…Оросууд 1916 оноос энэ тээврийн хэрэгслийг хэлбэр загварыг нь алдуулалгүй хэрэглэж эхэлсэн ч латин “u”-г кирил “в”-ээр сольж “автобус” болгон амарчилж, өөрийн болгон өргөж авчээ. Харин 1954 онд бид орос ах нараасаа юутай хүйтэй нь авснаас болж “автобус” гэдэг хэлэхэд ярвигтай нэгэн үг монгол хэлэнд бий болсон. АВТОБУСыг орос хэлний ёсыг даган бичихдээ төвөгшөөгөөгүй ч бичсэнээрээ дуудахад хэл эвлэхгүй байхаар нь амарчилж, илүүг нь хасаад автуус гэчихнэ.
Учир нь “о-б-у” гурвуулаа уруулын гэдэг ижил шинжтэй ч у нь урт дуудагдах давуу талаараа “о-б” хоёрыг дийлж, “автуус” гэж аманд багтсан юм. Харин “о-б” хоёр монгол хэлний ёсыг дагаж, саахалт авиатайгаа айлсаж чадалгүй монгол эзнийхээ амнаас мултарчээ. Тэгээд ч “о, б, у”-г гурвууланг нь багтаасан бол хэдэн зууны өмнө “абу” байгаад “аав” болсон унаган авианууд барьцаж ч мэдэх байлаа.
Энэ мэт монгол хэлний босгыг даваагүй “энерги”-ийн “И”-ээс эхлээд гадаад үгсийн илүү эврийг тайрч, аманд багтсанаар нь хэлж, бичиж хэвшүүштэй. Аманд багтахгүй үгс ар хударгаар эх хэлийг эрлийзжүүлэх гэмтэй.
“Егөөтэй 99 тайлбар” номын “Аманд багтахгүй авиаг аятайхан хасаж болно” өгүүллийн хэсгээс