Сэлэнгэ аймгийн нутаг “Алтанбулаг” чөлөөт бүс өнгөрсөн амралтын өдрүүдэд хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Хажууд нь амьдардаг ч хаа нэг ирэхээс хэтэрдэггүй нутгийн олон ч тус чөлөөт бүсийг сонирхон иржээ. Нутгийнхны хэлж буйгаар Алтанбулаг чөлөөт бүс энэ өдрүүдэд ёстой л нэг амь орж байна гэнэ дээ.
Учир нь, өнгөрөгч Бямба гаригт Цайны замын зангилаа цэг болсон Алтанбулаг чөлөөт бүсэд Монгол, ОХУ, БНХАУ-ын эдийн засаг, хөрөнгө оруулалтын чуулга уулзалт анх удаа болсон нь энэ юм. Чуулганы зорилго нь олон жилийн турш “хөдөлгөөнгүй”, сулбагар байгаа Алтанбулаг чөлөөт бүсийг хэрхэн амилуулах вэ гэдэг дээр гурван улс харилцан санал солилцож, асуудлаа шийдвэрлэхэд оршиж байв.
Монгол Улсын хувьд гурван чөлөөт бүстэй. Баян-Өлгий аймгийн Цагааннуур, Дорноговь аймгийн Замын-Үүд, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг чөлөөт бүс бий. Алтанбулаг чөлөөт бүсийг аялал жуулчлал, эдийн засгийн чиглэлээр хөгжүүлж хоёр хөрш, цаашлаад олон улсын хөрөнгө оруулагчдыг татахаар ажиллуулж 10 гаруй жилийн нүүрийг үзэж буй ч төдийлөн үр дүнд хүрч чадаагүй нь нутгийн иргэдийн амнаас ч сонсогдож байв.
“ЭНЭ УДААГИЙН ТУУЗ ХАЙЧЛАЛТ…”
Эдийн засаг, хөрөнгө оруулалтын чуулга уулзалтыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, ОХУ-ын Буриад улсын Ардын хурлын дарга Доржиев Ц.Э, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин, Сэлэнгэ аймгийн Засаг дарга С.Бүрэнбат тэргүүтэй албаныхан нээж, тууз хайчлав.
Харин энэ үед нутгийн иргэдийн амнаас “Энэ удаагийн тууз хайчлалт юугаараа онцлог вэ” гэх асуулт ургаж байв. Учир нь, байсхийгээд л нэг албаныхан ирж, чөлөөт бүсийг хөдөлгөөнд оруулна хэмээн ээлжит тууз хайчлалтаа хийдэг юм гэнэ. Иймээс л иргэдийн дунд ийм асуулт үүсчээ.
Албаныхны тайлбарлаж буйгаар энэ удаагийн тууз хайчлалт гурван улсын төрийн тэргүүн нарын санаачилсан Эдийн засгийн коридор байгуулах ажлыг эрчимжүүлэх, гол ажлын нэг гэх утгаараа бодит үр дүнтэй гэв.
Чөлөөт бүсэд улсын төсвөөс 22 тэрбум төгрөг, хувийн хэвшлээс таван тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. Эрх зүйн нөхцөл, дэд бүтэц, татвар, тарифын асуудлаас үүдэн чөлөөт бүсийн хөгжил төдийлөн ахихгүй байгаа. Тэгвэл энэ үеэр Аж үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Нямхүү “Алтанбулагийн чөлөөт бүсийн дэд бүтцийн асуудал нэг үеэ бодвол шийдэгдсэн” гэдгийг тодотгож байлаа. Цэвэр усан хангамжид холбож, цэвэрлэх байгууламжийг шийджээ. Мөн эхний ээлжийн цахилгаан, дулаан хангамжийг шийдсэн байна. Цаашид өсөн нэмэгдэх цахилгаан, дулааны хэрэглээг ч тооцоолсон байна. Ийнхүү дэд бүтцээ шийдвэрлэж, дараагийн ээлжид хөрөнгө оруулагч, бизнесийнхнийг хүлээж байгаа гэв.
Гэхдээ хөрөнгө оруулагчдыг татахад эдийн засгийн хувьд ч орчин нөхцөл бүрэлдсэн гэдгийг МҮХАҮТ-ын дарга Б.Лхагважав онцлов. Гурван улсын бизнесийнхэн чөлөөт бүсэд Монголын компаниудтай хамтарна. Энэ нөхцөлд Монгол Улс аль хэдийн Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулиар 53 мянган компани 17 тэрбум ам.доллараа ил гаргасан учраас татварын орчин ил тод, нээлттэй болсон гэж үзэж байгаа аж.
Одоогоор Алтанбулагийн чөлөөт бүсэд 131 аж ахуйн нэгж бүртгэлтэй. Гэвч үүний 10 гаруй нь л үйл ажиллагаа явуулдаг байна.
Энэ удаагийн тууз хайчлалт үр дүнд хүрнэ гэсэн бас нэгэн шалтгаан нь эрхзүйн орчин тодорхой болсонд байгаа аж. Монгол Улс Чөлөөт бүсийн тухай хуулийн төслийг өнгөрсөн жил баталсан нь Алтанбулаг чөлөөт бүсэд хэнийг оруулж, ямар бизнес эрхлэх вэ гэдгээс эхлээд олон улсын хөрөнгө оруулагчдад ч таатай орчныг бүрдүүлсэн хэмээн Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат онцлов. Тэрбээр “Гурван улс хоорондоо харилцан ашигтай хамтын ажиллагааг явуулахад хил гаалийн асуудал, бизнес эрхлэгчдэд тулгарч буй дарамт хүндрэлийг арилгахад хэрэгтэй юм гэдгийг ганц манайх дотроо ярих бус хоёр улстайгаа ярилцаж, хаа хаанаа ойлголцолд хүрэх нь чухал юм. Хоёр хөрш Монгол Улс асар их баялагтай гэдгийг мэдээд байгаа. Гэхдээ бид дангаараа яаж баялгаа ашигтай болгох вэ гэдгээс илүүтэй хоёр улстайгаа хамтран хэрхэн ашиглах вэ гэдэг гаргалгааг хийх ёстой” гэж байлаа.
“ТЭД ЯАЖ ХАМТРАХ ВЭ”
Монгол Улс Алтанбулаг чөлөөт бүсэд дотоодынхноос гадна хоёр хөрш, олон улсын бизнесийнхэнтэй хамтрах орчноо энэ хугацаанд сайжруулжээ. Ийнхүү эхний ээлжид хоёр хөршийн бизнесийнхнийг даллаж байна. Харин тэд бидэнтэй яаж хамтрах вэ?
Дэлхийн 135 улсад 3500 гаруй чөлөөт бүс 700 тэрбум ам.долларын бараа эргэлдүүлдэг гэх судалгаа бий. Энэ дундаас урд хөрш БНХАУ хөрш орнуудтайгаа зургаан эдийн засгийн чөлөөт бүс байгуулжээ. Тэдний хувьд Монгол Улстай чөлөөт бүсийн чиглэлээр бүх талаар дэмжиж, хамтарна гэдгээ илэрхийлэв. “Хятадын талаас дэвшүүлсэн “Нэг бүс-Нэг зам санаачилга”, Монголын талаас дэвшүүлсэн “Талын зам” төсөл, ОХУ-аас дэвшүүлсэн ЕвроАзийн эдийн засгийн бүс байгуулах санаачилгыг уялдуулж, хөгжүүлэхэд Алтанбулагийн чөлөөт бүсийн ажил маш чухал нөлөөтэй” хэмээн БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин хэлж байлаа.
Мөн энэ онд Алтанбулаг, БНХАУ-ы ӨМӨЗО-ны Ардын Засгийн Газрын хилийн боомтын алба хоорондын хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд найман сая ам.доллараар 14 мянган м2 талбайд худалдааны төв байгуулах юм байна. Энд нэгдсэн зах, хөргөлттэй агуулах, өргөгч кран, оффис багтах бөгөөд гурван үе шаттайгаар барьж, энэ онд ашиглалтад оруулах аж.
Харин ОХУ-ын Буриад улсын зүгээс чөлөөт бүсээр дамжуулж Монгол Улстай боловсрол, соёл, эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах хүсэлтэйгээ илэрхийллээ. Мөн чөлөөт бүсээр дамжуулан мах, махан бүтээгдэхүүний чиглэлээр хамтарч ажиллах хүсэлтээ илэрхийлсэн юм.
Ямартай ч энэ удаагийн гурван улсын чуулга уулзалтыг Алтанбулаг чөлөөт бүсийг нэг удаа амь оруулах бус байнгын хөдөлгөөнд оруулах ажил хэмээн албаныхан дүгнэж байсныг энд онцолъё.
Б.ЗАЯА