаа томд тооцогдох тус сургуульд 22 мянган оюутан суралцдаг.
Өнөөдөр солонгосчууд өөрсдийн төдийгүй бусдын үүх түүхийг судалж, тэгснээр даярчлагдан буй энэ ертөнцөд өөрийн соёлын дархлааг хэрхэн бий болгох, түүнийгээ яаж авч үлдэх тухай нухацтай хандаж байна. Тэд яруу найраг хөгжсөн дэлхийн 60 гаруй орны энэ цаг үед эрүүл саруул амьдарч буй зохиолч нарт судалгаа хийж, тэднээс шигшин бүх зардлыг нь БНСУ-ын төрөөс гаргана улсдаа гурван сарын хугацаанд урьж, Сөүл хотын хэмнэл, солонгосчуудын амьдрал, араншингийн талаар зохиол бичүүлж буй аж. Монголоос гэхэд л зохиолч, судлаач П.Батхуягийг сонгожээ. Бод доо, улс орондоо нэр цуутай зохиолчид зөвхөн тэдний талаар бичнэ. 60 орны 60 зохиолч зөвхөн Сөүлийн тухай. Солонгосоос гадна өөрсдийнх нь хэл дээр бичсэн зохиолуудыг нэгтгэн гаргана. Маш том соёлын сурталчилгаа болох нь дамжиггүй. Айхавтар байгаа биз.
Тэднээс бидний суралцах юм их байна аа. Монгол Улсын ерөнхийлөгч БНСУ-д хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд тус сургуулиар зочилж хүндэт доктор болохдоо “Өнөөдөр энэ их нэр хүндтэй сургуулийн ийм хүндтэй цолыг хүртсэндээ туйлын баяртай байна. Энэ ачааг дааж явахын төлөө өөрөөсөө шалтгаалах бүхнийг хийж, хичээх болно оо гэдгийг Та бүхэнд хэлье ээ. Энэ хүндэт докторын нэрийг өндөрт өргөж явахыг хичээх болно оо” гэж хэлсэн. Тэрээр Монгол судлалаар суралцаж буй хоёр оюутанд өөрсдийн тэтгэлгийг олгохоор болсон төдийгүй Монгол судлалыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй эрдэмтэн, багш нарыг төрийн шагналаар шагнасан юм.
Хамгийн гол нь Монгол судлалыг илүү хөгжүүлэх үүднээс бусад орны Монгол судлалын тэнхэмүүдийг хооронд нь холбож, нэгдсэн хэлэлцүүлэг хийж, туршлага солилцуулах тал дээр анхаарч ажиллахыг монгол судлалын ангийн оюутан, багш нар Ерөнхийлөгчөөс хичээнгүйлэн хүснэ лээ. Тэдний хүсэлт үнэндээ бол бидний зорилго. Хэрэвзээ Монгол судлалыг дэлхийн өнцөг булан бүрт хөгжүүлж чадвал бид өөрсдийн талаар хамгийн зөв, бодит мессэжийг дэлхийд түгээж чадна. Өнөөдөр тус сургуульд Монголыг судлахаар суралцаж буй 100 оюутан цаашаа хэдэн арав, хэдэн зуун хүнд Монголын талаар эерэг ойлголтыг өгнө. Тэднээс зөв ойлголт авсан хүн цаашаа хэдэн хүнд хүргэх вэ гээд тооцвол энэ бол бага тоо биш. Харин ч тэдний хүсэлтийг биелүүлж, бодлогоор зориуд анхаарах нь чухал. Тиймээс ч Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ тал дээр онцгойлон анхаарахаа мэдэгдсэн.
Ерөннхийлөгчийг Сөүл хотын хүндэт иргэн, БНСУ-ын Гадаад судлалын Их сургууль /Hankuk University of Foreign Studies/-ийн хүндэт доктороор өргөмжилсөн нь хоёр улсын харилцааг илүү чухалчилж буйн илрэл гэдэг мэдээж.
Монголын дэлхийд өөрсдийн нэрээ түгээх хамгийн таатай болоод зүйтэй бодлого бол Монгол судлалыг хөгжүүлэх. Энэ бидний гадаад бодлогын нэг салшгүй, бүр онцгойлон анхаарах ёстой зайлшгүй зүйл.
Сөүл хотын дарга Пак Вон Сүн Ерөнхийлөгчид хүндэт иргэний батламжийг гардуулахдаа “Ноён Ерөнхийлөгч Сөүл хотын иргэн бол Монгол Улсын бүх иргэд мөн адил хүндэт иргэн гэсэн үг билээ. Энд хүрэлцэн ирсэн Монгол иргэд та бүхэн мөн энд хүрэлцэн ирж амжаагүй иргэд та бүхэн бүгдээрээ бидэнд эрхэм чухал иргэд билээ” гэдгийг онцолсон нь биднийг тусгайлан анхаарч буй хэрэг. Түүний ч Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж баталж “Монгол Улсын иргэд бүгдээрээ Сөүл хотын хүндэт иргэд болсон. Тийм учраас бүр хүндэтгэлтэй хандана гэдэгт итгэж байна. Энэ хүндэтгэл бол бидэнд бас хариуцлага үүрүүлж байгаа гэдгийг сайн ухамсарлаж байгаа. Энд ажиллаж амьдарч байгаа иргэд тухайн улс орныхоо хууль дүрмийг ягштал мөрдөж, биелүүлдэг, тухайн ард түмний уламжлал, ёс заншилд хүндэтгэлтэй ханддаг байх ёстой гэж бодож байгаа” гэдгийг хэлсэн.
Тиймээс л ганц Ерөнхийлөгч гэлтгүй бид бүхэн Монгол судлалд анхаарлаа хандуулж, бодлого, хөрөнгөөр дэмжих цаг болжээ.
Тийм ээ, дэлхийг Монгол судлалаар “дайлья”.