Г.Нандинзаяа “Дэлхийн цом”-д IV байр эзлэв

Хуучирсан мэдээ: 2016.05.23-нд нийтлэгдсэн

Г.Нандинзаяа “Дэлхийн цом”-д IV байр эзлэв

Буудлагын "Дэлхийн цом"-ын тэмцээн Германы Мюнхен хотод үргэлжилж байна. Тэмцээнд 88 орны 738 мэргэн бууч цэц мэргээ сорьж, Монголоос Бээжингийн олимпийн мөнгөн медальт, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа, ОУХМ Ц.Мөнхзул, Г.Нандинзаяа нар өрсөлдөж байна. 

Тэмцээний эхний өдөр хийн урт бууны эмэгтэй дасгалд 137 буудагч буудсанаас ОУХМ Г.Нандинзаяа 419,7 оноогоор финалд шалгарч, улмаар финалд 163,7 оноо авснаар 4-р байранд шалгарлаа. Харин өчигдөр болсон 25 метрийн спорт гар бууны дасгалд 86 буудагч өрсөлдөж, ОУХМ Ц.Мөнхзул 575 оноогоор 36, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа 570 оноогоор 45-р байр эзэлжээ.

Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Л.Ундралбат, шигшээ багийн дасгалжуулагч Ж.Ганхуяг нар энэ тэмцээнд ажиллаж байна. 

"Дэлхийн цом"-ын тэмцээн 25-нд дуусна. Өнөөдөр манай гурван тамирчин амралттай бөгөөд 24, 25-нд тэмцээнээ үргэлжлүүлнэ. 

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж