“Монгол” телевизээс зохион байгуулсан “Авьяаслаг монголчууд” шоуны хоёрдугаар байрын шагналт, “Улаанбаатар” чуулгын ёочин хөгжимчин Х.Бархүү, лимбэчин Б.Мягмарцэрэн нартай ярилцлаа.
–Анх “Авьяаслаг монголчууд” шоунд орох санааг хэнгаргасан бэ?
Х.Бархүү: Бид өмнө нь мэргэжлийн хөгжимчдийн тэмцээнд орж байснаас энтертайнмент шоунд оролцож байгаагүй. Монголд ийм шоу болж ч байсангүй. Анх манай чуулгын дарга Р.Мөнхсайхан дэлхийн хэмжээний энэ шоунд орох саналыг тавьсан. Тэгээд бид шоунд тоглох зохиолуудаа сонгоод, ажилласан л даа. Мөн шоуны хамт олон хөгжмийн найруулга дээр тусалсан. Эргээд харахад бидзоригтой алхам хийсэн байна.
Б.Мягмарцэрэн: Мөн өнгөрсөн оны хавар Тайвань улсад оркестроороо тоглолт хийсэн. Тухайн үед тоглолтын үеэр урлагийн номер нэмэх шаардлагатай болсон юм. Тэгээд бид хамтарч бэлтгэл хийж, номероо үзүүлэхэд үзэгчдэд маш их хүрсэн. Тэр үеэс бид хамтарч тоглох болсон. Удалгүй уг шоуны шалгаруулалт эхэлсэн юм.
-Та хоёр ямар сургуулийг хэдэн онд төгссөн бэ?
Х.Бархүү: 12 наснаасаа хойш 20 гаруй жил ёочин хөгжим тоглож байна. “Улаанбаатар” чуулгыг анх байгуулагдахад 2006 онд ажилд орсон. Би Хөгжим, бүжгийн коллежийг 1997 онд төгсч, 2005 онд СУИС-ийн ёочин хөгжмийн ангийг төгссөн. Тэгээд чуулгадаа ажиллаж байгаад 2009 онд БНСУ-ын Үндэсний урлагийн их сургуульд дорнын хөгжим судлалын мэргэжлээр магистерын зэрэг хамгаалсан юм. БНСУ-д суралцаж байхдаа ардын хөгжмийг хүмүүст яаж хүргэх вэ гэдгийг судалсан нь “Авьяаслаг монголчууд” шоунд оролцоход нөлөөлсөн гэж боддог.
Б.Мягмарцэрэн:Би Говь-Алтай аймгийн уугуул. Нутгийнхаа нэгдүгээр 10 жилийн сургуульд дөрөвдүгээр анги хүртэл сурсан. Тавдугаар ангиасаа Завхан аймгийн хөгжим, бүжгийн коллежид суралцаж, зургадугаар ангиасаа хотод Хөгжим, бүжгийн коллежид суралцаж, 2012 онд сургуулиа төгссөн. СУИС-д 2014 онд элсч, хэдхэн хоногийн өмнө магистерын зэргээ хамгааллаа.
-Гэр бүлээ танилцуулахгүй юу. Гэр бүлийнхэнд тань урлагийн хүн бий юу?
Х.Бархүү: Эхнэр хоёр охины хамт амьдардаг. Манай эхнэр хуучир хөгжимчин мэргэжилтэй. СУИС болон БНСУ-ын Үндэсний урлагийн их сургуульд суралцаж, хамт магистер хамгаалсан. Манай ээж, аав багш мэргэжилтэй. Би өөрийн сонирхлоороо хөгжимчин болсон.
Б.Мягмарцэрэн: Манай аав, ээж болон ойр дотныхонд урлагийн хүн байхгүй. Харин сайхан дуулдаг хүмүүс бий. Эхнэр хүүгийн хамт амьдардаг. Эхнэр маань бишгүүр хөгжимчин мэргэжилтэй. Хөгжим, бүжгийн коллежийг хамт төгссөн юм.
-Та хоёрыг хамтлаг гэж хэлж болох уу?
Х.Бархүү: Хамтлаг гэж хэлж болно шүү. Цаашдаа Х.Бархүү, Б.Мягмарцэрэн гэдэг нэрээрээ явах байх.
Б.Мягмарцэрэн: Хоёулаа учраас хамтлаг л даа. Өөрсдийн нэрээрээ л явж байна.
-Хамтарч ажиллахад хэр байдаг вэ?
Х.Бархүү: Ер нь эрэгтэй хүмүүс учраас хоорондоо харьцахад амар байдаг.
Б.Мягмарцэрэн: Хөгжмөө зөөхөөс эхлээд амар байлгүй яахав. Шуудхан яриад ойлголцчихно./инээв /
-Та хоёр насны зөрүү ихтэй. Тиймээс биедээ ахархах тал байдаг уу?
Х.Бархүү: Тийм асуудал байдаггүй. Хэчнээн дүү ч гэсэн нэг байгууллагад хамт ажиллаж байна.
Б.Мягмарцэрэн: Бараа ах надаас 12 насаар ах учраас хүндлэлгүй яахав. Тэглээ гээд бие биедээ ахархаад байдаггүй ээ. “Авьяаслаг монголчууд” шоунаас хойш улам найзууд шиг болчихжээ. Мэдээж ахын хүндлэл байдаг.
-Хамтрагчийнхаа талаар тодорхойлбол?
Х.Бархүү: Манай Б.Мягмарцэрэн намайг бодвол залуу хүн. Залуу хүн хэдий ч ур чадвар сайтай. Их хүлээцтэй, тэвчээртэй зантай. Одоо үед Б.Мягмарцэрэн шиг зан чанартай залуу хүн ховор шүү дээ.
Б.Мягмарцэрэн: Ах маань надад үргэлж зөвлөж, их дэмждэг. Уран бүтээлийн хувьд багана шиг түшиж чаддаг. Аливаа юманд ул суурьтай ханддаг. Эмх цэгцтэй, хувийн зохион байгуулалт сайтай хүн. Цаашдаа хамтраад олон уран бүтээл хийнэ. Бараа ах маань миний гурван багштай хамтарч тоглож байсан. Одоо шавьтай нь тоглож байна. Магадгүй миний шавьтай тоглохыг үгүйсгэхгүй. /инээв/
-Энэ хоёр хөгжим хэр нийцдэг вэ. Эсвэл та хоёр нийцүүлээд байна уу?
Х.Бархүү: Ер нь их нийцдэг хөгжим л дөө. Өмнө нь МУГЖ Ж.Мэнд-Амар, М.Бадам нар хамтран тоглодог байсан. Энэ хөгжмийн хоршилд зориулсан олон зохиолууд ч бий.
Б.Мягмарцэрэн: Бидний хөгжмүүд их зохицдог. Бид анх “Улаанбаатар” чуулгад орж ирээд танилцсан. Х.Бархүү ах энэ чуулга анх байгуулагдахад байсан бол би 2009 онд тус чуулгад ажилд орсон.
-Ёочин хөгжмөөр ихэвчлэн эмэгтэй хүн тоглож харагддаг?
–Х.Бархүү: Ёочин хөгжмийг ихэвчлэн эмэгтэй хүн тоглодог л доо. Сургуульд байхдаа урлагийн үзлэгт үргэлж ордог хүүхэд байсан. Аяганд ус хийж байгаад тоглоно. Чулуу, мод тогшино. Баянхонгор аймгийн Дуут хаданд хүртэл очиж тоглож байлаа.
-Та хоёр маргалддаг уу?
Б.Мягмарцэрэн: Тийм үе зөндөө гардаг. Гэхдээ уран бүтээлийн талаар маргалддаг. Жишээ нь хөгжмийн нотон дээр санал зөрнө. Энийг ингэж тогловол зүгээр гэх мэт маргаж эхэлдэг. Дараа нь тоглосон хөгжмөө сонсоод, бие биедээ буулт хийнэ. Ингэснээр бид илүү сайжирдаг юм.
-Шинэ цомог гаргана гэсэн. Сүүлийн үед ямар уран бүтээл хийх вэ?
–Х.Бархүү: Одоогоор төлөвлөсөн ажил их байна. Бид хоёр хүүхдийн баяраас өмнө хүүхдүүдэд зориулсан бүтээл хийх гэж байгаа. Шинэ цомгийн бичлэгийн ажилдаа орсон. Цомогт дэлхийн сонгодог хөгжмөөс гадна ардын, орчин үеийн бүтээлүүд зэрэг 15 уран бүтээл багтана. Мөн өөрсдийн бүтээлийг дүрсжүүлэх бодолтой байна.
-Лимбэ хөгжмийг битүү амьсгаатай хамгийн удаан үлээсэн хөгжимчин бий юу?
Б.Мягмарцэрэн:Монголд лимбэ хөгжмийг битүү амьсгаатай үлээдэг олон хөгжимчин байгаа. Хамгийн урт битүү амьсгаатай үлээсэн гэсэн тогтоосон зүйл байхгүй. Тухайн хөгжимчний ам чилэх хүртэл л үлээх чадвартай байдаг.
-Өөрөө хэр удаан хугацаанд үлээдэг вэ?
Б.Мягмарцэрэн: Яг минут харж байсангүй. Тайзан дээр үзэгчдээ чилээтэл бариад байх шаардлагагүй. Тийм үед нэгээс хоёр минут л барьдаг. Гэхдээ гадаадын жуулчдад зориулж тоглож байхдаа тасралтгүй гурав, дөрвөн минут үлээж байсан.
-Үзэгчдээ хүндэлж удаан үлээдэггүй гэсэн үг үү?
– Тийм ээ. Тухайн үед тоглолт үзүүлээд дуусдаг. Ер нь хүн өлсөөд, унтаагүй л бол үлээж л байдаг. Хүмүүс амьсгаа авахгүй байна гэж боддог. Цаагуураа амьсгалаа хамраараа авдаг юм.
-Лимбэ хөгжмийн цуглуулгатай юу?
-Одоогоор лимбэ хөгжмөө цуглуулж эхэлж байна. Би зургаан лимбэтэй. Лимбийг урлаж буй материалаасаа шалтгаалаад өөр үнэтэй байдаг. Сургалтын гуулин лимбэ 100 мянган төгрөгийн үнэтэй. Бидний тоглодог лимбэ 500 мянган төгрөгөөс дээш үнэтэй байдаг.
Ярилцсан баярлалаа амжилт хүсье.