Сүүлийн хоёр жилд нисэх онгоцны ослоор дэлхий дахинаа 777 хүн амь үрэгджээ. Малайзын хоёр нисэх онгоц осолдсон жил буюу 2014 онд 641 хүн онгоцны ослоор амь үрэгдсэн байна. Малайзын агаарын тээврийн 239 хүнтэй МН370 нислэг гуравдугаар сард сураггүй болж, долдугаар сард 298 хүнтэй МН17 нислэг Украинд сүйрсэн юм. Харин өнгөрсөн 2015 онд 28 сая нислэг үйлдэгдсэнээс онгоцны ослоор 136 хүн амь үрэгдсэн байна. Гэхдээ эдгээр тоонд зориудаар сүйрүүлсэн “Germanwings 9525”, “Metrojet 9268” нислэгийг тооцсонгүй. Альпын нуруунд сүйрсэн 150 хүнтэй “Germanwings 9525” нислэгийг нисгэгч нь санаатай осолдуулсан бол Синайн хойгт унасан Оросын 224 хүнтэй “Metrojet 9268” нислэг террорист халдлагад өртсөн юм. Хамгийн сүүлд өнгөрсөн долоо хоногт Египетийн агаарын тээврийн “EgyptAir” компанийн “Airbus A320” нисэх онгоц Газар дундын тэнгист сүйрч 69 хүн амь үрэгдлээ. Эдгээр аймшигт ослын мэдээний дараа онгоцоор нисэх нь маш аюултай мэт санагдаж болох юм. Гэвч онгоцны нислэг уйтгартай гэж болохоор аюулгүй аж. Тухайлбал, 2013 онд дэлхий дахинаа 90 нисэх онгоц том, жижиг байдлаар осол гаргасан байна. Гэтэл 2013 онд нийт 32 сая нислэг үйлдэгдсэн гээд та бодоод үздээ.
АЙДСААС БОЛЖ ИЛҮҮ ОЛОН ХҮН АМЬ ҮРЭГДДЭГ
Онгоцны ослоос илүү айдсаасаа болж илүү олон хүн амь үрэгдсэн гэвэл та итгэх үү? 2001 оны 9 дүгээр сарын 11-ны онгоц барьцаалсан террорист халдлагын дараа АНУ-ын зорчигчдын тоо 12 хувиар буурсан байна. Судалгаагаар 9/11 халдлагын дараа автозамын ачаалал 20 хувиар нэмэгдэж, автомашины ослоор 1595 хүн амь үрэгджээ.
НИСЛЭГ 10 ДАХИН АЮУЛГҮЙ БОЛСОН
Дэлхий дахинаа өнгөрсөн 50 жилд нэг тэрбум цаг нислэг үйлдэгдсэн байна. Түүнчлэн сансрын хиймэл дагуулын байршил тогтоогч, радарын хяналт, нисгэгчийн бүхээгтэй шууд холбогдсон харилцаа холбоо зэрэг нь онгоцны нислэгийг илүү аюулгүй болгодог аж. “1950, 1960-аад оны үед 200 мянган нислэг тутамд нэг осол гарч байсан. Өнөө цагт онгоцны нислэг 10 дахин аюулгүй болж, ослын магадлал сая нислэгт нэг болж буурсан” хэмээн Боинг компанийн төлөөлөгч Жулие О’Доннел ярьжээ. Онгоцны нислэг аюулгүй болоход технологийн дэвшлээс гадна нисгэгчдийн ур чадвар дээшилсэн нь нөлөөлжээ. АНУ-ын “US Airways” компанийн “1549” нислэгийн нисгэгчид “Airbus A320” нисэх онгоцыг Нью-Йорк хотын Хадсон голд осолгүй газардуулж 155 хүнийг “аварсан” нь нисгэгчдийн ур чадварыг илтгэсэн маш том жишээ юм.
ЭДИЙН ЗАСГИЙН ҮЗҮҮЛЭЛТ
Нисэх онгоцоор жилд хоёр тэрбум орчим хүн зорчиж, бүс нутаг дамнасан бараа бүтээгдэхүүний экспортын 40 хувь нь тээвэрлэгддэг. Олон улсын жуулчдын 40 хувь нь нисэх онгоцоор зорчдог. Дэлхий дахинаа агаарын тээврийн үйлчилгээний шууд ба шууд бус орлого 2 их наяд 960 тэрбум ам.доллар буюу дэлхийн ДНБ-ны найман хувийг бүрдүүлдэг байна. Олон улсад 900 агаарын тээврийн компани үйл ажиллагаа явуулдаг. Эдгээрийн 25 хувь нь зорчигч болон бараа тээврийн үйлчилгээ үзүүлдэг бол 70 хувь нь агаарын үйлчилгээг ашиглан бизнес хийдэг байна.