Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Эрүүл мэнд спортын сайдаар С.Ламбаа томилогдлоо. Тэрээр сайдаар томилогдож, УИХ-ын чуулганы танхимаас гарч ирэх үед нь эрүүл мэнд, спортын салбарын талаар зарим зүйлийг тодрууллаа.
-Эрүүл мэндийн сайд болсонд баяр хүргэе?
-Баярлалаа.
-Энэ салбарын Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад сайд болж байгаа болохоор ажлаа үргэлжлүүлээд явахад амар байх болов уу. Хамгийн эхэнд таны хийх ажил юу вэ?
-Сайдын эрх мэдлийн хүрээнд улс төрийн хэдэн том шийдвэр гаргана. Нэгдүгээрт, Төрийн албан хаагчийн эмнэлгийн барилга зогссон байгаа. Тиймээс ирэх долоо хоногоос Засгийн газрын тогтоол гаргуулж, Чингэлтэй дүүргийн эмнэлэг болгох ажлыг эхлүүлнэ. Хоёрдугаарт, элэгний С вирусын эмийг эрүүл мэндийн даатгалаар хөнгөлдөг болгох шаардлагатай байна. Гуравдугаарт, 300 ортой төрөх эмнэлэг барих тендэр зарлагдаад явж байна. Уг эмнэлийн ажлын яаралтай эхлүүлнэ.
Түүнчлэн олимп, улаанбурхан, бусад халдварт өвчтэй холбоотой асуудал олон асуудал байна. Би Эрүүл мэнд спортын яамны Төрийн нарийн бичгийн ажил үүргийг авснаас хойш үр дүнтэй явж байгаа ажил бол Үндэсний оношилгооны төв барих ажил юм. Өнгөрсөн долоо хоногт БНСУ-руу Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын багт багтаж явсэн. Энэ үеэр “Самсунг” корпораци-тай уулзаад энэ сарын 25-нд оношилгооны шав тавихаар болсон. Хөрөнгө оруулалтын тухайд Эксим банкны Ерөнхийлөгчтэй уулзаж ярилцсан тул асуудал үүсэхгүй болов уу гэж бодож байна.
-Нэлээд олон ажил байгаа юм байна. Гэтэл сар гаруйн хугацаа үлдсэн байдаг. Амжих болов уу?
-Би энэ яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаад дөрвөн сар болчихсон болохоор бүх ажил эхлэх нөхцлийг бүрдүүлчихсэн.
-Дөрвөн сарын өмнө Төрийн нарийн бичгийн дарга болоход эрүүл мэнд, спортын салбарт яаралтай шийдэх ёстой тулгамдсан асуудал байв уу?
-Мэдээж хэрэг гацсан ажил байсан. Миний дээр дурдсан ажлуудад өчүүхэн гацаа үсчихээд урагш ахихгүй байсан. Сая Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч эмнэлгийн инженерүүдийг бэлтгэх талаар санал солилцсон. Эмнэлгүүдэд орчин үеийн тоног төхөөрөмж нэвтэрч байгаа учир боловсон хүчээ бэлдэх шаардлагатай байна. Тиймээс ШУТИС төгссөн инженерүүдийг БНСУ-д мэргэжил дээшлүүлэх талаар санал солилцож, нааштай шийдэгдсэн.
-Тун удахгүй олимп болох гэж байна. Бэлтгэл хэрхэн хангагдаж байна вэ?
-Би Олимпын үндэсний хорооны ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байна. Тамирчдын зардал мөнгө, буудал, бэлтгэл баазуудтай гэрээ хийх ажил цэгцэрсэн. Ирэх долоо хоногт Бразил улсад суугаа манай Ерөнхий консул очиж гарын үсэг зурна. Бразил улс руу 110 хүнийг явуулахаар болсон. Тэдгээр хүмүүс нь дасгалжуулагч, тогооч, бэлтгэл тамирчин, олимпын эрхтэй тамирчин гэх мэт хүмүүс байна. Одоогийн байдлаар олимпт орох эрхтэй 19 тамирчин эрхээ баталгаажуулсан. Эрх авах тэмцээн дуусаагүй учраас нийтдээ есөн төрлөөр 40 орчим тамирчин эрхээ авах болов уу гэж харж байна.
Ёслолын хувцас, биеийн тамирын хувцас сонгон шалгаруулалтаа хийчихсэн. Ёслолын хувцас оёх эрхийг “Шилмэл загвар” компани авсан. Харин бэлтгэлийн хувцас нь гадаадын брэнд хувцас байх ёстой. Өөрөөр хэлбэл бэлэн хувцас авахад болно.
-Сая харамсалтай зүйл тохиолдсон. Чөлөөт бөхийн тамирчин Э.Сумъяа сэргээш хэрэглэсэн гэх шалтгаанаар олимпийн эрхээ алдсан. Энэ талаар та ямар мэдээлэлтэй байна?
-Энэ асуудал бол эмзэг асуудал. Мелдониум бол манай эмийн санд чөлөөтэй худалдаалдаг. Хүч чадал оруулаад айхтар болгочихдог эм биш. Зүрхний ачаалал багасгах зорилгоор манайхан хэрэглэж ирсэн юм байна лээ. Гэтэл 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс Мелдониумыг сэргээшийн төрөлд оруулна гээд баталчихсан. Үүнээс болж социалист орнуудын олон тамирчин эрхээ хасууллаа. Манай улс ч гэсэн хамгийн их найдвар хүлээлгэж байсан бөхийнхөө эрхийг алдлаа. Гэхдээ бид албан ёсоор допингийн байгууллага болон Дэлхийн чөлөөт бөхийн холбоонд хүсэлт тавьсан. Яагаад гэвэл энэ хүний асуудал гурван сарын өмнө яригдаж байгаад дөрөвдүгээр сард албан ёсоор тодорхой болсон. Өөрөөр хэлбэл, эрх авах бүхий л тэмцээн дууссаны дараа эрхийг нь хассан гэдгийг мэдэгдсэн. Тиймээс албан ёсны хэмжээнд яригдах байх.
-Улаанбурхан өвчний байдал ямар байна вэ?
-Харьцангуй намжаад ирлээ. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 100 гаруй хүн хэвтэн эмчлүүлж байна. Сэхээн амьдруулах тасагт 11 хүн бий. Одоо бол аймагт орон нутгийн хэмжээнд нялхасын эндэгдлийг бууруулах тал дээр ажиллах ёстой. Тиймээс би Эрүүл мэнд, спортын сайдын тушаал гаргана гэж бодож байна.
-Таныг энэ салбарын сайд болно гэх мэдээлэл нэлээд эртнээс тарсан. Тэр утгаараа ард түмэн энэ асуудалд өөр өөрсдийн дүгнэлтээ өгсөн байх. Зарим нь улс төржүүлж Ардчилсан намтай холбож байсан бол зарим нь таны насыг шүүмжилж байсан. Үүнд та ямар хариулт өгөх вэ?
-Төр даалгасан ажлыг хийх ёстой. Би бол төрөөс даалгасан ажлыг бүтээхийн төлөө өөрийнхөө хүчийг дайчилж сурсан хүн. Тиймээс янз бүрээр хэлж л байг. Эцсийн эцэст миний хийсэн ажлын үр дүнг цаг хугацаа харуулна. Арчилсан нам надад итгэл үзүүлээд, та энэ салбарыг удирдаад ажил гэж үүрэг өгөөд, Төрийн нарийн бичгийн даргаар шууд томилсон. Үнэндээ би улс төрийн сонгуульд оролцохгүй тул очоод ажилсан. Одоо бол сайдаар ажил гэж итгэл хүлээлгэж байна. Миний мэргэжил инженер, эдийн засагч. Гэхдээ урьд нь эрүүл мэндийн салбарыг удирдаад ажиллаж байсан учраас хоосонгүй шүү. 1996 оноос хойш Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд ажилсан, тус байнгын хорооны даргаар хоёр удаа томилогдож байсан. Эрүүл мэндийн салбарын бүхий л хууль тогтоомжийг гаргахад хүчин зүтгэсэн. Энэ утгаараа танил салбар юм.
Ярилцсанд баярлалаа