Үргүй зардлын сонгодог жишээ

Хуучирсан мэдээ: 2016.05.23-нд нийтлэгдсэн

Үргүй зардлын сонгодог жишээ

-Хотын хөрөнгөөс 70 саяыг ямар ч үр дүнгүй зарцуулсан хүмүүсээс хариуцлага нэхье-

…Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нийслэлийн хөрсний бохирдол, тоосжилтыг бууруулах зорилгоор хийж байгаа ажлуудын нэг нь усан хөшиг юм. Үндэсний Их баяр наадмын өмнө Зайсангийн гүүрэнд усан хөшиг хийж, ашиглалтад хүлээлгэн өгч байсан бол өнөөдөр Арслантай гүүрний усан хөшигний нээлт боллоо. Нээлтийн ажиллагаанд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал, “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” НӨҮГ – ын дарга Д.Энхсайхан болон бусад холбогдох албаны хүмүүс оролцов…

Энэ бол 2015 оны долдугаар 23-ны өдөр  Нийслэлийн ЗДТГ – ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс түгээсэн мэдээлэл. Тэр өдөр төр, төрийн бус бүх л хэвлэл мэдээлллийн хэрэгсэл усан хөшигний нээлтийн  мэдээллийг цацсан байсан сан. Жил гаруйн өмнө сүр дуулиатайгаар нээлтээ хийсэн усан хөшигний бараа сураг өнөөдөр алга. Нээлт хийж, тууз хайчилснаас ердөө дөрөв хоногийн дараа буюу өнгөрсөн оны долдугаар сарын 27-ны өдөр усан хөшиг саатаж, доголджээ. Түүнээс хойш өдгөөг хүртэл огт ажиллаагүй энэхүү бүтээн байгуулалтыг үргүй зардлын сонгодог жишээ болгон дурдахаас аргагүй нь.

Усан хөшгийг “Хан урсгал” ХХК хийж гүйцэтгэжээ. Нийтдээ 70 сая төгрөгийн өртгөөр богино настай /ердөө дөрөвхөн хоног ажилласан/ бүтээн байгуулалт хийж, бүтэлгүйтсэний буруутан хэн бэ. Үргүй зардал болчихлоо гээд өнгөрөөх ёстой юу. ТЭЗҮ боловсруулсан, найдваргүй компани тендерт  шалгаруулсан гээд бүр эхнээс нь хөөгөөд үзвэл 70 сая төгрөгийг салхинд хийсгэсэн буруутан  олон. Тэр бүхнийг больё гэхэд уг ажлыг санаачлан хийлгэж, тууз хайчилсан эрхмүүдээс харицлага нэхэх цаг болжээ. Гүйцэтгэгчдийн зүгээс түмэн бэрхшээл, буман зовлон тоочих биз. Одоогоор тогтсон  хаяг, холбоо барих утас ч үгүй сураг алдарсан  Хан урсгал ХХК-ийг олоод очлоо гэхэд  шугам сүлжээ татсан, насос ажиллуулсан гэхчилэн 70 сая төгрөгт тулсан ажлын жагсаалт харуулах биз. Магад төмөр хоолойг  холбож  уясан скочныхоо өртгийг хүртэл хэд нугалаад зарлагадчихаа тэд мэднэ.

Шөнийн цагаар гэрэлтэн асдаг усан хөшиг өглөөний 08 цагаас 23 цаг хүртэл ажиллана гээд ам бардам зарлаад байсан хотын удирдлагуудаас хариуцлага нэхье. Иргэдээ хуурч, төсвийн хөрөнгийг үргүй зарсныхаа төлөө дарга, даамлууд огцордог жишиг дэлхий нийтэд бий. Энэ жишгийг усан хөшигний 70 саяын үргүй зардлаас эхэлбэл ямар вэ. Усан хөшигний нээлтийн үеэр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал “Усан хөшиг нь харахад энгийн мөртлөө тоосжилт, эрүүл ахуйд нөлөөлж байгаа бусад сөрөг зүйлүүдийг бага ч болов бууруулах ач холбогдолтой. Бид цаашид Маршил, Дунд гол зэрэг гүүрэнд усан хөшиг хийж тохижуулахаар төлөвлөн ажиллаж байна” гэж мэдэгдэж байсан билээ. Түүний дараа гуравдугаар сарын эхээр 1000 сэтгүүлчидтэй уулзалт хийх үедээ ч ерөнхий менежер Б.Бадрал “Усан хөшигний ажлаа орхихгүй” хэмээн мэдэгдэж байсан. Гэвч энэ бүхэн үлгэр гэдгийг нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлээс өгсөн тайлбар баталж байна. Тус газрын холбогдох мэргэжилтнээс өнгөрсөн онд тасалдсан Арслантай гүүрний усан хөшигний ажил энэ жил үргэлжлэх үү гэж  асуухад “Энэ жил  Арслантай гүүрний усан хөшгинд зориулж нэг ч төгрөг төсөвлөөгүй” гэсэн хариу өгсөн юм. Ийнхүү усан хөшиг гэдэг үлгэр амар сайхандаа жаргав бололтой. Харин ямар азаар Маршал, Дунд голын гүүрэн дээр барих усан хөшигний  үлгэр дахиад зохиочихоо юм.  

Арслантай гүүрийн усан хөшгийн ашиглалт, хамгаалалтыг хариуцан ажиллах ёстой  “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” НӨҮГ–ын дарга Д.Энхсайхан “Арслантай гүүрнээс 300 метр газар усан толио үүсгэх ажлыг эхлүүлнэ. Наймдугаар сарын 10-ны өдөр гэхэд усан толионы ажлыг дуусгахаар төлөвлөж байна. Ирэх жилээс эхлэн олон ажлыг хийх юм. Уг усан хөшиг бол энэхүү ажлуудын зөвхөн эхлэл юм шүү. Арслантай гүүрний дээд доод хэсгийг ирэх жилээс эхлэн улам тохижуулна”  гэсэн амлалтаа аль хэдийнэ мартчихаад НИТХ-д нэр дэвших нэрээр ажлаа өгчээ. Д.Энхсайхан НИТХ-ын 23 дугаар тойрогт нэр дэвшиж байгаа ажээ. Хэдийгээр ажлаа өгсөн ч хүлээх хариуцлагаас мултрах аргагүй. “Сайхан хоолны нэр хэлээд байя,  савхдаад байгаарай” гэдэг шиг худал амлалт, хуурамч бүтээн байгуулалтаар нийслэлчүүдийг хуурсан хүн НИТХ-д нэр дэвшинэ гэдэг том зориг шүү.  

Бүтээн байгуулалт нэрээр эхэлсэн ч бүтэлгүйтсэн ажлуудын талаарх мэдээллийг бид үргэлжлүүлэн хүргэх болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж