С1 телевизийн “Цензургүй сурвалжлага” нэвтрүүлэгт УИХ-ын дарга З.Энхболд оролцож “Би оффшор данс эзэмшигчдийн эсрэг байр суурьтай байна. Манай нам оффшор дансны асуудалд нэр холбогдсон хүмүүсийг УИХ-ийн сонгуульд нэр дэвшүүлэхгүй. Бусад намыг ч бас ингээсэй гэж уриалъя. Тиймээс С.Баярцогтыг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй” хэмээн нэр цохон хэлжээ.
Харин хотын дарга Э.Бат-Үүл хүү Б.Чулуудайн компани их хэмжээний мөнгөн дүнгийн данстай, гүйлгээ хийсэн байвал өөрийн хүсэлтээр ажлаа өгнө гэж мэдэгдлээ. Тэрбээр “Шууд огцорно. Чулуудайн дансаар нэг мөнгөний гүйлгээ хийсэн байдаг юм бол заавал их мөнгө гэх албагүй, үнэхээр Чулуудайн хэлсэн “оффшор компани байгуулаад данс нээж амжилгүй хаагдсан” гэдэг нь худлаа байгаад, тэр дансаар ямар нэгэн гүйлгээ хийгдсэн байвал, тэр мөнгөний дүнгээс хамаарахгүйгээр би шууд чөлөөлөгдөх хүсэлтээ тавина. Огцрох хүсэлтээ өөрөө гаргана” гэж тайлбарласан байна.
Украины зүүн хязгаарт сүйрсэн Малайзын нисэх онгоцны зорчигчдын ар гэрийнхэн ОХУ-ын эсрэг шүүхийн зарга мэдүүлжээ. Хохирогчдын ар гэрийнхэн ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиныг нисэх онгоцны сүйрэлд буруутган Европын хүний эрхийн шүүхэд гомдол гаргасан байна. Тэд хохирогч тус бүрийн амь насны төлөө 10 сая австарли.доллар нэхэмжилжээ. Нийт 33 хүний гарын үсэг бүхий баримт бичгийг хохирогчдын ар гэрийнхнийг төлөөлөн Сиднейд төвтэй “LHD Lawyers” хуулийн фирм Европын шүүхэд мэдүүлсэн аж. Одоогоор Европын хүний эрхийн шүүхээс хохирогчдын гомдлыг хүлээн авч, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины эсрэг зарга үүсгэх эсэх нь тодорхойгүй байгаа юм.
Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудын үйл ажиллагаа, шилдэг бүтээл, үйлчилгээг олон нийтэд танилцуулах, мэргэжилтэй ажилтны ур чадварыг сурталчлах, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, залуучуудад мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөх үйлчилгээ үзүүлэх зорилготой “Мэргэжил бүхэн сайхан” өдөрлөг өнгөрсөн амралтын өдрүүдэд Чингисийн талбайд боллоо.
Монгол, ОХУ, БНХАУ-ын хил дамнасан тээвэр, дэд бүтцийг хөгжүүлэх, худалдааны эргэлтийн хэмжээг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг хөхүүлэн өргөжүүлэх зорилготой “Алтанбулаг экспо-2016” олон улсын форум, үзэсгэлэн худалдааг уржигдар Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суман дахь “Алтанбулаг” чөлөөт бүсэд нээлээ.
“Хааны эрэлд-2016” олон улсын энхийг дэмжих ажиллагааны сургалт, дадлага өчигдөр Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд эхэлж байна. Энэ удаагийн сургуульд зургаан тивийн 47 орны 2000 гаруй цэргийн алба хаагч оролцоно. Тодруулбал, Австрали, АНУ, Балба, Бангладеш, Беларусь, Босни Герцеговина, БНХАУ, БНСУ, БНТУ, БНЧУ, БНЭУ, Буркина Фасо, Вьетнам, Гватимала, Гондурас, ИБУИНВУ, Индонез, Камбодж, Киргизстан, Канад, Катар, Кени, Малави, Малайз, Монгол, Норвеги, ОХУ, Пакистан, Перу, Польш, Румын, Сингапур, Тажикстан, Танзани, Тонга, Унгар, Уругвай, Фижи, Филиппен, Франц, ХБНГУ, Чили, Швед, Шинэ Зеланд, Шри Ланка, Эль Сальвадор, Япон улсаас цэргийн албан хаагчид оролцож байна.
Бурхан багшийн эхээс мэндэлсэн, гэгээрлийн хутгийг олсон, нирваан дүрийг үзүүлсэн 3 үйл явдал давхацсан их дүйчин өдөр өнгөрсөн бямба гаригт тохиолоо. Зуны тэргүүн сарын шинийн 15-ны өдөр тохиодог Их дүйчин өдрийг Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдээс сүсэгтэн олныг оролцуулан өргөнөөр тэмдэглэж байна. Тухайлбал, өглөө 05.00-06.00 цагийн орчимд иргэдэд нэг өдрийн сахил болох Тэгчин сожин хүртээсэн. Уг сахилыг өглөө эртлэн авч, маргаашийн үүр хаяарах хүртэл сахидаг ёстой. Тэгчин сожин буюу сахил хүртэхдээ тухайн өдөр амьтны амь таслахгүй, худлаа хэлэхгүй, хулгай хийхгүй, ариун бусыг үйлдэхгүй, архи уухгүй, өндөр сэнтийд суухгүй, дуулж хуурдахгүй зэрэг 10 сахилыг сахина. Энэ сахилыг сахиж чадваас насаараа сахил сахисантай дүйцнэ хэмээн үздэг байна. Мөн Ганжуур, Данжуур судартай гороо хийж Чингисийн талбайд “Гэгээн гэрэл флашмоб” арга хэмжээг зохион байгуулсны зэрэгцээ Чингисийн талбайгаас Гандантэгчинлэн хийд хүртэл сүсэгтэн олныг хамарсан сүрт жагсаал боллоо.
Оффшор данстангуудын хэрэг илэрснээр улс төрийн тогоон дахь үйл явдлууд ойрын үед ширүүхэн өрнөж буй. Урьдчилсан байдлаар Монгол Улсаас 46 иргэн Панамын материалд холбоотой гэх мэдээлэл байсан ч өдгөө манай улсын 50 гаруй иргэний нэр уг материалд дурьдагджээ. Хилийн цаана оффшор бүсэд хөрөнгөө нуусан эрхмүүд дотор УИХ-ын гишүүдээс эхлээд төрийн алба хаагч, барилгын компанийн эзэн, хуульч өмгөөлөгч ч багтаж байгаа юм. Тэднээс зарим нэг нь хууль хяналтын байгууллагад өөрийн биеэр шалгуулах хүсэлт гаргаад байгаа билээ. Тухайлбал, Кёкүшюзан Батбаяр оффшор данстай холбоотойгоор өөрийгөө шалгуулахаар АТГ-т хандаад байгаа юм. Тэрбээр 20 гаруй жил Япон улсад амьдарч байсаны хувьд гадны компаниудтай хамтарч ажиллах цаашлаад цалингаа авахын тулд Японд данс нээлгэж байсан талаараа тайлбар хийсэн билээ. АТГ хуулийн хугацаанд буюу нэг сарын дотор Кёкүшюзан Батбаярын хүсэлтийг шалгаж олон нийтэд мэдээлэх юм байна.
“Номын ертөнц” төрийн бус байгууллагаас 19 дэх жилдээ зохион байгуулж байгаа “Ulaanbaatar book fair” олон улсын номын баяр Чингис хааны талбайд энэ сарын 20, 21 ний өдрүүдэд боллоо. Энэ өдөрлөгт 300 гаруй зохиолч, уран бүтээлчид оролцжээ. Мөн Улаанбаатар хотын номын сангууд, Монгол Улсад суух Элчин сайдын яамд, ном эрхлэн гаргагч байгууллагууд, зохиолч орчуулагч, уран бүтээлчид, их дээд сургуулийн төлөөлөл, төрийн болон төрийн бус байгууллагууд оролцож номоо 20-50 хүртэл хувиар хямдуурлсан байсан юм.