-Хүйтэн мэс бариад гэмт хэрэг хийдэг эрин ард хоцорсон өнөө үед бид кибер аюулгүй орчинд амьдарч байна уу, мэдээллийн аюулгүй орчинд амьдарч байна уу-
Харилцаа холбооны зохицуулах хорооноос гаргасан 2015 оны статистик үзүүлэлтээр Монгол улсад үүрэн холбооны бүртгэлтэй 5.564,098 хэрэглэгч байгаагийн 3.068,156 нь идэвхтэй хэрэглэгч байна гэжээ. Энэ бол Монголын дөнгөж төрсөн нярайгаас өтөл буурал бүгд хэрэглэгч гэсэн үг. Идэвхтэй гурван сая хэрэглэгчийн 12.28 хувь нь дараа төлбөрт хэрэглэгч гэжээ. Гар утас хэрэглэгч, интернэтийн сүлжээ ашиглагч гэсэн бүхэл бүтэн том зах зээл бий болсон гэсэн үг. Энэ зах зээл рүү уламжлалт сурталчилгааны мөнгө шилждэг болоод удаж байна. Энэ том зах зээл дотор сайн зүйл ч зөндөө, саар зүйл зөндөө байдаг боллоо.
Саар зүйлийнх нэг жишээ өнгөрсөн долоо хоногт гарлаа. Өнгөрсөн долоо хоногийн Лхагва гаригт зарим нэг хүний утсанд 12345 гэсэн дугаараас хачирхалтай дуудлага ирсэн. Сонирхолтой нь хачирхалтай дуудлага Мобикомын дараа төлбөрт 9911-тэй дугаар бүхий хэрэглэгчдэд ирсэн байна. 9911-тэй дугаар бол Монгол улсад анх үүрэн холбоо сууриа тавих үед гарсан анхны дугаар бөгөөд тухайн үедээ энэ дугаарын төлбөр чамгүй өндөр байснаас төлбөрийн чадвар бүхий хүмүүс, тэр дундаа төрийн албан хаагчид голдуу авсан байдаг. Эдүгээ энэ дугаар Мобикомын өөрийн нь тодорхойлсоноор “нэр төрийн баталгаа” болсон. Бизнес хийх гэж байгаа хүн 9911-тэй дугаар барихгүй бол төрийнхөн тоодоггүй гэсэн яриа хүртэл гарч, энэ дугаарын өгч авалцах ханш нэг өрөө байрны үнээс давсан гэсэн яриа байдаг. Өөрөөр хэлбэл, 9911-тэй дугаарыг баригчид төрийн бодлого, шийдвэрийг тодорхойлдог, гаргалцдаг, хэрэгжүүлдэг хүмүүс, мөн бизнесийнхэн байдаг. Тиймээс хачирхалтай дуудлага 9911-тэй дугаартай хэрэглэгчдэд ирсэнд гайхах зүйлгүй.
Хачирхалтай дуудлагыг авахад нэгэн бичлэг явсан байна. Энэ нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэ сарын 15-ны өдөр Дархан хотын иргэдтэй хийсэн уулзалтын үеэр оффшор данстай холбогдсон УИХ-ын гишүүн С.Баярцогтод хариуцлага тооцох уу гэсэн асуултад Ерөнхийлөгчийн өгсөн хариуг бичлэг болгон сонсгож байжээ.Ерөнхийлөгчийн өгсөн бүрэн хариу нь “Эргийн гаднах” дансанд мөнгө хийсэн, мартсан гээд ярьж байгаа энэ хүмүүст бид нар анхаарч, хариуцлага тооцох ёстой. Төрийн албан хаагчдад ийм үйлдэл гаргахыг хуулиар хориглох ёстой. Шийтгэдэг болох ёстой гэдэг дээр би санал нэг байгаа. Цаашдаа Монгол энэ тал дээр хатуу хуультай болох ёстой. Би С.Баярцогтод нэг зүйл хэлж байгаа. “Чи сонгуульд нэр дэвшихээ боль. Чи хариуцлага хүлээх ёстой. Чи өнөөдөр сайд, УИХ-ын гишүүн хийгээд явж байгаа чинь Монголын төрийг муухай харагдуулаад байна. Ийм хүмүүсээс Монголын төр салж чаддаг байх ёстой” гэж хэлж байгаа шүү. Энэ бол миний байр суурь. Энэ хэвээрээ байх ёстой. Тэгэхээр энэ хүн дахиж УИХ-д нэр дэвших ёсгүй л гэж харж байгаа. Ингэж хэлж байгаа” гэсэн боловч хачирхалтай дуудлагад зөвхөн “Би С.Баярцогтод нэг зүйл хэлж байгаа. “Чи сонгуульд нэр дэвшихээ боль. Чи хариуцлага хүлээх ёстой. Чи өнөөдөр сайд, УИХ-ын гишүүн хийгээд явж байгаа чинь Монголын төрийг муухай харагдуулаад байна. Ийм хүмүүсээс Монголын төр салж чаддаг байх ёстой” гэж хэлж байгаа” гэсэн хэсэг аж.
Энэ асуудалд Мобиком корпорац албан ёсны мэдэгдэл гарган цахим хуудсандаа тавьсан. Уг мэдэгдэлд “2016 оны тавдугаар сарын 18-ны өдрийн 16:25 цагт Мобиком Корпораци болон бусад үүрэн холбооны операторын зарим хэрэглэгчдийн гар утсанд улс төрийн утга агуулга бүхий дуут мессэжийг зохион байгуулалттайгаар илгээсэн үйлдэл гарлаа. Мобиком Корпораци шуурхай арга хэмжээ авсны үр дүнд тус дугаарыг хааж, холбогдох байгууллагуудад мэдэгдээд байна.
УИХ-ын болон орон нутгийн сонгууль ойртож буй энэ үед улс төрийн үйл ажиллагаа үлэмж идэвхжиж байгааг Та бүхэн мэдэж байгаа билээ.
Үүрэн холбооны оператор компаниуд болон төрийн захиргааны байгууллагууд энэ мэт үйлдлийг нэн даруй илрүүлж, дахин гаргуулахгүйн төлөө хамтран ажиллах болно. Хэрэглэгчдийн хэвийн үйлчилгээнд таагүй нөхцөл үүссэнд бид харамсч байна” гэжээ.
Хүйтэн мэс бариад гэмт хэрэг хийдэг эрин ард хоцорсон өнөө үед бид кибер аюулгүй орчинд амьдарч байна уу, мэдээллийн аюулгүй орчинд амьдарч байна уу, дахин ийм хачирхалтай дуудлага, мессеж ирсээр байх уу, төрийн өндөр албан тушаалтны хоолойн өнгөөр эмх замбараагүй байдалд уриалсан дуудлага ирвэл яах вэ гэсэн асуултуудад хариулах хүн, хариуцах газар байна уу?
Үүрэн холбооны хэрэглэгчид рүү хэн нэгэн улс төрийн зорилготой гэж хэлж болохоор хандаж буй эхний тохиолдол энэ биш юм. 2014 оны аравдугаар сарын 23-24-нд УИХ-ын гишүүдийн утсанд Мобиком болон Юнителийн дугаараас Газрын тухай хууль, “Bank of Сhina”, төмөр замын царигтай холбоотой мессеж ирсэн. Тухайн үедээ Мобиком корпорац мөн мэдэгдэл гаргаж байсан. Тухайлбал, “… Улс төрийн зохион байгуулалттай гэж харж болох энэхүү хууль бус ажиллагааг Румын болон Мальта улс дахь хэн нэгэн хэрэглэгч зарим гар утас үйлдвэрлэгчдийн сул талыг ашиглан, компьютерийн ямар нэг программаар дамжуулан, өөр дугаараас илгээж байгаа мэтээр харагдуулсан байх магадлалтай. Румын улсын “Водафон” үүрэн телефоны операторын чухам ямар дугаараас уг мессежийг илгээсэн болох, Монгол Улсын үүрэн операторын сим карт юм уу, өөр төхөөрөмж ашигласан эсэхийг тогтоохоор ажиллаж байна. Энэ үйл явдалд “Мобиком” корпораци өөрсдийгөө буруутгахгүй. Хэн нэгний нэрийг ашиглаж, залилан хийсэнтэй адилхан зүйл боллоо” гэж байжээ.
Лхагва гаригийн хачирхалтай дуудлагын асуудлаар УИХ-ын гишүүн С.Баярцогт Тагнуулын ерөнхий газарт хандсан, Тагнуулын ерөнхий газар энэ хэргийг шалгаж байгаа гэсэн мэдээлэл байна.
Хоёр жилийн өмнөх мессежийн хэргийг ч мөн Тагнуулын ерөнхий газар шалгаж, хэргийн эзнийг олсон гэсэн мэдээлэл байгаа ч олонд зарласан нь үгүй юм. Энэ удаад ч ийм болж магадгүй. Яагаад тагнуулынхан ийм мэдээллийг зарлаж болохгүй гэж. Хоёр жилийн өмнө манай сайтад хэн нэгэн нэвтэрч мэдээний гарчгийг хараал, доромж үгээр сольсон тохиолдол гарч, бид ч бас тухайн үедээ мөн Тагнуулын ерөнхий газар хандаж байсан юм. Хэрэг явдлаас хоёр сар гаруйн дараа хоёр аккаунтыг тогтоосон, нэг аккаунтын ард 2000, нөгөө аккаунтын ард 3000 хэрэглэгч бий гэсэн хариуг өгч байсан билээ.
Хүйтэн мэс бариад гэмт хэрэг хийдэг эрин ард хоцорсон өнөө үед бид кибер аюулгүй орчинд амьдарч байна уу, мэдээллийн аюулгүй орчинд амьдарч байна уу, дахин ийм хачирхалтай дуудлага, мессеж ирсээр байх уу, төрийн өндөр албан тушаалтны хоолойн өнгөөр эмх замбараагүй байдалд уриалсан дуудлага ирвэл яах вэ гэсэн асуултуудад хариулах хүн, хариуцах газар байна уу?